Буцах

Ажлын гараагаа асрагчаас эхэлсэн “Малин цагаан”


ОВОГ НЭР:

Р.Энхтайван



АЖЛЫН ГАЗАР:

БЗД-ийн ЭМТ, СА-2-ын эрхлэгч



ТОВЧ НАМТАР:


БОЛОВСРОЛ:


ГАВЬЯА ШАГНАЛ:
Эрүүл мэндийн яамны хүндэт жуух, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан

Хөдөлмөрлөж байж хувь хүн, айл гэр, улс орон хөгжиж, баялаг бүтээх боломж бий болно. Ингээд бодохоор хөдөлмөр, хөгжил хоёр нь хүйн холбоотой гэлтэй. Амжилт, аз жаргал өөрөө ирэхийг хүлээгээд суувал хэзээ ч бүтэхгүй. Тиймээс ч  тууштай хөдөлмөрлөж байж л үр шимийг нь хүртэж чадна. Ийм нэгэн бодит жишээг уншигч танд хүүрнэе.

“Малин цагаан” гэхээр энэ хэн юм бол гэсэн бодол уншигч таны толгойд орж ирж байгаа байх. Аав ээжийн эрх танхил охин, эмээгийн “Малин цагаан”-ыг Очирбатын Энхтайван гэдэг. Тэрбээр  Очирбат гуайн том охин нь болон 1966 онд Өвөрхангай аймгийн Өлзийт суманд мэндэлж байжээ. Аав ээж нь гэрлэлтээ батлуулаагүй байхад гарсан учир ээжээрээ буюу Рагчаа гуйан нэрээр  овоглосон байдаг. 16 нас  хүрээд овогоо солиулж амжаагүй ч хэн ч харсан аавтайгаа адилхан юм чинь гээд  энэ чигээрээ яваа.  Бага насаа эмээгийнхээ гар дээр өнгөрүүлсэн болоод ч тэр үү, энэрэнгүй зөөлөн аашийг нь өвлөсөн гэх. Түүний ажил хэрэгтээ мөрддөг зарчим нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байхдаа аль болох хөгшид, буурай нар, хөгжлийн бэрхшээлтэй,  бие нь ядруухан байгаа нэгнийг урьтал болгохыг илүүд үздэг гэдгээ хэлж байсан. Гол нь хүн хүнээрээ байж, хүнлэг байх нь түүний зарчим. Хэн бүхэн л зүйрлэж бодох аав, ээж, эмээ, өвөөтэй. Энэ л бодол түүнийг эрүүл мэндийн салбарт тууштай ажиллах шалтгаан болсон гэлтэй.

                                         

Түүний аав малын эмч, харин ээж нь сувилагч байсан нь эрүүл мэндийн салбарт Р.Энхтайваныг дурлахад хүргэжээ. Багаасаа л эмнэлгийн орчныг мэдэж, аав, ээжийнхээ ажлыг сонжиж, сонирхож өссөн нь эмч болоход нөлөөлсөн байна. Дүү нартайгаа тоглохдоо хүртэл айл гэртэхээс урьтаж, нэг нэгнийгээ тарьж байна гэж  “эмч” болон нааддаг байжээ.

