Буцах

Хүүхдийн эмчилгээнд хэрэглэгдэх нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг гардуулж өглөө

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сангаас хамтран 2017-2021 онд хүүхэд хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Энэ хүрээнд өнөөдөр Эрүүл мэндийн яам, НҮБ-ийн Хүүхдийн сангаас амьсгалын замын цочмог халдвар, томуу, томуу төст өвчний үед хэрэглэх 107.000 ам.долларын үнэ бүхий зургаан нэр төрлийн 7132 ширхэг эм, тариа болон таван нэр төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг ЭХЭМҮТ болон дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд хуваарилан өглөө. Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, дэд сайд Л.Бямбасүрэн, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадорж, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч  Алекс Хайкенс болон Нийслэлийн Эрүүл мэндийн газар,  дүүргийн эмнэлгийн удирдлагууд оролцлоо.

 

Эрүүл мэндийн нэн шаардлагатай тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхдийн өвчний цогц менежментийг хэрэгжүүлэх чиглэлээр олон нийтийн тохиолдлын менежмент төслийг ЭМЯ, НҮБ-ын Хүүхдийн сангаас хамтран нийслэлийн Баянзүрх дүүрэгт хэрэгжүүлж байгаа юм.

Олон нийтийн тохиолдлын менежмент нь хүүхдийн зонхилон тохиолдох өвчний үед тэдний амь насыг аврах, эмчилгээнд цаг алдалгүй хамруулж эмчлэхэд чиглэсэн юм. Зөвхөн олон нийтэд эмчилгээний тусламж үзүүлэхээс гадна хүүхдийн өсөлт хөгжил, өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчний үеийн гэрийн асаргаа, аюултай шинж тэмдэг илэрсэн үед тусламж хайх зэрэг гэр бүлийн гишүүдийн зан үйл, дадалд дэмжлэг үзүүлнэ.

Ингэснээр хүүхдийг өвдсөн даруйд гарааны эмчилгээнд хамруулах, эдийн засгийн боломжоос үл хамааран гарааны эмчилгээг авах боломжийг бүрдүүлснээр бага насны хүүхдийн өвчлөл, эндэгдэл бууруулах боломжтой юм байна.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР