Буцах

Эрүүл мэндийн байгууллагууд томуу, томуу төст өвчний үеийн бэлэн байдлыг хангаж ажиллана

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал өнөөдөр боллоо. Энэ удаагийн хурлаар ЕБС-ийн 4, 5 дугаар ангийн хүүхдийн дундах “Нийслэлийн шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн”-ий зохион байгуулалт, “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, “Эрүүл залуус аян”-ы захирамж, тушаалыг танилцууллаа.

Мөн томуу, томуу төст өвчний тандалт, цаг үеийн мэдээллээс гадна харьяа эрүүл мэндийн байгууллагуудад ирэх 2020 онд хийгдэх хөрөнгө оруулалтын ажлын талаар мэдээлэл хүргэж, өмнөх хурлаар өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийн талаар холбогдох хэлтсүүдийн зүгээс танилцуулсан юм.

Хурлын хүрээнд АШУҮИС-ийн тэнхмийн эрхлэгч, Анагаах ухааны доктор Ч.Баттогтох MRSA-ийн мэдээлэл хийсэн бөгөөд НЭМГ-ын зүгээс эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой тулгамдсан асуудал, авч хэрэгжүүлж байгаа ажлын үр дүн, зохион байгуулалтын явц, үүрэг даалгаврын хэрэгжилтийн талаар хэлэлцлээ.

Түүнчлэн НЭМГ-ын орлогч дарга Л.Зэндмаа “Эрүүл иргэн” болон “Элэг бүтэн Монгол” аяны хэрэгжилтийг сайжруулж, иргэдийн хамрагдалтыг нэмэгдүүлэх, мөн “Нийслэлийн иргэдэд үзүүлж буй мэс засал, гэмтлийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, цаашдын зорилт” сэдэвт зөвлөлдөх уулзалтын хүрээнд гаргасан тэргүүлэх чиглэл, хамтран ажиллах саналыг ирүүлэх, Өрхийн эрүүл мэндийн төвд жирэмснээс хамгаалах эм хэрэгслийг татан авах, “Жирэмсний хяналт, нөхөн үржихүйн эрүүл мэндийн нэг цэгийн үйлчилгээ”-ний журмын хэрэгжилтэд хийсэн үнэлгээний зөвлөмж, “Нэг хот-Нэг стандарт” зөвлөгөөний хүрээнд гаргасан удирдамжийн дагуу эрүүл мэндийн байгууллагуудын хашаа, хайс, хашлаганд тавигдах стандарт шаардлагыг мөрдөх, томуу, томуу төст өвчний үеийн бэлэн байдлыг хангах, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх болон хордлогын үед анхны яаралтай тусламж үзүүлэх зөвлөгөө мэдээллийг иргэдэд хүргэх, хордлогод өртөж эмчлүүлсэн иргэдийг гэрээр хяналт хийх ажлыг сайжруулах, үүрэг даалгаврын биелэлтэд анхаарч ажиллахыг эмнэлгийн дарга нарт даалгалаа.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР