Буцах

УЛИРЛЫН ТОМУУГИЙН ЭСРЭГ ДАРХЛААЖУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ

Жил бүрийн хавар намар уламжлал болгон зохион байгуулдаг “Дархлаажуулалтын 10 хоног”-ийг “Томуугаас сэргийлье” уриан дор энэ сарын 04-17-ны өдрүүдэд улс орон даяар зохион байгуулж эхэллээ.

Энэ хүрээнд эрүүл мэндийн байгууллагын ажилтан, зорилтот бүлгийн хүн ам /жирэмсэн эмэгтэйчүүд болон 65-аас дээш насныхан, архаг суурь өвчтэй иргэд/, нийслэл болон сонгогдсон аймгийн цэцэрлэгийн хүүхдийг тархвар судлалын заалтын дагуу улирлын томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулна.

БНСУ-ын “Green Cross” үйлдвэрийн томуугийн эсрэг (GC FLU) вакцин нь томуугийн вирусын эсрэг бие (антиген)-ийг идэвхигүйжүүлэн гаргаж авсан Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын гэрчилгээтэй вакцин юм.

Улирлын томуугийн дархлаажуулалтыг дүүргийн Эрүүл мэндийн төв болон Өрхийн эрүүл мэндийн төв, нийслэлийн цэцэрлэгүүдэд хийнэ. Мөн сайн дурын дархлаажуулалтыг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Сайн дурын дархлаажуулалтын  кабинетад хийж байна.

Вакцин хийлгэхээс өмнө эмчийн үзлэгт заавал хамрагдах бөгөөд жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд томуугийн эсрэг вакцинд хамрагдах боломжтой юм.

Вакцин хийлгэсний дараа хэсэг газар улайх, хавдах, өвдөх болон халуурах, чичрүүдэс хүрэх, толгой өвдөх, ядарч сульдах, бөөлжих зэрэг хариу урвал илэрч болно. Харин ховор болон маш ховор тохиолдох урвал, хүндрэл илэрсэн тохиолдолд эмчид хандахыг зөвлөж байна.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Монгол улсын хүн амын тоо