Буцах

Түмэндээ хүндлэгдсэн түшигтэй сувилагч

ОВОГ НЭР:
Л.Цэрэнбалжид
АЖЛЫН ГАЗАР:
БЗД-ийн 16-р хорооны ӨЭМТ
ТОВЧ НАМТАР:
БОЛОВСРОЛ:
ГАВЬЯА ШАГНАЛ:

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт “Салбан хар” гэгч хочтой нэгэн охин байжээ. Түүнийг ийн нэрлэх болсны учир нь морин дэлэн дээр салхи татуулан давхисаар явааг нь нутгийн хөгшчүүд хараад өхөөрдөн хочилсон нь энэ ээ. Түүнд эцэг эх нь Цэрэнбалжид гэсэн алдар хайрласан ч “Салбан хар” гэдгээрээ нутаг усныхандаа дуудагддаг байсан гэх. Тэрбээр 1962 онд малчин ард Лхүнрэвын удаах охин болон мэндэлсэн байна. Түүний аав нь улсын аварга малчин, аймгийн алдарт уяач байв. Бүхий л зүрх, сэтгэл, амьдралаа малд зориулсан нэгэн аж.

Цэрэнбалжид бусдын л адил бага насаа мал даган, байгалийн сайхныг бишрэн өнгөрүүлж, аймгийнхаа 10 жилийн сургуулийг дүүргэжээ. Ингээд 1979 онд тухайн үеийн Анагаах ухааны Соёлт дунд сургуульд элсэн орж, сувилагч мэргэжлийг эзэмшсэн байна. Багаасаа л эмнэлгийн ажилтан, сувилагч болохыг хүсч эрмэлзэж байсан тухайгаа тэрбээр хүүрнэсэн. Учир нь хүний төлөө сайн сайхны төлөө үргэлж хүчин зүтгэдэг энэ мэргэжлийн амтанд ороод өдгөө 38 жилийг үджээ. Тэрбээр “Дээхэн үед эмч, сувилагч нарыг маш их дээдэлж, хүндэлж, эрхэмлэдэг сайхан үе байсан. Тиймээс л багаасаа эрүүл мэндийн салбарт ажиллахыг хүсч мөрөөддөг байлаа. Харин манай удамд эмч, мэргэжилтэн байгаагүй болохоор ч тэр үү сувилагч болно гэхэд  ижий, аав хоёр минь их л баярлаж байсан. Оюутан байхдаа төрөх эмнэлэгт дадлага хийж байх үедээ ихэр хүүхэд эх барих эмчтэй хамт орох тохиол хайрласан юм. Энэ тухайгаа ихэр хүүхдийг эх барихад нь би тусаллаа гэж хэлсэн. Гэтэл ижий минь “Манай охин ихэр хүүхэд эх барьсан байна” гээд саахалт айлуудад зарлаад явсан байсан. Тэгж их аав ээж хоёроо баярлуулж байлаа” гэв.  

Тэрбээр багадаа хөдөлгөөнтэй, эрэмгий, эршүүд хүүхэд байж. 2-р ангид ортлоо хурдан морь унаж, морин дэлэн дээр өнждөг байсан гэв. Одоо ч хөдөө, хээр, агаар салхинд гарч, уул хадаар алхах дуртай. “Морин дэлэн дээр гарахад юугаар ч зүйрлэмгүй сайхан байдаг. Үзэмж гоо байгалийг тольдож, мал, цэцэг таанын үнэр хичнээн сайхан гээч. Өсч төрсөн бага нас, эцэг, эх гээд бүхий л зүйл бодогддог” гэсэн юм.

Цэрэнбалжид сургуулиа төгсөөд Жанчивлан рашаан сувилалд хуваарилагдан тэндээ нөхрийн хамт хоёр жил ажилласан байна. Үүний дараа ХУД-ийн нэгдсэн эмнэлэгт мэс засал болон эмэгтэйчүүдийн тасаг, 2005 оноос эхлэн одоог хүртэл БЗД-ийн 16-р хорооны өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж байна.

“Өрхийн сувилагч гэдэг тэр гэрийн настан, нярай, жирэмсэн эх, хүүхэд гээд бүх хүнд үйлчилдэг онцлогтой. Сувилагчаас тал бүрийн мэдлэг, чадвар шаарддаг. Манай хороо 23 мянган хүн амтай. Тэр ч утгаараа ажлын ачаалал их байдаг. Гэхдээ сувилагчийн мэргэжилд дуртай, сонирхолтой учраас өдийг хүртэл ажиллаж байна” гэлээ.

Тэрбээр бүх хүнд өөриймсөг үйлчлэхийг хүсдэг гэв. Миний аав, ээж, ах, эгч, дүү, хүүхэд байвал яах вэ гэсэн зарчмаар ажилладаг байна.

Цэрэнбалжид сувилагч БЗД-ийн 16-р хорооны өрхийн эрүүл мэндийн төвдөө ажиллаад 14 дөх жилтэйгээ золгож байна. Харин өнөөдөр түүний нярайн эргэлтээр очиж байсан хүүхэд 14 нас хүрч, вакцин хийлгүүлж байсан зарим нэг нь өөрийнхөө хүүхдийг дагуулан ирдэг болжээ. “Жилээс жилд хүүхдүүд өсч том болж байгааг харж байна. Энд тэнд таарахаар бараг л тэдэн сард төрсөн, тэрний хүүхэд гээд үе удмаар нь мэдэж байх жишээний” гэж хошигнов. Тэрбээр багагүй хошин зантай болох нь анзаарагдаж байлаа. Харин өөрийгөө тодорхойлохдоо “Би юмыг шууд хэлчихдэг, шулуухан зантай. Тийм ч хөгжилтэй хүн биш” гэлээ. Хамт олных нь хувьд түүнийг “Хажууд ажиллаж байгаа хүндээ түшигтэй. Хамгийн гол нь хийж байгаа ажлаа чанартай хийдэг” гэж дүгнэлээ. Басхүү ажилдаа дуртай байдаг учраас хүмүүс ч түүнд хайртай ажээ.

Сувилагч хүн ажилдаа эзэн болохыг амин сүнс нь зогсолтгүй сурах явдал байдаг болов уу. Тэрбээр “Хоцрогдоно гэдэг бол аймшиг. Эмнэлгийн ажилтан бид зогсолтгүй сурч, хөдөлмөрлөж байх үүрэгтэй” гэв. Ингээд бодохоор хүн өөрийн хүссэн ажлаа хийхэд ямар ч бартаа тулгарсан даван туулах сэтгэл, хүч байдаг бололтой. Түүнтэй ярилцаж суухдаа ийм л чадварлаг түмэндээ хүндлэгдсэн сувилагчийн залгамж халаа бүү тасраасай хэмээн хүсч байлаа.

Цэрэнбалжид 1985 онд ХУД-ийн хүндэт самбарын эзэн болохдоо тунчиг баярласан гэдэг. Учир нь тухайн үеийн дарга, мастеруудтай мөр зэрэгцэн нэг эгнээнд зургаа байрлуулах боломж олдсон байна. Үүнээс хойш чадварлаг мэргэжилтнийг үнэлэх шагналын хур тасарсангүй. Тэрбээр Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, Алтан гарт сувилагч, Ард түний талархал хүлээсэн гавьяат сувилагч, байгууллагын аварга, Алтан дэнлүүгийн эзэн болж байжээ.