Буцах

Буйраа сахисан 31 дэх жил...


ОВОГ НЭР:

А.Загдсамбар



АЖЛЫН ГАЗАР:

БЗД-ийн ЭМТ, Поликлиникийн ДОХ/БЗДХ-ын эмч



ТОВЧ НАМТАР:
1964 онд мэндэлсэн.


БОЛОВСРОЛ:


ГАВЬЯА ШАГНАЛ:
Батлан хамгаалах яамны тэргүүний ажилтан цол тэмдэг, Алтангадас одон

Эрчүүдэд л ихэвчлэн оноон өгдөг Загдсамбар нэрэндээ тэр нэг их дуртай биш. Гэхдээ нялх багадаа хүүхэд бүр л нэрэндээ дургүй байдаг даа. Цэцэг, навч орсон нэртэй охид ч “эмзэгхэн” нэрсээсээ болж, их л шоглуулдаг байсан тухай яриа бий. Монголд нэг их тохиолдоод байдаггүй энэ нэрний учир шалтгаан их нарийн нандин аж. Загдсамбарын ижий аав эгчийг нь төрүүлснээс хойш дахин хүүхэд олох хүсэл байвч, хүсэхэд хясна гэгчээр олон жилийн нүүрийг үзэж. Тиймээс нутгийн номтой, мэргэн өвгөн ламаас рашаан хүртэж, сая хүсэл мөрөөдлөө биелүүлэн нэгэн шар охинтой болжээ. 15 жилийн дараа голомт цочроон мэндэлсэн бяцхан охиндоо ижий, аав аль аль нь хайраа дэвсэж, басхүү учир утгатай нэр хайрлах хүсэл өвөртлөн өнөөх өвгөн лам дээр очтол “Загдсамбар” нэрийг хайрласан байна. Эрэгтэй хүүхэд хурайлан дуудсан энэ нэр ийнхүү эрх шар охины эгнэгт бичигдэх алдар болсон учиртай.

Зөв харж инээж, буруу харж уйлж өдөр шөнөгүй хурайлан дуудсан үрээ бурхнаас хүртэл харамлан хайрласан эрхэм бол түүний аав Аюушжав гуай. Харин түүний ижий жүжигчин мэргэжилтэй, сайхан бүсгүй байж. Ховд аймгийн Хөгжимт драмын театрт таван жил мэргэжлээрээ ажилласан ч, залуу насны гэнэхэн мөрөөдлөө биелүүлэхээр Сэлэнгэ аймгийг зорьж, тэндээ очоод түргэний тэргэний жолооч болжээ. Яг л "Манай аялгуу" уран сайхны кинонд гардаг шиг том тэрэгтэй, эмэгтэй жолооч болох нь түүний хүсэл байсан гэдэг. Гэхдээ энэ мөрөөдөл бяцхан Загдсамбарын ирээдүйн амьдралыг залсан зөв зүг байлаа. Түүнийг багад нь Жааний Мааний гэж өхөөрдөн дууддаг байв. Түргэний тэрэгний жолооч болсон залуухан сайхан ижийгээ дагаад олон ч газар дуудлагаар очсон гэдэг. Бага насны дурсамж бүр нь цагаан халаадтай эмч, түргэний тэрэгний дуут дохиотой санагддаг тухайгаа Жааний Мааний өдгөө дурсан сууна. Түргэний жолоочийн бяцхан туслах Жааний Мааний охины эмч болох замын эхлэл энэ ээ. Тэрбээр сургуульд орсон цагаасаа 8-р ангиа төгсөтлөө ариун цэврийн дарга явсан бол эрүүл мэндийн байгууллагад ажилд ороод ч халдвар хяналтын багийн ахлагчаар ажиллаж байсан юм. Яагаад ч юм эрүүл байхын эх үндэс ариун цэвэрч байх тал дээр бага балчираасаа ажилласан “гярхай” нэгэн аж.

Амьдралын үнэн даанч хатуу. 1981 оны хавар түүнийг 17-хон настай байхад нь нэрнийх нь өмнөх "алдар хүнд", амьдралынх нь хийморь сүлд болсон аав нь хүнд өвчнөөр бурханы зүг оджээ. Үүгээр ч зогсохгүй ачлалт ижий нь ч хүндээр өвчилж, эгч дүү хоёрт хэцүүхэн он жилүүд эхэлсэн гэдэг. Амьдралд дөнгөж хөл тавьж буй охидод энэ бүгд давж гарамгүй өндөр даваа мэт санагдаж байв. Гэвч амьдрал боломжоор дүүрэн аж. Яг тэр үед Загдсамбар Анагаахын дээд сургуульд орох конкурсээ өгчээ. Конкурсийн дүн гарахад үеийн нэгэн хөвгүүнтэй оноо нь тэнцчихсэн гэнэ. Гэвч эмчилгээний ангид орох нэг л хуваарь үлдчихжээ.

