Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын хөрөнгө оруулалтын хэрэгцээ шаардлагын судалгааг хүлээж авлаа

Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагийн санаачилгаар Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар нь Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дэмжлэгтэйгээр нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын барилга байгууламж, хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, хэрэгцээ шаардлагад судалгаа хийж, уг судалгааны тайлангаа өнөөдөр хүлээлгэж өглөө.

 

 

Судалгаагаар, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагын 47 эмнэлэг, 142 Өрхийн эрүүл мэндийн төвийн барилга байгууламжийн ашиглалт, инженерийн шугам сүлжээ, засвар үйлчилгээ, дотоод, гадаад тохижилт, тоног төхөөрөмжийн байдалд үнэлгээ хийж, өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, хэрэгцээ шаардлагыг тодорхойлон гаргажээ.

 

 

Дээрх судалгааны үр дүнгээр 2018-2022 онд нийслэлийн эрүүл мэндийн салбарт хийх шаардлагатай хөрөнгө оруулалтыг шалгуур үзүүлэлтүүдээр эрэмбэлэн тодорхой болгож, улмаар хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг оновчтой хийх ач холбогдолтой судалгаа боллоо гэдгийг Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа энэ үеэр дүгнэн хэлсэн юм.

 

 

Өмнө нь нийслэлийн боловсролын салбарт дээрх судалгааг хийж байсан бөгөөд судалгааны тайланг үндэслэж, 2019 оны улс, нийслэлийн төсөвт томоохон хөрөнгө оруулалтыг тусган ажиллаж байгаа билээ.

 

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР