Буцах

"Эрүүл мэндийн тэгш байдал" хэлэлцүүлэг нийслэлийн бүх дүүрэгт боллоо.

“Тогтвортой хөгжил – 2030 хөтөлбөр”-ийг анх 2012 онд Рио Де Жанейро хотод улс орнуудын төрийн тэргүүнүүд оролцсон НҮБ-ын “Тогтвортой хөгжил” бага хурлын үеэр санаачилсан.

Тогтвортой хөгжлийн зорилго (ТХЗ) нь 2015 онд хэрэгжилтийн хугацаа нь дуусгавар болж буй “Мянганы хөгжлийн зорилтууд”-ын үргэлжлэл юм.

2015 онд НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулган болж, Тогтвортой хөгжлийн зорилтын 17 зорилго, 169 зорилтыг баталж, 2016 оны 01 дүгээр сарын 01-нээс “Тогтвортой хөгжлийн зорилго” (ТХЗ) албан ёсоор дэлхий нийтээр хэрэгжиж эхэлсэн.

Монгол улс тогтвортой хөгжлийн үзэл баримтлалаа 2016 онд УИХ-аараа батлан хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү үзэл баримтлал нь ДЭМБ-ын “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт”-ын зарчмыг дэмжин, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эрүүл мэндэд нөлөөлж буй нийгмийн хүчин зүйлсийг салбар дундын хамтын ажиллагааны үр дүнтэй, тогтвортой механизм дээр тулгуурлан шийдвэрлэхэд чиглэсэн байна.

ДЭМБ-ын санхүүжилтээр Эрүүл мэндийн тэгш бус байдал” төслийг Нийслэлийн Эрүүл мэндийн газар хэрэгжүүлэн ажиллаж байна.

Нийслэлийн 9 дүүрэг дээр энэхүү төслийн хүрээнд эрүүл мэндийн тэгш байдлын судалгаа хийж, төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллага, зарим хороо, өрхийн эрүүл мэндийн төвийн ажилтнууд, иргэний төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлгийг дүүрэгчилсэн байдлаар зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт ДЭМБ-ын мэргэжилтэн Б.Ганбат, ДЭМБ-ын богино хугацааны зөвлөх Л.Түвшинзаяа, НЭМГ-ын орлогч дарга Л.Зэндмаа, НЭМХ-ийн дарга О.Энхзаяа болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Хэлэлцүүлгийн үеэр эрүүл мэндийн тэгш бус байдлаар бодит байдалд тохиолдсон тулгамдсан асуудлыг тодорхойлон хэрхэн шийдвэрлэх арга зам, тухайн дүүрэгт тохиолдож буй онцлог зарим асуудлыг хэлэлцсэн байна.

Тус хэлэлцүүлэгт 300 гаруй төрийн албан хаагч, иргэний төлөөлөл оролцож өөрсдийн санал бодлоо хуваалцсан байна.