Р.Энхтайван ажлын гараагаа 16-хан насандаа эхлүүлсэн. 8-р ангиа төгсдөг жил нь үлгэр дуурайлал авдаг, өмөг түшиг болдог аав нь бурхны орныг зорьж, түүний гэр бүлд үнэлж баршгүй гарз тохиожээ. Айлын том охин учраас ээждээ түшиг тулгуур  болохын тулд сургуульд явалгүйгээр багынхаа хүсэл мөрөөдлийг дагаж, Өвөрхангай аймгийн нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасагт асрагчаар ажиллаж эхэлсэн байна. Мэс заслын тасгийн ачаалал нь бусад тасагтай харьцуулахад  их, 16-хан настай турьхан охины хувьд хүнд ажил байх нь гарцаагүй. Гэхдээ тэр ажлаа амжуулахын  зэрэгцээ эмч, сувилагч, өвчтөнүүдийнхээ “зараал”-д ч гүйдэг байж. Нэг удаа шөнөжин үргэлжилсэн хагалгааны дараа тасаг доторх баганаа налчихсан, суугаагаараа унтаж байхыг ээлжинд хоносон тасгийн эрхлэгч нь харчихсан байлаа. Тэрбээр хагалгааны дараа өрөөгөө цэвэрлэх гэсэн боловч өвгөжөөр байрын хүн “Шөнө орой юм түчигнүүлэхээ боль. Унтаж амармаар байна” гэж уцаарлаад халгаагаагүй юмсанж. Ахмад настай, амандаа сахалтай хүнд зандруулсан Р.Энхтайван өглөө нь хоёр өрөөгөө цэвэрлэж амжилгүй ээлж хүлээлцжээ. Яагаад гэсэн шалтгааныг нь асуувал өвгөн ахад загнуулснаа хэлж зүрхлээгүй байна. Харин энэ үед тасгийн эрхлэгч нь “16-хан настай охинд мэс заслын тасгийн ажил хүнддээд байна. Суугаагаараа хана түшээд унтчихсан байна лээ” гэж эмч нартайгаа ярилцаад хоргодуулсан цагтай, ачаалал багатай  физик эмчилгээний тасаг руу шилжүүлжээ. Энэ хугацаанд тэрбээр мэргэжлээ дээшлүүлж, сувилагчийн курст суралцаж, сувилагч болж, эчнээгээр 10-р ангиа төгссөн. Үүний дараа аймгийн түргэн тусламжийн тасагт  диспетчер сувилагчаар ажилласан байна. Түүнийг сайн ажиллаж байсан учраас тухайн үедээ өндөр босготой, өрсөлдөөн ихтэй Анагаахын дээд сургуульд конкурс өгөх эрхээр урамшуулжээ. Тэрбээр “Ямар ч туршлагагүй хүн чинь яахав. Эхний жил өгсөн гурван шалгалтан дээр цэвэр нойллоод тавьчихсан. Шантралгүйгээр дараа жил нь дахиад шалгалт өгсөн. Гэтэл бага эмчээр төгссөн дипломын оноотой, нэг ахтай оноо тэнцээд ялагдчихсан. Тэгээд намайг Хөдөө аж ахуйн дээд сургуулийн  агрономын анги авах уу гэсэн санал тавьсан юм. Мэдээж, би аваагүй. Гурав дахь жилдээ дахин шалгалт өгөхөөр шийдэж, ээж маань ч миний хүсэл мөрөөдлийг дэмжиж, итгэж хүлээсэн. Сүүлийн шалгалтаа амжилттай өгч, тэнцсэн дээ. Одоо хүртэл би боддог юм. Яаж хичээж, хэдэн удаа бүдэрч байж, ямар их хүсч, эрмэлзэж эмч боллоо доо. Өвдөж зовсон нэгэнд туслаж зовиур шаналгааг нь багасгаж эдгээх юмсан” гэж.

                    

 

 Тэрбээр нийтэч, хөдөлмөрч, хөгжилтэй нэгэн. Оюутан ахуй цагтаа ч багагүй онигоонд ордог байсан гэдгээ ийн хуучилсан юм.  “Анагаахын дээдийн 3-р курсэд байхад багш самбарын өмнө дуудаад гурван сартай хүүхдийн хөдөлгөөн, сэтгэцийн онцлогийг ярь гэлээ. Гангана, гунгана гэж хэлтэл багш, за цааш нь гэхээр нь “Аабаа, ээбээ” гэнэ гэж хэлэхэд анги тэр чигээрээ нэрхийтэл инээж байсан юм. Уншаагүй учраас л ийм онигоонд орж байлаа. Тэгээд төрчихөөд жилийн чөлөөнөөс  буцаад  ирэхэд  оюутнууд  танай хүүхэд “Аабаа ээбээ” гэж байна уу гээд л хошигноцгоодог байлаа”. Энэхүү түүхийг дурсан суухдаа хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэсэн оюутан бүсгүй амбулаторийн эрхлэгчийн өрөөнд сууж байх шиг санагдаж байсан юм.

