Буцах

Армийн бага эмч, аатай шатарчин Ш.Лхагва


ОВОГ НЭР:

Ш.Лхагва



АЖЛЫН ГАЗАР:

БЗД-ийн ЭМТ



ТОВЧ НАМТАР:
1961 онд Увс аймгийн Зүүнхангай суманд айлын дөрөв дэх хүү болон мэндэлжээ.


БОЛОВСРОЛ:
1980 онд цэргийн албанд татагдсан. Ардын армийн 197,107-р ангийг цэргийн тусгай мэргэжлээр төгсөж, 1982-1985 онд ЗХУ-ын цэргийн тусгай сургуульд явсан. Ш.Лхагва 39 дэх жилдээ төрийн албанд ажиллаж байна. Үүнээс 17 жилийг нь эрүүл мэндийн салбарт хүчин зүтгэж өнгөрүүлж байна.


ГАВЬЯА ШАГНАЛ:
Алтан гадас одон

Эрүүл мэндийн салбарт дан ганц эмч, сувилагч ажилладаггүй. Энэ салбарын хүний нөөцөд эмч мэргэжилтнүүдээс  гадна санхүү, эдийн засаг, статистик, инженер техник, цахилгаанчин, слесарь гээд бүхий л салбарын ажилчид ажиллаж хөдөлмөрлөсөөр байна. Бидний онцлон өгүүлэх эрхэм нэгнийг Шаргын Лхагва гэдэг.

Тэрбээр эрүүл мэндийн салбарт 17 дахь жилдээ “чанагдаж” явна. Авга, нагац нар нь эмч, мэргэжилтнүүд байсан учраас түүнд энэ салбар дотно, дулаахан санагддаг гэх. Мэдээж, эрүүл мэндийн байгууллагад ажиллах болсон нь ч энэ мэдрэмжтэй нь холбоотой байж болох юм.

Ш.Лхагва 1961 онд Увс аймгийн Зүүнхангай суманд айлын дөрөв дэх хүү болон мэндэлжээ. Ах дүү 10-уулаа мал дагаж өссөн байна. Харин БЗД-ийн ЭМТ-д цахилгаанчнаар ажиллах саналыг хүлээж авснаар анх 2002 онд эрүүл мэндийн байгууллагатай салшгүй холбогджээ. Гэхдээ тэр өмнө нь Ардын армийн цэрэг байсан. Бага насаа эцэг эхийн гар дээр мал маллаж өнгөрүүлээд найман настайдаа сумынхаа сургуульд элсэн орж төгсөөд, 1980 онд цэргийн албанд татагдсан гэдэг. Ардын армийн 197,107-р ангийг цэргийн тусгай мэргэжлээр төгсөж, 1982-1985 онд ЗХУ-ын цэргийн тусгай сургуульд явсан байна. Харин 1986 онд тус сургуулиа амжилттай төгсөж, 1994 он хүртэл цэргийн тусгай мэргэжлээр албан үүрэг гүйцэтгэж байжээ. Энэ хугацаандаа Ардын армийн онц буудагч болж, тухайн үедээ онц буудлагын гарын авлага хүртэл гаргаж байсан туршлагатай. Тэрбээр хэлэхдээ “Цэргийн хүнд онц буудна гэдэг маш чухал. Нэр хүндийн асуудал байдаг. Тухайн үед залуу насны ааг омгоор би чадаж л байгаа юм чинь гээд буудлагын спортоор хичээллээгүй орхисондоо хааяахан харамсдаг. Цэргийн байгууллагатай амьдралаа холбосноор би маш олон зүйлийг мэдэж, сурч, дадал болгосон. Өвгөн бүргэдүүдээс сурсан зүйл минь одоог хүртэл амьдралд их л хэрэг болдог. Бодоод байх нь ээ надтай таарсан үе үеийн дарга нар маш сайн удирдагч нар байсан. Намайг зөв чигт зүглүүлж, чиглүүлж байсанд талархаж явдаг” гэж ярилаа.  Түүний хувьд 16 жил зургаан сар цэргийн амьдралаар амьдарсан түүхтэй. Цэргийн хүмүүсийн шулуун шударга, шуурхай байх занг энэ үед л өөртөө төлөвшүүлжээ.

