Буцах

Шавилхан биетэй Шавдаа

ОВОГ НЭР:
О.Золзаяа
АЖЛЫН ГАЗАР:
БЗД-ийн ЭМТ
ТОВЧ НАМТАР:
1986 онд Ховд аймгийн Жаргалант суманд айлын том охин болон мэндэлжээ.
БОЛОВСРОЛ:
ГАВЬЯА ШАГНАЛ:

Шавилхан биетэй, шаггүй авьяастай, алаг нүдэн нэгэн охиныг нутгийнхан нь Шавдаа хэмээн өхөөрдөнө. Энэ нэрэндээ ч тэрбээр дуртай бас хайртай нь ярилцан суухад мэдрэгдэж байв. Учир нь тэрбээр багаасаа дуу хөөрөөр өөрийгөө хөглөн байшингийнхаа хажуу дахь амбаараар тайз хийн тоглолтоо тавьдаг байсан гэх. Түүнийг Олдохын Золзаяа гэдэг. 1986 онд Ховд аймгийн Жаргалант суманд айлын том охин болон мэндэлжээ. Тэрбээр аймгийнхаа 3-р сургуулийг 2004 онд төгсөн 2005 онд ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуульд элсэн орж, 2009 онд сургуулиа дүүргэжээ.

Золзаяа багаасаа тоо, физик, хими, геометрийн хичээлдээ сонирхолтой байж. Энэ нь ч нягтлан бодохын чиглэлээр мэргэжил эзэмшихэд ихээхэн нөлөөлсөн байна. Түүний ажлын гараа нь 2010 онд Оюу мандал ХХК-д ресепшн дараа нягтлан бодогч болсноор эхэлжээ. Энэ газар ажиллаж байхдаа тэрбээр аливаа ажлыг хойшлуулахгүй цаг тухайд нь хийх ёстой гэдгийг сурсан байна. Үүний дараа Ховдын өргөө ХХК, Анд Сөүрвэй уурхайн компанид ажиллаж байгаад 2015 онд БЗД-ийн Төрийн санд төрийн албан хаагч болохоор анкетаа өгчээ. Ингээд түүнд тус дүүргийн нэгэн цэцэрлэгт няраваар ажиллах санал ирсэн ч татгалзсан байна. Харин дараа нь хонхорын сургууль, БЗД-ийн ЭМТ-д ажлын байрны орон тоо гарсан гэх мэдээг Төрийн сангаас дуулгажээ. Тэрбээр хэлэхдээ “Санал ирсэн хоёр газраас ЭМТ дээр шалгалт өгөхөөр сонгож, шалгалтандаа ч тэнцсэн. Тухайн үед төвийн дарга Тамир гэж хүн байсан. Шалгалтаа өгчихөөд 10-аад хонож байхад эрүүл мэндийн төвөөс сураг алга. Тэгэхээр нь хариу хүлээж тэсэхгүй шууд хүрээд ирсэн. Тэгээд л маргаашнаас ажилд ор гээд 3-р сарын 18-нд ажлаа авч байлаа” гэж хуучлав.

Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа хүн бүр хүний эрүүл мэнд, амь насыг сахин хамгаалахад гар бие оролцох нь зүйн хэрэг. Тийм ч учраас эмнэлгийн үйл ажиллагааг таслахгүй байхад анхаарч ажилладаг гэдгээ тэрбээр дуулгасан. “Нягтлангууд бид байхгүй гэж суух эрхгүй. Яаж ийгээд зохицуулах л хэрэгтэй. Нягтлан бодохын зарчим нь төсвийг үр ашигтай зарцуулж, байгууллагынхаа хэрэгцээг хангах явдал. Эмнэлгийн хувьд багаараа ажилладаг учраас хүн бүр хариуцсан ажлаа цаг тухайд нь хийчихэд асуудал гарахгүй. Маш их хариуцлагатай байх хэрэгтэй. Нэг орон, таслал, цэг андуурах эрх бидэнд байхгүй. Андуурсан тохиолдолд бүх зүйл өөр гарч, орвонгоороо эргэх эрсдэлтэй” гэв.

Тэрбээр оюутан байхдаа Зориг сангийн тэтгэлэгт хамрагдахын тулд сургуулиудын хүүхдүүдтэй нийлж, нэг айлыг орлоготой болгох төсөл бичсэн нь амжилттай болж, Авьяас залуу үе хүрэл медаль хүртэж байжээ. Мөн МЗХ-ны Тэргүүний залуу алтан медаль, Сангийн яамны жуух бичиг тэргүүтнээр энгэрээ мялааж байсан юм.