Тэрбээр 1994 онд Хүүхдийн эмч болж, БЗД-ийн 15-р төвд хэсгийн эмчээр ажилд орсон. 1999 онд 15-р төвөөс өрхийн эмнэлгүүд тусгаарлагдан шинээр  байгуулагдаж эхэлжээ. Энэ үед 17-р хорооны өрхийн эмнэлгийг даргалах завшаан тохиож, тус хорооны эмнэлгийг үүсгэн байгуулалцсан түүхтэй. Шинэ байгууллага учраас улсын бүртгэлд бүртгүүлж, нэр өгөхөөр тухайн үед ажиллаж байсан эмч сувилагч нарын нэрний эхний үсгүүдээр үг бүтээж, дараа нь хадагтай, энэрэл гээд л  эмнэлэгтэй холбоотой үгээр нэрлэх гэсэн боловч бүгд бүртгэлтэй байж.  Ингээд Өвөрхангайн бяцхан охин БЗД-ийн 17-р хорооны Орхон түшээ мөрөн өрхийн ЭМТ-ийн дарга, үүсгэн байгуулагч нь боллоо. Өрхийн ЭМТ-д ажиллах хугацаандаа Удирдлагын академийн нийгмийн удирдлагын ангийг дүүргэж байсан туршлага дээрээ үндэслээд төсөл, хөтөлбөр боловсруулж, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд шаардлагатай тоног төхөөрөмж олгуулах, өргөтгөл бариулах ажлуудыг давхар хийснийг нь хамт олон нь магтан сайшаадаг. Энэ үедээ Орхон түшээ мөрөн өрхийн ЭМТ-д өргөтгөл бариулах төслийг бичиж, Дэлхийн зөн ОУБ-аас санхүүжилт авч чадсан. Харин Дэлхийн зөн ОУБ-аас барилгыг ашиглалтад өгөхдөө ЭХО-ны аппарат, зүрхний цахилгаан бичлэгийн аппарат гээд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж, эдгээр аппаратан дээр заавал мэргэжлийн эмч ажиллах ёстой гэсэн шаардлага тавьжээ. Ингээд Р.Энхтайван “Зүрх, судасны эмчийн олгох курс”-т сурсан байна. Сурч байх хугацаанд нь зүрх, судасны эмч заавал резидент эмчээр сурсан байх ёстой гэсэн шаардлага тавьжээ. Энэ үед тэрбээр 40 насны босгыг алхаж байсан юм. Бага хүүгээ төрүүлж, амаржаад удаагүй байхдаа резидент эмчийн үүргийг сурахын хажуугаар гүйцэтгэж байжээ. Сургуулиа төгссөний дараа 2011 онд БЗД-ийн ЭМН-ээс дотор, зүрх судасны эмчээр ажиллах саналыг удаа дараа тавьсны эцэст тус төвийн эмчээр ажиллах болсон байна. Харин одоогоос хоёр жилийн өмнөөс эхлэн БЗД-ийн ЭМТ-ийн Салбар амбулатори-2-ын эрхлэгчийн албыг хашиж байгаа юм.

Тэрбээр цэцэг, ногоо тарих дуртай нэгэн.  Зуны цагт хүлэмжиндээ цагийг өнгөрүүлж, ногоо, цэцэгсээ арчилж, тордох нь түүний хобби. Ингэснээр ажлын стрессээ тайлж, толгой тархиа амрааж чаддаг байна. Том далбагар, жижигхэн гээд цэцэгсийн бүхий л дэлбээ түүнд хөөрхөн харагддаг гэх.

Эмэгтэй хүний гоо сайхныг тодотгох гол хэрэглүүрийн нэг нь яахын аргагүй уруулын будаг. Тэгвэл түүнд цэцгийн дэлбээ шиг сайхан санагддаг учраас олон өнгийн уруулын будгаар уруулаа чимэх бас дуртай. Мөн мэргэжлийн болон уран зохиолын номыг шимтэн унших нь түүний бас нэгэн сонирхол, дадал зуршил нь.

