Томуу, томуу төст өвчин гэж юу вэ?

Амьсгалын замын вирусын шалтгаант цочмог халдварт өвчнүүд нь Томуу ба Томуу төст өвчин,  ханиад шуухинаа гэсэн 2 том бүлэгт хуваагдана.

1.     Томуу- Инфлуэнза вирусээр үүсгэгддэг, амьсгалын цочмог халдвар, A, B, C хүрээний гэсэн 3 төрөл байна.

 

2.     Томуу төст өвчин буюу ханиад шуухинаа нь 200 орчим төрлийн вирусээр үүсгэгддэг байна.

Өөрөөр хэлбэл ханиад, томуу үүсгэдэг олон төрлийн вирус байдаг тул бага насны хүүхэд жилдээ ойролцоогоор 6-10 удаа энэ өвчнөөр өвчилдөг. Энэ нь хүүхдийн дархлалын тогтолцоо гүйцэт хөгжөөгүй байдагтай шууд холбоотой ба хүүхдийн нас томрохын хирээр өвчлөх нь багасаж, 6 нас хүрэхэд эрс цөөрнө.

Олон хүн нэг дор цуглахад буюу хүүхэд ясли, цэцэрлэг, сургуульд явдаг байх нь илүү олон удаа өвчлөх гол шалтгаан болдог.

Томуу, томуу төст өвчнөөс хүүхдээ хэрхэн сэргийлэх вэ

·         Халдвар амьсгалын замаас гадна өвчтэй хүний нус, цэр, шүлсээр дамжин халдварладаг тул хувийн ариун цэврийг сайтар сахиж, хоол хүнсийг амнаас аманд дамжуулахгүй байх, хүүхдийн аяга, халбагыг тусад нь хэрэглэх, гараа тогтмол угаах, ялангуяа ам, хамартаа хүрсний дараа бохир гараар хүүхдийн тоглоом, эд зүйлд хүрэхгүй байх,

·         Ханиаж, найтаахад вирус агаарт цацагдаж, / 1 найтаалтаар 40,000-аас илүү дусал агаарт цацагдаж, 7метр зайд халдвар тархдаг / халдвар тараадаг тул алчуур, салфеткаар ам, хамраа таглаж байх,амны хаалтыг тогтмол хэрэглэж, 2 цаг тутамд солих,

·         Эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэхээр очихдоо эцэг, эхчүүд өөрсдөө болон хүүхдэдээ амны хаалт зүүлгэж хэвших нь бусад өвчтэй хүнээс өөр төрлийн шинэ халдвар авч, дахин өвчлөхөөс сэргийлнэ,

·         Гараа тогмол савандаж угааж байх, угаах боломжгүй үед спиртэнд суурилсан гар ариутгагч хэрэглэж хэвших, нүд, хамар, амандаа бохир гараар хүрэхгүй байх,

·         Өвөл агаарын чийгшил багасч, нарны цацраг бага тусдаг нь томуугийн вирус үржих нөхцлийг бүрдүүлдэг тулгэртээ чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийж байх,

·         2 цаг тутам өрөө тасалгааны салхивчыг нээж агаарын солилцоо хийж байх,

·         Хүн олноор цугладаг үзвэр, үйлчилгээний газраар бага насны хүүхдийг дагуулан явахгүй байх,зайлшгүй тохиолдолд амны хаалт зүүлгэх,

·         Дархлаа сайжруулах цэгэн иллэг, массаж хийж хэвших, хүүхдийг аль болох идэвхитэй хөдөлгөөнтэй байлгах

·         Хүүхдийн насанд тохирсон илчлэг сайтай,аминдэмээр баялаг,  олон нэр төрлийн хоолоор хооллох,

·         Шингэн хангалттай хэмжээгээр уулгаж хэвших,

·         Бага насны хүүхдийг орой 22 цагаас өмнө унтуулж сургах,

·         Хамрын хөндий, хоолой, залгиураа давсны эсвэл содын уусмалаар зайлуулах,

·         Улиралд нь тохируулан дулаан хувцаслах,

·         Бага насны хүүхдийг дам тамхидалтанд өртүүлэхгүй байх

·         Өвчилсөн тохиолдолд эмчийн зааврын дагуу эмчилгээ хийж, гэрийн дэглэм сахин, бусдад халдвар тараахгүйн тулд олон нийтийн газраар явахгүй байх,

·         Оксолин, Вифероны тосыг хамрын дотор салстанд өдөрт 2-3 удаа түрхэх,

·         Өвчлөлд өртөмхий бүлэг болох бага насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, архаг хууч өвчтөй болон өндөр настай хүмүүс томуугийн вакцинхийлгэх зайлшгүй шаардлагатай.

 

Өвчтэй хүүхдийг хэрхэн асрах вэ?

 ·         Заавал эмнэлэгт хандан, эмчийн зааврын дагуу тохирсон эмчилгээг, заасан хоногоор бүрэн хийлгэх, хэзээ давтан үзүүлэх, хүүхдийн биеийн байдлыг хэрхэн хянах, асрах, яаралтай эмнэлэгт хандах шинжийн талаар эмчээс сайтар зөвлөгөөг авах,

·         Өвчилсөн үед гэртээ хагас хэвтрийн дэглэм сахих, өвчтэй хүнийг боломжийн хирээр гэрийн бусад гишүүдээс тусгаарлах,

·         Өвчтэй хүүхдийг илчлэг, тэжээл сайтай , насанд нь тохирсон хоолоор хооллох,

·         Өдөрт уух шингэний хэмжээг ердийхөөс нэмэгдүүлж буцалсан ус, цай, шингэн хярам, аньс, нэрс, чацарганы шүүс, рашаан зэргийг халуун бүлээнээр нь уулгах, Жишээлбэл: 10кг жинтэй хүүхэд хоногтоо 1 литр, 15кг жинтэй хүүхэд 1,2литр, 20кг жинтэй хүүхэд 1,5литр хүртэл шингэнийг уух шаардлагатай.

·         Халуун ваннд суулгах, дасгал хөдөлгөөн хийлгэх зэргээр хүүхдийг хөлөргөснөөр өөрийн дархлааг идэвхижүүлэх,

·         Хүүхдийн биеийн халуун суганд хэмжихэд 37,5 градусаас дээш бол халууралт ба энэ үед хүүхдийн хувцсыг нимгэлэх, биеийг хүйтэн бүлээн усаар арчих, толгойд нойтон алчуураар жин тавих, бүлээн шингэн уулгах зэрэг механик аргаар халууныг буулгах,

·         Харин 38,5 градусаас дээш үед өндөр халууралт гэж үзэх ба халуун бууруулах эмийг эмчийн зааврын дагуу насанд нь тохирсон тунгаар уулгана.

·         Хүүхдийн биеийн ерөнхий байдлыг сайтар хянаж, аюултай шинжүүдийг мэддэг байх. Тухайлбал:

-Хүүхэд уух буюу хөхөө хөхөх чадваргүй байх

-Хүүхэд уусан бүхнээрээ бөөлжих

-Хүүхэд унтаарсан буюу ухаангүй болох

-Хүүхэд татах

-Хүүхдийн амьсгал олшрох, амьсгал саадтай болох,

-Өмнө нь халуураагүй хүүхэд халуурах зэрэг шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлэгт яаралтай хандах шаардлагатай.