Энэ талаар Загдсамбар эмч “Конкурсийн оноо тэнцчихсэн учраас суурь оноог үзлээ, бас л тэнцчихсэн. Аль нэг нь эрүүл ахуйн ангийг авчих гэхээр хоёулаа дургүйцсэн. Тэгэхээр нь 10 жилийн химийн хичээлийн дүнг нь харахаар болсон юм. Багаасаа химийн хичээлдээ толгой цохидог байсан нь намайг эмч болоход давуу тал болж, би эмчилгээний ангид орж байлаа. Конкурс дууссаны дараа бүхий л хүүхдүүдийн эцэг эх, ах дүү нар нь баяр хүргэхээр ирсэн байхыг хараад дотроо гуниглангуй байсан. Аргагүй шүү дээ. Аавыгаа алдчихсан, ээж маань хэвтэрт, харин эгч минь тав дахь хүүхдээ тээж байсан” гэж ярилаа.

Яг тэр баярт мөчид саатай хар дээлэндээ багтахгүй шахам том гэдэстэй, төрөх дөхсөн эгч нь түүнийг тосон авахад үгээр хэлэхийн аргагүй сайхан сэтгэгдэл төрсөн тухайгаа мөн тэр дурсаж байсан. Үүний дараа эмнэлэгт хэвтэх ижийдээ Анагаахын дээд сургуульд суралцах болсон гэдэг баярт мэдээгээ дуулгажээ. Тэрхэн мөч Загдсамбарын амьдралын баярт мөчүүдийн тэргүүнд одоо ч хүртэл бичээтэй байдаг.

Оюутны дотуур байр түүнд ёстой нэг “зохиогүй” гэнэ. Айлын эрх хүүхэд учраас хэн нэгнээс юмаа харамлаж, нуух гэдгийг тухайн үед мэддэггүй байж. Оюутны байранд ороод мөнгө төгрөг, ээмэг бөгж, малгай ороолтоо хүртэл алдчихсан тухайгаа хуучилсан. Ингээд л ээжийнхээ төрсөн дүүгийнх рүү нарийн төмөр ор, ширээгээ авч очоод оюутны амьдралаа эхлүүлжээ.

Багын л теннис, сагс тоглож, бүжиглэдэг байсан учраас 1982 онд тохиосон Анагаахын дээд сургуулийн 40 жилийн ойн хүндэтгэлийн концертод орж, Дэлбээ бүжгийн хамтлагийн гишүүн болжээ. Тэрбээр одоо ч бүжиглэх дуртай. Байгууллагынхаа бүжгийн тэмцээнд удаа дараа амжилттай оролцсоор өдийг хүрсэн билээ. Тэтгэвэртээ гарчихаад ахмадуудын бүжгэнд явна гэж төлөвлөж байгаагаа ч нуусангүй.

 

А.Загдсамбар 1983 оны зун Сэлэнгэ аймагт амарч яваад ханьтайгаа учиржээ. Тийнхүү 1985 онд анхны хүүгээ өлгийдөн авч Насанбат гэж нэрлэсэн бол удаах хүүгээ 1995 онд төрүүлж Хишигбат гэх алдрыг хайрлажээ. Харин охинтой болбол Насанчимэг хэмээн нэрлэнэ гэж боддог байв. Өөрийн эршүүд нэрнээс ичиж, зовдог байсан ч энэ нэр ирээдүйн үрсийг минь дуудсан сайхан нэр гэж өдгөө билэгшээн боддог болсон хэмээн тэр өгүүлнэ. Эрэгтэй хүүхэд хурайлан дууддаг Загдсамбар нэр Насанбат, Хишигбат хөвгүүдийг дуудаад зогсохгүй энэ айлын голомт залгах ач нар нь ч хөвгүүд аж. Нэрний даллага гэж энэ л байхдаа...