Хийж бүтээхээр төлөвлөсөн ажлынхаа ард нь гарахын төлөө зүтгэдэг, хийж байж л санаа нь амардаг гэдгийг дээр өгүүлсэн түүхээс уншихад ойлгомжтой биз ээ.

               

 

Түүний талаар БЗД-ийн ЭМТ-ийн Салбар амбулатори-2-ын ЭХО-ны эмч С.Хонгорзул хэлэхдээ “2014 тус төвд ажилд орж байлаа. Тухайн үед Тайван дарга дотор, зүрх судасны эмч, би ЭХО-ны эмчээр ажиллаж байсан. Дөнгөж ажилд ороход таньдаг хүн ч байхгүй, ачаалал ч их байсан. Үзлэгээ дуусгаад харахад хамгийн сүүлд бид хоёр л үлдчихсэн байдаг байлаа. Анх харахад нэрэндээ тохирсон гэмээр их л тайван хүн шиг санагдаж билээ. Ер нь бол аливаад тайван, сэтгэлээсээ ханддаг, нийтэч,  хөгжилтэй хүн. Ямар ч хүн дэргэд нь байхад татагдахгүй байхын аргагүй, тийм л цагаахан сэтгэлтэй. Надад бол том эгч шиг минь байж, нөмөр нөөлөг, түшиг тулгуур минь болсоор явдаг учраас үргэлж талархаж явдаг” гэж тодорхойлсон юм. 

Р.Энхтайваны хувьд  юунд ч дийлдэхгүй бамбай нь цагаан халаад, мохошгүй илд нь мэдлэг, мэргэжил нь байдаг болов уу. Түүний хэлснээр “Цагаан халаадаа өмсөөд, хормойгоо дэрвүүлэн алхахдаа мэргэжлээрээ бахдаж, бахархах сэтгэл төрдөг. Бас намайг үргэлж дэмжиж, урамшуулж байдаг хань ижил, үр хүүхэд, хамт олноороо бахархаж, бардамнах сэтгэл байнга төрдөг”. Үүний зэрэгцээ зовж, зүдэрсэн, өвдөж, шаналсан нэгэнд аль болох тусалж, цаг зав гарган эмчилгээ үйлчилгээ үзүүлж, эдгээчих юмсан. Амьдралын зөв дадал хэвшилд сургачихсан гэсэн бодол байнга өвөртөлж явдагаа нуусангүй.

           

 

 Хүн бие организмын хувьд эрүүл байхаас гадна сэтгэл зүйн хувьд эрүүл байх ёстой. Тийм ч учраас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхдээ сэтгэл зүйн зөвлөгөөг давхар өгдөг байна. Хувь хүн өөрөө өвдөхгүй байхын төлөө хичээх ёстой. Өдөр тутамдаа эмч нар бид уурласан, баярласан, уйлсан гээд олон хүнтэй таарч байдаг. Миний хувьд баярласныг нь улам дэврээж, уйлсныг нь тайвшруулж, уурласныг нь тайтгаруулаад л гаргахыг хичээдэг” гэж ярилаа. Түүний хэлсэн үг бүрийг шимтэн сонсох таатай байсныг энд дурдах нь зүйтэй болов уу. Учир нь хэлсэн болгоныг нь өөртөө шингээх хэрэгтэй гэсэн бодол төрж байсан юм.

Түүний хийж бүтээснийг төр засгаас үнэлж, Эрүүл мэндийн яамны хүндэт жуух, Эрүүлийг хамгаалах тэргүүний цол тэмдгээр  шагнан урамшуулж байжээ.

Хөдөлмөр хүнийг бүтээдэг гэдэг. Ийм л эрч хүчтэй, зоримог, хүнлэг, хүчирхэг эмэгтэйн эрүүл мэндийн салбарт хүчин зүтгэж байгаа 32 жилийн замнал  залуу үеийнхэнд үлгэр дуурайлал, сургамж болохуйц санагдсан. Хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэж, түүнийхээ төлөө шантралгүй, тууштай зүтгэж, хөдөлмөрлөж, өөрийгөө хурцалж байгаа энэхэн жишээг уншигч та үлгэрлэн аваарай.

 

 

Монгол улсын хүн амын тоо