Буцах

Тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн үед хэрхэн ажиллах талаар сургалт хийлээ

Эрүүл мэндийн сайдын “Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” 11 дүгээр албан даалгаврын дагуу Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын А/86 дугаар тушаал батлагдсан билээ.

Энэ хүрээнд НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллагуудад дэмжлэгт хяналтыг хийлээ. Түүнчлэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн үед халдварын голомтонд хэрхэн ажиллах, тусгаарлах өрөөний бэлэн байдал болон хариу арга хэмжээг шуурхай гүйцэтгэх талаар гардан сургалтыг зохион байгууллаа.

Тус ажлын хүрээнд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн үеийн бэлэн байдал, багийн томилгоо, халдварт өвчнийг мэдээлэх журам, сэжигтэй өвчтөнийг тусгаарлах, халдвар хамгааллын дэглэм баримтлах заавар, эрсдлийн үнэлгээ хийх арга аргачлал, тарваган тахлын 1 дүгээр зэрэглэлийн хувцас өмсөж, тайлах дараалал, сорьц тээвэрлэх гурван савалгаат зарчим, урьдчилан сэргийлэлт, голомтын хариу арга хэмжээг зохион байгуулах, тарваган тахлын дархлаажуулалт, анхан шатны бүртгэл, дархлаажуулалтын дараах урвал хүндрэлийн тандалт сэдвүүдээр бодит тохиолдлоор жишээ авч, дадлага сургуулилтыг хийсэн байна.

Манай улсын 15 аймгийн 137 сум тарваган тахлын байгалын голомттой бөгөөд есөн аймгийн 25 сумдад хүний өвчлөл гарах эрсдэлтэй “А” зэрэглэлд хамаарагддаг байна.  

Энэ оны дөрөвдүгээр сард Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд тарваганы эд эрхтэнг түүхийгээр нь хэрэглэсний улмаас хоёр хүн тарваган тахлын үжил хэлбэрээр өвчилж, нас барсан нь тухайн өвчин улиралчлал хамаарахгүй гарах өндөр эрсдэлтэйг харуулж байгаа юм.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР