Буцах

Хавдрыг ялсан харишгүй сэтгэлтэн


ОВОГ НЭР:

Д.Өлзиймаа



АЖЛЫН ГАЗАР:

БЗД-ийн 26-р хорооны Тэгш дүүрэн хүслэн өрхийн эрүүл мэндийн төв



ТОВЧ НАМТАР:
Баянхонгор аймагт төрсөн.


БОЛОВСРОЛ:
1985 онд сувилагчийн сургууль, 1989 онд Анагаах ухааны дээд сургуульд элсэн орж, 1996 онд хүүхдийн эмч болсон.


ГАВЬЯА ШАГНАЛ:
Цагаан сүлд одон, Өрхийн алдартан, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан

Хүн бүрт өөрийн гэсэн нандин, эсрэгээрээ хар бараан түүх, дурсамж байдаг. Харин уншигч танд өнөөдөр хэцүү бэрхийг даван туулж, гайхалтай түүхийг бүтээж чадсан бодит жишээг хүргэх гэж байна. Энэ хүн бол Дашийн Өлзиймаа. Тэрбээр Баянхонгор аймагт төрж өссөн нэгэн.  Түүнд эмч болох хүсэл эрмэлзэл байвч тухайн үеийн боломж нөхцөл нь хязгаарлагдмал байсан юм. Тиймээс л ерөнхий боловсролын сургуулиа дүүргээд шууд л аймгийнхаа хүүхдийн больницад асрагчаар ажилд оржээ. Сургуулиа дөнгөж төгссөн охинд асрагчийн ажил тийм ч амар даваа байсангүй. Гэсэн ч тэр хоёр жил хоол зөөгч, асрагчаар ажиллаж, 1985 онд сувилагчийн сургуульд элсэн орж, төрөлх нутгийнхаа хүүхдийн эмнэлэгтээ очин ажилласан гэх. Ингэж явсаар эмч болох хүсэлдээ хөтлөгдөн 1989 онд Анагаах ухааны дээд сургуульд элссэн байна. 1996 онд хүүхдийн эмч болж, ажлын гараагаа Чингэлтэй дүүргийн хуучнаар 3-р төвд өрхийн эмч болон эхлүүлжээ. Үүний дараа БЗД-ийн 10-р төвд ажиллаж байгаад өрхийн эмнэлэг байгуулагдахад тийшээ шилжсэн байна. Тэрбээр "Тухайн үед БЗД-ийн 2-р хороонд 71-р дэлгүүр гэж байсан. Тэр дэлгүүрийн хоёр өрөөг түрээслэн өрхийн эмнэлгийн үйл ажиллагааг эхлүүлж байлаа. Гурван эмч, гурван сувилагчтай дэлгүүрийн агуулах шиг л хоёр өрөөнд очсон. Тухайн үеийн орчин нөхцөл одоо бодох нь ээ хэцүүхэн байсан. Гэхдээ эрүүл мэндийн үйлчилгээ иргэдэд ойр болсон учраас хүмүүсийн талархсан сэтгэлээр урам зориг авдаг байлаа. Ингээд 2000 онд 2-р хороо байсан газарт өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсэг орохоор болж, 4*4 харьцаатай гэмээр өрөөнд олуулаа суухаас өөр аргагүйд хүрсэн юм. Сүүлдээ цагдаагийнхантайгаа ярьж байгаад саад болоод байсан цахилгааны шонг холдуулж, байшингаа өргөтгөж, таван өрөөтэй болгож чадсан. Түүнээс хойш үйл ажиллагаа жигдэрсэн дээ” хэмээв.

