“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулахад анхаарч ажиллана

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал өнөөдөр “Өргөө” амаржих газарт боллоо. Энэ удаагийн хурлаар дамжуулан НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсээс “Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэхэд салбар дундын оролцоог нэмэгдүүлье” аяныг эрчимжүүлэх, “Эмнэлгийн халдварын хяналт ба сэргийлэлт” симпозиум, “Автомашингүй өдөр” арга хэмжээний талаарх мэдээлэл, “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах хүрээнд байгууллага, аж ахуйн нэгжид хепатитийн В, С вирүсийн эрт илрүүлгийг зохион байгуулах ажлын тухай танилцууллаа.

Хурлын хүрээнд НЭМГ-ын Статистик, мэдээллийн хэлтсээс 2018 оны эхний найман сарын байдлаар гаргасан эмнэлгийн тусламж, үйлчилгээний үзүүлэлт болон ӨЭМТ-үүдийг нийслэлийн нэгдсэн сүлжээнд холбож байгаа явцын талаар мэдээлэл өгсөн.

Мөн энэ өдөр “Оном” сангийн төслийн зохицуулагч Т.Хулан “Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар” хөтөлбөрийн явц, цаашдын үйл ажиллагааны талаар эмнэлгийн удирдлагуудад мэдээлэл хүргэсэн бөгөөд цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж, цахим программын тухай дэлгэрэнгүй байдлаар танилцуулсан юм.

НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар хурлын төгсгөлд цаашид авч хэрэгжүүлэх томоохон ажлуудын явц, хэрэгжилтийн байдалд анхаарч ажиллахын сацуу “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд иргэд олон нийтэд чиглэсэн мэдээлэл, сурталчилгааны ажлаа эрчимжүүлэхийг харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад даалгалаа.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР