Буцах

Нийслэлийн Хүрээ амаржих газар 196 дугаар цэцэрлэгийн хүүхэд багачуудыг баярлууллаа

Нийслэлийн Хүрээ амаржих газраас түүхт 60 жилийн ойгоо угтан "Хөгжил-Хүндэтгэл" уриан дор зохион байгуулж буй ажлын хүрээнд өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 196 дугаар цэцэрлэгийн бага, дунд, ахлах бэлтгэл бүлгийн нийт 135 хүүхдийг хамарсан баярын өдөрлөг зохион байгууллаа.

Тус арга хэмжээний нээлтэнд нийслэлийн Хүрээ амаржих газрын Бодлого төлөвлөлт хариуцсан орлогч дарга Ж.Оюунцэцэг, 196 дугаар цэцэрлэгийн дарга Л.Байгаль нар болон бусад зочид төлөөлөгчид оролцлоо.

“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан тус дүүргийн алслагдсан зайд байрлалтай сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг баярлуулах, басхүү хүмүүнлэгийн ажил өрнүүлэхээр зорьсон энэхүү өдөрлөгийг нийслэлийн Хүрээ амаржих газраас анх удаа зохион байгуулж буй юм.

Өдөрлөгийн хүрээнд хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр багш, сурган хүмүүжүүлэгч нарт мэдээлэл хүргэсэн бөгөөд хүүхэд багачуудад амны хөндий болон гарын эрүүл ахуйн зөвлөгөө өгөх, зөв дадал хэвшилд сургах зэрэг олон талын сонирхолтой арга хэмжээ өрнөлөө. Мөн соёл урлагийн тоглолтонд оролцож, өөрсдийн авьяас билгээ гайхуулж бахархуулсан бяцхан багачуудыг шагнаж урамшуулжээ.

Нийслэлийн алслагдсан зайд байрлалтай тус цэцэрлэгт хүмүүжиж буй хүүхэд багачуудыг баярлуулж, гарын бэлэг болон хэрэгцээтэй эд зүйл гардуулах хүмүүнлэгийн ажилд Nestle, UFC group, Хүрээ амаржих газрын Улаан загалмайн хороо, Үйлдвэрчний эвлэлийн хороо, Нахиа, Фарм трейд зэрэг байгууллага, хувь хүмүүст амаржих газрын зүгээс талархал илэрхийллээ.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Монгол улсын хүн амын тоо