Тэрбээр өөрийгөө шаггүй зарчимч гэж тодорхойлсон. Учир нь хамт олон нь соц нийгмийн үеийн диктатур Өлзиймаа эмчээс үнэртдэг гэв. Энэ нь цагийн юмыг цагт нь гэж шаарддагаас болсон байж болох юм.  Тэрбээр хэлэхдээ “Сүүлийн үед залуучуудад шаардлага тавихдаа хэтэрхий их хэлээд үглээд байна уу даа гэж боддог болоод байна” гээд инээвхийлэв.  Энэ зарчимч зантай нь холбоотой бяцхан түүх бий. “Анх өрхөд ажиллаж байхад манай дарга өвчтөн үзэхгүйгээр ажил үүргийн хуваариас өөрийгөө хасуулчихсан. Ер нь бол бид нарын ажил дээр нэмээд хуваарилачихлаа гэсэн үг. Тэгэхээр нь би та хүнээ үзэхгүй юу хийх  гэж байгаа юм, тэгээд яаж цалин авах гээв гээд шууд хэлчихсэн. Тухайн үед би байгууллагынхаа дотоод хяналтыг давхар хариуцаж байсан юм. Тэр үед шууд хэлээд ажлыг нь өөрт нь буцаасан. Ийм нэг хөгжилтэй ч гэх үү, хүндхэн ч гэмээр юм уу зүйл тохиолдож байлаа” гэж дурсан ярилаа. Түүнийг ажихад аядуу зөөлөн яриатай, төлөв харцтай, уяхан хүн шиг санагдана. Басхүү халимаг үс нь өөрийг нь чимдэг гэлтэй.

Тэрбээр гэрийн сайн эзэгтэй. Хоол хийх, гэрээ цэвэр, цэмцгэр байлгах дуртай гэх.  Хүний хийсэн хоолыг төдийлөн таашаадаггүй өвөрмөц дуршилтай гэхэд болно.

Өлзиймаад нэгэн хүндхэн явдал 2008 онд тохиов. Учир юу вэ гэвээс түүний нүд нь гэнэт юм харахаа байж. Нүдээ үзүүлтэл ямар ч асуудалгүй гэсэн байна. Харин цааш лавшруулан үзлэг, шинжилгээ хийлгэхэд харамсалтай мэдээ түүнд дуулгажээ. Энэ нь өнчин тархины хавдар гэсэн онош байлаа. Ийм мэдээ сонссон хүний сэтгэл санаа ямар байх нь ойлгомжтой. Үүний дээр зүүгээр шивж байгаа юм шиг өвдөлт тархинд нь мэдрэгдэж байсан гэх. Харин тэрбээр энэ бүхнийг сайн эмч, сайн хань, өөрийн тэвчээр, зоригийн ачаар давж чаджээ. Эхний ээлжинд хөх хотод гамм туяа эмчилгээнд орж, дараа нь Солонгос улсад мэдрэл сэргээх уламжлалтын зүү эмчилгээ хийлгэсэн байна. Түүний хэлснээр “Бүх зүйл сайхан болно, эдгэрнэ гэсэн өөдрөг бодолтой байснаар эрүүлжиж чадна. Би ийм бодол, сэтгэлтэй байсан учраас эдгэрч чадсан. Намайг сувилагч байхад хүнд хүүхдүүд ирдэг байсан. Гэхдээ зарим эцэг эхчүүд хүүхэд нь хичнээн муу байлаа ч хүүхэд маань сайн сайхан болж байна гэсээр байгаад сэргээд ирдэг. Монголчууд бид чинь амны билгээр гэж ярьдаг шүү дээ. Тиймээс эерэг сайхан бодлоор л өөрсдийгөө цэнэглэж байх нь зүйтэй” гэв. Энэ тухайгаа дурсахдаа нүдэнд нь баяр, гунигийн нулимс цийлэгнэж харагдсан юм. Ямар их тэсвэр тэвчээр, хатуужил, зориг шаардсан бол гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байлаа. Нээрэн л эерэг бодлоор өөрийгөө жигүүрлэж чадсан энэ бүсгүй хавдрыг ялан дийлсэн гайхамшигтай олон түүхийн зөвхөн нэг жишээ.  Сэтгэлийн тэнхээгээр мянгыг давна гэдэг л энэ байх.

Өлзиймаа улсад нийтдээ 28 жил хүчин зүтгэжээ. Үүнийг нь төр засгаас үнэлж Цагаан сүлд одон, Өрхийн алдартан, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан зэргээр шагнан урамшуулж байжээ. Ийм нэгэн сэтгэлийн тэнхээтэй, чадалтай, чадвартай эмч одоо БЗД-ийн 26-р хорооны Тэгш дүүрэн хүслэн өрхийн эрүүл мэндийн төвд ажилласаар байна.

 

Монгол улсын хүн амын тоо