Ш.Лхагва цэрэгт байхдаа салаан дарга, бага эмчийн ажлыг хийдэг байж. Тэрбээр энэ тухайгаа “Өвдсөн цэргүүдээ госпитал руу авч очиж үзүүлдэг байлаа. Бателионы хэмжээний л юм болно. Зарим анги эмнэлэггүй байдаг. Манайх ч бас эмнэлэггүй байсан. Тэгээд л өвдсөн цэргүүдээ аваад л цэргийн төв эмнэлэг рүү хүргэж,  үзүүлдэг байлаа. Давхар бага эмчийн ажлыг орон тооны бусаар хийж байсан гэсэн үг л дээ. Энэ албыг таван жилийн хугацаанд хашсан. Дараа нь нягтруулан техникчээр ажиллаж байгаад л гарсан даа. Нэг хэсэг анагаахын сургуульд сурах бодол байсан ч хуулийн чиглэлийн хүн болохоор шийдсэн. Ингээд тухайн үеийн Хууль цаазын дунд сургууль оройгоор сурлаа. Энэ сургуулиасаа бичиг хэргийн эрхлэгч, хууль судлаач болж гарсан. Дараа нь социализын үед улс төр судлаачаар оройн ангид сурч төгссөн” тухайгаа хуучилсан.

Цэргийн амьдралыг сонгосонд нь ч түүний авга, нагац нарын нөлөө байсан гэдэг. Учир нь тэдний гэр бүлийнхнээс олон хурандаа, генерал төрсөн байдаг. Тэрбээр Ардын армийг хааж байх хугацаандаа мэргэжил, ур чадвараараа цойлж, Армийн ойн медалиуд, Цэргийн хүндэт медаль, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгийн эзэн болсон. Харин 1994 оны 6-р сар хүртэл Ардын армид алба хашиж байгаад эрүүл мэндийн шалтгааны улмаас цэргийн албаа орхижээ. Үүнээс хойш гурван жилийн хугацаанд нутагтаа очиж, мал аж ахуй эрхлэн биеэ тэнхрүүлсэн байна. Ингээд нийслэл хотын зүг хүлгийн жолоо залжээ. Хотод ирээд өөрийн гэсэн шатрын клубээ нээж, “Хөх шатар” гэж нэрлэжээ.

Ш.Лхагва шатар тоглох дуртай нэгэн. Тэрбээр “Би ЗХУ-ын цэргийн сургуульд сурч байхдаа шатрын фистулд ороод л шатар тоглох гараагаа эхэлсэн. Гэрийнхэн маань ч оюуны спортод дуртай. Бөхчүүдэд удам гэж байдагтай адил би ч энэ спортод хорхойссон гэж хэлэхэд болно. Оюун ухааны спорт маш сонирхолтой. Тийм  ч учраас би залуучууд, хүүхдүүдийн оюун ухааныг хөгжүүлэхэд л чөлөөт цагаа зориулах, зарцуулах дуртай. 2010 оноос хойш тасралтгүй хүүхэд залуусын оюун ухааны сэтгэн бодох чадварыг хөгжүүлэхэд чөлөөт цагаа зарцууллаа. Одоо ч гэсэн 4-6 зургаан хүүхдэд 1-2 цагаар шатрын хичээл орж байгаа. Шатрын спортоор хичээллэдэг хүүхэд төлөв даруу, хүлээцтэй, логик сэтгэлгээ сайтай болдог” гэж ярилаа. Мөн чөлөөт цагаараа шатрын тухай ном уншиж, дэлхийн аваргуудын тоглолтыг шимтэн үзэж, судалдаг байна. Үүнээс гадна мэргэжлийн холбогдолтой ном унших дуртай гэх.

Тэрбээр “Хөх шатар” клубээ төрөлх сургуулийнхаа 80 жилийн ойд зориулан 2017 онд хандивласан байдаг. Түүний энэ үйлдэл хойч залуу үеэ дэмжиж ажилдгийн тод жишээ. Энэ тухайгаа “Би ажлын найман цагаар ажилчихаад амралтын өдрүүдээр клубээ ажиллуулах хүндрэлтэй байсан. Өөр багш нар ажиллуулахаар санаанд хүрэхгүй байсан учраас Увс аймгийн Зүүнхангай сумын сургуульдаа өгсөн. Олон хүүхдийг зөв төлөвшилтэй болгож, оюун ухааны хөгжилд нь хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байдаг” тухайгаа ярилцах үедээ хэлж байлаа.

Ш.Лхагва  “Шаргуу хэрнээ чимээгүй хөдөлмөрлө. Гаргасан үр дүн чинь чиний өмнөөс ярих болно. Аливааг нотлох гэж бүү зүтгэ. Цаг хугацаа бүхнийг харуулна”  гэдэг зарчмыг баримталдаг гэлээ. “Өөрийн ажлаа хурдан шуурхай, бусдад саадгүй хийх хэрэгтэй” гэдгийг ч хэлсэн. Чихэнд чимэгтэй  ч хатуухан сонсогдох эдгээр үгийг хийж бүтээж гавиагүй залуус унших хэрэгтэй мэт санагдаж байлаа.

