Буцах

Эрүүл мэндийн байгууллагууд баяр наадмаар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2019 оны “Баяр наадмын үеийн эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээ зохион байгуулах тухай” А/109 дүгээр тушаалын дагуу НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллагууд үндэсний их баяр наадмын  өдрүүдэд наадамчин олонд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа.

Тухайлбал, наадмын өдрүүдэд Хүй долоон худагт Нийслэлийн Түргэн тусламжийн төв, Төв цэнгэлдэх хүрээлэнд Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвүүд, Сүхбаатарын талбайд зохион байгуулагдсан “Улаанбаатарын үдэш - Эх орноо хамтдаа дуулья” цэнгүүнд Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв, Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулагдсан “Наадам night” цэнгүүнд Энэрэл эмнэлэг тус, тус эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээг үзүүлж ажилласан байна.

Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн үндэсний их баяр наадмаар иргэд, наадамчин олонд үзүүлэх эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээнд давхардсан тоогоор нийт 62 эмч, эмнэлгийн ажилтан, эмнэлгийн зориулалтын тоноглогдсон 13  автомашинтайгаар ажиллажээ.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 5, 13 дугаар хаалга орчим, Сурын талбайд наадамчин олонд яаралтай тусламж үзүүлэх цэг ажиллуулсан бөгөөд нийт 142 хүнд үзлэг хийж, 73 хүнд яаралтай тусламж үзүүлсэн байна.

Хүй долоон худагт Нийслэлийн Түргэн тусламжийн төв долдугаар сарын 10-наас 13-ны өдрүүдэд 24 цагийн турш яаралтай тусламжийн цэг нээн ажиллуулж, эмнэлгийн тусгай зориулалтын тоноглогдсон 8 автомашинтайгаар хурдан морины унаач хүүхдүүдэд уралдааны замд, Хүй долоон худаг, Эмээлт, 361-ын гарам орчмын наадамчдаас ирүүлсэн гэнэтийн өвчлөлийн болон авто замын ослын дуудлага зэрэгт үйлчилсэн бөгөөд нийт 95 дуудлага авч, 73 хүнд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж, 3 хүнийг эмнэлэгт хүргэж үйлчиллээ.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нар энэ өдрүүдэд Хүй долоон худагт наадамчин олон, хурдан морины унаач хүүхдүүдэд эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээг хэрхэн үзүүлж байгаатай газар дээр нь очиж танилцсан байна.

 

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР