Буцах

Эрүүлийг хамгаалахын тэргүүн фронтод хүчин зүтгэсэн 39 жил...

ОВОГ НЭР:
Г.Цогзолмаа
АЖЛЫН ГАЗАР:
БЗД-ийн 5-р хорооны ӨЭМТ
ТОВЧ НАМТАР:
БОЛОВСРОЛ:
ГАВЬЯА ШАГНАЛ:

Ард олны эрүүлийг хамгаалах энгүй үйлсийн төлөө тэргүүн фронтод 39 жил зүтгэж яваа нэгэн бүсгүйг БЗД-ийн 5-р хорооны иргэд андахгүй. Шавилхан биетэй ч шаггүй эмч гэдгээ батлан өдгөө салбартаа түүчээлэн яваа Цогзолмаа гэх энэ бүсгүй Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 1956 онд малчин ард Гонийн гэрт төрж өсчээ. Бага насаа эцэг эхийн гар дээр мал даган өнгөрүүлсэн сэргэлэн, цовоо охин Алтай хотын 1-р 10 жилийн сургуулийн манлай сурагч байсан хэдий ч анагаахын дунд сургуулийн лабораторийн ангид хуваарилагдсан байна. Сургуулиа төгсөөд төрөлх нутгийнхаа аймгийн нэгдсэн эмнэлгийн лаборантаар есөн жил ажилласан гэх. Ингээд багынхаа хүсэл мөрөөдлөөр жигүүрлэн эмч болохоор дахин конкурс өгсөн байна. Энэ тухайгаа “Эмч болох хүслээ биелүүлэхийн тулд 27 настайдаа Анагаах ухааны дээд сургуульд шалгалт өгөөд тухайн үед 29 хүнээс 1-р байранд орж, эмчилгээний ангийг авсан. Хүсч, хүлээж байж эмч болсон учраас мэргэжилдээ эзэн болохыг үргэлж хичээж, эрмэлзэж, суралцсаар явна. Хичээл зүтгэлийнхээ ачаар үр ашгийг нь хүртэж явна” гэдгээ хэлж байлаа.

Малчин ард Гонь гуай Цогзолмааг “Миний охин нүүрийн буянтай шүү” хэмээн үргэлж хэлдэг байж. Нээрээ л түмнийхээ дунд нэрээ цуурайтуулж, түшиг тулгуур, багана нь болон яваа охиныхоо хувь заяаг яггүй хөгшин тольдож байсан гэлтэй.

Тэрбээр 1992 онд сургуулиа төгсөж, хотын түргэн тусламжид хоёр жилийн хугацаанд ажиллажээ. Харин 1994 оноос эхлэн хуучнаар Найрамдлын районы хэсгийн эмнэлэгт ажилд орсноосоо хойш өдгөө 25 дахь жилдээ одоогийн өрхийн эрүүл мэндийн төвтэй амьдралаа холбон аж төрж байна.

Г.Цогзолмаа нь төрөлх аймгийнхаа эмнэлгийн лабораторт ажиллаж байхдаа ДОХ, тэмбүү устгах ажилд гар бие оролцож байжээ. Үүний дараа нь нийслэл хотынхоо түргэн тусламжид ажиллах хугацаандаа ноцтой хүндрэлүүдтэй учирч байсан туршлагатай нэгэн. Өөрөөр хэлбэл эрүүлийг хамгаалах үйлсийн тэргүүн фронтод насаараа хүчин зүтгэж байгаа гэсэн үг. Энэ сацуу мэдлэг, мэргэжлээ дээшлүүлж,  ахлах, тэргүүлэх зэрэг, клиникийн профессор болтлоо өсөн дэвжсэн байна. Түүний ажил хөдөлмөрийг төр засгаас үнэлж, Эрүүлийг хамгаалах тэргүүний ажилтан, Алтан гадас одон зэргээр шагнажээ.

Тэрбээр хэлэхдээ “БЗД-ийн 5-р хорооны хүмүүс байтугай нохой нь хүртэл намайг андахгүй” хэмээн хошигнож байсан нь иргэдийнхээ дунд нэр хүндтэй, түмэндээ танигдсан гэдгийг нь нотлох мэт. Одоо ч хүртэл өрхийн ЭМТ-өөр үйлчлүүлж байгаа эцэг эхчүүдийн дунд багадаа “Цогзолмаа эмчид үзүүлдэг байсан. Харин өнөөдөр хүүхдээ аваад ирж байна” гэх хүн цөөнгүй байдаг гэдгийг тэрбээр онцолж байлаа. Тэрбээр БЗД-ийн Хасагт эрдэнэ өрхийн эрүүл мэндийн төвийг удирдахдаа таван удаа магадлан итгэмжлэлд оруулж, байгууллагын нэр хүндийг өргөж ажиллажээ.

Эмч, эмнэлгийн мэргэжилтэн байна гэдэг хамгийн сайхан мэдрэмж байдаг болов уу гэсэн бодол түүнтэй ярилцаж байх зуур төрснөө нуух юун. Хүмүүний биеийг олж төрсөн тэргүүн заяаг авч явахын учир нь эрүүл байж, урт удаан наслах явдал. Тиймээс ч өвчин эмгэг туссан нэгнийг нь энэрэн асарч, зөвлөж, эмчилж, басхүү өвчлөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх ач буянтай хүн бол яахын аргагүй эмч та билээ. Түүний хэлснээр “Өрхийн эмч нар өтгөс, нялхас, жирэмсэн гээд бүхий л хүнд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж, эмчилж байна. Харин сүүлийн үед залуу эмч мэргэжилтнүүд мэдлэгээрээ гологдохгүй, сайн боловсон хүчин болж гарч байгаа ч харилцаа хандлагаа л анхаарах хэрэгтэй гэж санагдах боллоо. Хамгийн гол нь хүний төлөө гэсэн сэтгэлээр, ёс зүйтэй ажиллаж гэмээнэ тэр сайн эмч мэргэжилтэн болон төлөвшинө гэсэн үг. Олон жил ажиллаад ирэхээр аяандаа сэтгэл зүйчийн дайтай болчихдог юм байна. Хүний харц, хоолойн өнгөөр  шинжиж, тохирсон  аясаар харьцах чадвартай зөвлөгч, сургагч, сэтгэл зүйч болдог” гэж хэлсэн. Энэхүү үнэтэй зөвлөмжийг дан ганц эмнэлгийн ажилтнуудад бус ирээдүй хойчийн бүхий л салбарын боловсон хүчинд хандаж надад хэлсэн үгээрээ дайж буй мэт сэтгэгдэл төрсөн юм.

Тэрбээр олон эмчийг мэдлэг, мэргэжлээ дээшлүүлэхэд түлхэц болсон ачтай нэгэн. Түүнд гарын 18 шавь байгаа гэлээ. Бүгд л салбартаа манлайлал болж, түүчээлэн явааг харахад бахдалтай байдаг тухайгаа дурссан. Ийм нэгэн сэтгэл зүрхээрээ мэргэжилдээ дурлаж, түмнээ энэрэн яваа эмч таны алдрыг бахдаад ханашгүй.