Буцах

Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа эрүүл мэндийн салбарт авч хэрэгжүүлсэн ажлуудаа танилцууллаа

НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар баталсан “Нийслэлийн эрүүл мэнд” дэд хөтөлбөрийн хүрээнд нийт найман чиглэлээр зорилтоо тодорхойлж, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын барилгыг үе шаттайгаар шинэчлэх, засварлах ажлуудыг хийж байна.

Тухайлбал Нийслэлийн шүд эрүү нүүрний төв, Багахангай дүүргийн Эрүүл мэндийн төв шинэ байртай болсон. Удахгүй СХД-ийн нэгдсэн эмнэлэг, Хүрээ амаржих газар, Туул тосгоны Эрүүл мэндийн төв шинэ байртай болно. Мөн эмнэлгийн тусламж, үйлчилгээний нэр, төрлийг нэмэгдүүлэх үүднээс тоног төхөөрөмж, автомашинаар хангах ажлыг тогтмол хийж байна.

Улсын лавлагаа шатлалын эмнэлгүүдэд нийслэлээс гадна орон нутгийн иргэд түлхүү үйлчлүүлдэг учир ачаалал их. Энэ ачааллыг бууруулах зорилгоор 2017 оноос эхлэн Баянгол, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт Гэмтэл, мэс заслын тасгийг шинээр нээн иргэдэд тусламж, үйлчилгээг үзүүлж байна. Мөн энэ онд багтаан Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт тус тасгийг нээхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

Нийслэлийн хэмжээнд бүх дүүргийн эмнэлэгт хавдрын хөнгөвчлөх, өдрийн хими эмчилгээ болон гемодиализийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг боллоо.

ТИКА олон улсын байгууллагын буцалтгүй тусламжаар 10 жишиг Өрхийн эмнэлэг байгуулах гэрээ хийснээс гурвыг нь ашиглалтад орууллаа.

Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр СХД-ийн жишиг нэгдсэн эмнэлгийн барилгыг ирэх 2020 оны нэгдүгээр улиралд ашиглалтад оруулна. Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт ч мөн ийм жишиг эмнэлэг бариулах саналаа ЭМСХХ-6 төсөлд тусгуулж, Засгийн газрын хурлаар амжилттай батлагдсан.

Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед бэлэн байдлыг хангаж ажиллах хүрээнд өнгөрсөн жилүүдэд хүүхдийн эмнэлэг болон орны тоог тогтмол нэмэгдүүлж чанар, хүртээмжийг сайжруулах зорилт тавин ажилласан.

Тухайлбал 2016 онд нийслэлийн хэмжээнд хүүхдийн 789 ор ажиллаж байсан бол, 2018 онд 977, 2019 онд 1053 болж өссөн байна. Улмаар ирэх 2020 онд хүүхдийн орны тоог 1283 буюу өмнөх үеэс 63 хувиар нэмэгдүүлж ажиллахаар төлөвлөж байна.

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар нийслэлийн Баянзүрх, Налайх дүүрэгт 50 ортой, Баянгол дүүрэгт 100 ортой хүүхдийн эмнэлгийг барьж ашиглалтад орууллаа. Яармагт баригдаж буй нийслэлийн Эх, хүүхдийн 300 ортой эмнэлгийг мөн ирэх 2020 оны нэгдүгээр улиралд ашиглалтад оруулна.

Өдгөө нийслэлийн 152 хороонд 134 Өрхийн эрүүл мэндийн төв, нийт найман 8 салбартайгаар иргэдэд анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Бид өрхийн эмнэлгийн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр олон ажил төлөвлөн хэрэгжүүлж байна.

Тухайлбал жил бүр өрхийн эмнэлгийг шинээр барих, завсар хийх, тоног төхөөрөмжөөр хангах, үр дүнгийн урамшуулалд хамруулах ажлыг хийж байна. 2017-2019 онд нийт 120 Өрхийн эрүүл мэндийн төвд засвар хийсэн. Мөн энэ хугацаанд нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүх ӨЭМТ-г хангасан.
Нийслэлийн хөрөнгө оруулалтаар ЭХЭМҮТ, ГССҮТ, УНТЭ, УХТЭ, УГТЭ, ХӨСҮТ, ХСҮТ болон Өргөө, Амгалан амаржих газар, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, Хан-Уул дүүргийн салбар нэгдүгээр амбулатори, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв зэрэг зарим дүүргийн эмнэлгийн гадна орчны тохижилтыг сайжруулж, автомашины зогсоол байгуулсан.

Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг үйл ажиллагааны үр дүнгээр урамшуулах, гадаад дотоодын мэргэжил дээшлүүлэх сургалтад явуулж, ажлын байран дээр нь чадавхжуулах гэх мэт олон ажлыг хийж байна.

/Нийслэл хот 380" сэтгүүлд өгсөн ярилцлагаас эш татав/

Монгол улсын хүн амын тоо