Буцах

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний дэвшилтэт техник, технологийг танилцуулж байна

Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, “Мишээл экспо олон улсын үзэсгэлэн худалдааны төв, Монголын эмнэлгийн инженерчлэлийн нийгэмлэг, Монголын эмзүйн байгууллагуудын нэгдсэн Эм холбооноос хамтран “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ-2019” үзэсгэлэнг энэ сарын 04-06-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 24 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого”-ын 2.4.5.6-д заасан “Эрүүл мэндийн технологийн чиглэлээр хөрөнгө оруулалт хийх, хамтарсан үйлдвэр байгуулах, ноу, хау зэрэг дэвшилтэт технологи нэвтрүүлэх үйл ажиллагааг дэмжих” зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд тус үзэсгэлэнг өдгөө 21 дэх удаагаа зохион байгуулж буй ажээ.

“ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ-2019” үзэсгэлэнгийн зорилго нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний дэвшилтэт техник, технологийн талаар олон нийтэд танилцуулан сурталчлах, мөн төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох нөхцөл бололцоог бүрдүүлэх юм.

Тиймээс гадаад улсад өндөр өртгөөр оношилж эмчилдэг өвчнийг эх орондоо оношилж эмчилдэг болгох, эрүүл мэндийн салбарын хувьд дэлхийд тэргүүлэх хэмжээний  эм болон эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид иргэд, олон нийтэд технологийн дэвшлийг танилцуулахаар зорьжээ.

Мөн энэхүү үзэсгэлэнд оролцож буй иргэдэд зориулан ЭМЯ, НЭМГ-ын харьяа эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд 12 нэр төрлийн үзлэг оношилгоо, зөвлөгөөг үнэ төлбөргүй хийж байгаа юм.

Дашрамд дуулгахад, өндөр хөгжилтэй орнуудын анагаах ухааны шинэ техник, дэвшилтэт технологи, стандартыг тэргүүлэх загвар болгон өөрийн оронд нэвтрүүлж, нутагшуулснаар эмчилгээ, үйлчилгээний бусад салбарууд нь хөгждөг байна. Тухайлбал эмнэлгийн техник, технологийн дагуу эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүдээс гадна эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд суралцан өндөр технологи, арга зүйг эзэмшиж, улам бүр чадварждаг юм байна.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Монгол улсын хүн амын тоо