Түүний ажлын гараа адармаатай эхэлжээ. ЭМЯ-наас Нийгмийг аюулаас хамгаалах яаманд түүнийг хувиарлахад офицер цолтой, тэвхийсэн дүрэмт хувцас өмсөөд ажиллана гэсэн гал цогтой бодол тээн очиход эрүүл мэндийн байдлаас шалтгаалан тэнцээгүй байна. Ингээд хадам аавынхаа танилын буянаар Найрамдлын районы нэгдсэн эмнэлэгт дотрын эмчээр орсон тухайгаа хэлсэн. “Анх эмнэлэгт ороход манай ангийн хоёр  хүүхэд ирчихсэн байсан. Нэгдсэн эмнэлгийн дарга амралтаасаа орж ирээд бүх нийтийн хурал хийж, гурван шинэ эмчээ хүлээн авч, чагнуур, даралтны аппаратыг  хүндэтгэлтэйгээр гардуулж байсан. Тэр л үе санаанаас гардаггүй юм. Сайхан хамт олны нэр төрийг өндөрт өргөж, хичээж явах юмсан гэж боддог байлаа. Үүний дараа тухайн үед арьс өнгөний диспансер гэж байсан. Тэнд орж ажиллах хүсэлтээ өгсөн боловч орон тоо байгаагүй. Харин хоёр жилийн дара орон тоо гарахад диспансераас надад санал тавьж, 1991 онд ДОХ/БЗДХ-аар мэргэшсэн хүний гавьяат эмч Пунцаг гуайг гурван сар дагалдаад ажиллаж эхэлсэн дээ” гэж дурслаа.

Тэрбээр хүний өгсөн үүрэг, даалгаврыг чамбай хийхийг бодож, хичээж явдаг нэгэн. Харин одоо бол залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч. Түүний ажлын онцлогоос болоод эмчлүүлж эдгэрсэн хүмүүс олны дунд талархлаа илэрхийлж чадахгүй, бүлтгэнэдэг гэнэ. Тэрбээр “Цагаан халаадны буян их. Өвдсөн, зовсон, шаналсан хүмүүсийг эрүүлжүүлээд өгнө гэдэг сайхан. Гэхдээ нэг дутагдалтай тал бий. Намайг гудамжинд явж байхад хэзээ ч нүүр дүүрэн баярлалаа гэж хэлдэггүй. Жаахан хулмалзаад байдаг гэх үү дээ. Найз маань хүртэл надтай уулзах гэж хүлээхдээ өрөөний эсрэг талын буланд сууж байх жишээний. Өвчин тусаагүй хүн байж, бусдын бодлоос ичих, эвгүйцэх мэдрэмж төрдөг гэсэн. Харин эдгэрсэн хүмүүс баярлалаа гэдгээ энд л хэлнэ үү гэхээс өөр газар илэрхийлнэ гэж байхгүй дээ” гэж хэллээ.

Түүний ажлын онцлог нь дөнгөж төрсөн нярайгаас эхлээд хамгийн өндөр настай нь 85 настай хүнтэй ажиллаж байжээ. Учир нь БЗДХ өвчинд насны хязгаар гэж үгүй.

Тэрбээр энэ л буйрандаа 1988 оноос хойш ажиллаж байна. Нийтдээ  31 жил эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа юм. Түүнтэй 30 гаруй жил хамтран ажиллаж байгаа мэс заслын сувилагч Д.Туяа “Бид ч насаараа хамт ажиллаж байна даа. Загаа эмч ажлыг яс хийдэг хүн. Соц үеийн хүн учраас ажлыг үнэн сэтгэлээсээ, махруу хийдэг. Одоо бол ажлыг үнэн сэтгэлээсээ хийдэг хүн ховор болчихож. Хүнд тусархуу. Зовлон, жаргал тохиолоо гэхэд гүйж л явна. Зан чанарын хувьд нүүрэн дээр нь шулуухан хэлчихдэг шударга хүн гэж боддог” гэж тодорхойлсон юм. 

Цэрэг татлагын үзлэгт сүүлийн 25 жилийн хугацаанд 50  орчим удаа  ажилласан түүнийг Батлан хамгаалах яамны тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнаж байжээ. Мөн энэ онд сар шинийн баярын өмнөхөн Алтангадас одонгоор энгэрийг нь мялаасан байна.

Нэг газраа тасралтгүй 30 гаруй жил тууштай ажилладаг хүн тийм ч олон байдаггүй болов уу. Сонгосон мэргэжилдээ эзэн нь болж, зорьсон зорилгодоо хүрэхийн төлөө тэмүүлдэг мундаг эмч нарын нэг бол бяцхан Жааний Мааний буюу өнөө цагийн өнөр өтгөн гэрийн эзэгтэй Загдсамбар юм. 

 

Монгол улсын хүн амын тоо