Гэр бүлийн амьдралын тухайд тэрбээр эхнэр, хоёр хүүтэй. Цэргийн хүмүүс гэрийн бараа хардаггүй. Соц нийгмийн үед цэргийн хуаранд эсвэл хээр байлдааны талбарт байсаар 1990 онтой золгожээ. Ингээд л 10 жилдээ тохой нийлүүлэн суудаг байсан салаа гэзэгтэй охин Ц.Эрдэнэчимэгтэй ханилан сууж, гэр бүл болсон түүхтэй. Одоо хоёр хүү нь эрийн цээнд хүрч, тус тусын амьдралаа зохиосон байна.

ЗХУ-д цэргийн тусгай сургуульд цахилгаан холбооны сургууль төгссөнөөр тэрбээр цахилгааны инженер болсон. 2000 онд боловсролын салбарт хоёр жил мэргэжлээрээ ажиллаад эрүүл мэндийн салбарт орохоор сэтгэл шулуудсан гэдэг. “Эрүүл мэндийн салбарт анх ороход өглөө бүр л өвдөж зовсон, зовиур, шаналалтай  хүнтэй таардаг байлаа. Тухайн үед хүмүүс өвдөхөөрөө л эмнэлэг барааддаг юм байна гэсэн ойлголттой болсон. Тийм зовиуртай хүмүүсийг хараад нэг их сайхан сэтгэгдэл төрдөггүй ч энэ хүмүүсийг эдгэрч эрүүл болгохын тулд эмнэлгийн тог, цахилгаан хангамжийг найдвартай байлгах нь чухал гэсэн бодол төрж байлаа. Одоог хүртэл бүх хүч чадлаа дайчлан ажиллаж байна. Миний хувьд ажилдаа эмч нараасаа эрт ирдэг. Учир нь эмч нарын ажил эхлэхээс өмнө цахилгааны асуудал гарсан эсэхийг шалгах ёстой болдог. Хүчин тэжээлийн самбар, гэрлийн самбар, группийн самбар гээд дараа нь бүх кабинетүүдээр орж үзнэ. Асуудал гарсан бол асуудлыг нь шийдээд зохицуулаад засаад явна даа. Цахилгааны асуудал гарвал эмнэлгийн үйл ажиллагаа доголдоод л эхэлнэ. Тиймээс ч миний ажил эмч нарын ажлаас түрүүлж эхлэх учиртай. Салбар амбулаториуд, Хүүхдийн эмнэлэг, зөвлөх польклиник, өсвөр үе залуучуудын клиник гээд бүхий л салбарын тог цахилгааны асуудлыг хариуцан ажилладаг даа. Ингэхдээ Эрчим хүчний тухай хууль, эрчим хүч ашиглалтын заавар, дүрэм журам, стандартыг дагаж мөрдөх хэрэгтэй. Бидэнд алдах эрх байхгүй. Миний зорилго, зорилт бол өөрийгөө болон бусдыг гэмтээхгүй аюулгүй ажиллагааны дүрэм техникийн ажиллагааны дүрмээ баримтлах явдал. Ингэж байж л би эмнэлгийн цахилгаан хангамжийн бүрэн бүтэн байдлыг хангаж, эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэдэд саадгүй хүргэх боломжоор хангахад тус дэм болно шүү дээ” гэж ярьсан юм.

Тэрбээр өөрийгөө тодорхойлохдоо “За гэвэл ёогүй. Нэг ажлыг олон давтаж биш стандартын дагуу нэг л удаа хийхийг хүсдэг. Бас ч үгүй зөрүүд хүн. Гэхдээ уян хатан байхыг эрхэмлэдэг. Ер нь хүн бодох л хэрэгтэй. Ямар үед яах ёстойгоо мэддэг л байх хэрэгтэй. Авга нар маань хурц араншинтай хүмүүс байсан. Тэр зан нь надад үе үе илэрнэ. Харин багадаа зүйр цэцэн үгийн ном их уншдаг байлаа. Зохиолын номыг бол эхлэл, дунд, төгсгөл хэсгээс нь түүвэрлээд хураангуйлаад ойлгочихдог байх жишээтэй. Гэтэл зүйр цэцэн үгийн ном бол огт өөр. Одоо болж байгаа, ирээдүй, өнгөрсөн бүхнийг хэлээд байх шиг санагддаг. Хамгийн сүүлд амьдаагийнхаа “Хүнд манан”-г уншсан юм байна. Амьдаагийнхаа зохиолыг бол шимтэн унших дуртай” гэж ярьсан юм.

Ш.Лхагва 39 дэх жилдээ төрийн албанд ажиллаж байна. Үүнээс 17 жилийг нь эрүүл мэндийн салбарт хүчин зүтгэж өнгөрүүлж байгаа юм. Тэрбээр 2008, 2014 оны байгууллагын хөдөлмөрийн аварга, Эрүүл мэндийн тэргүүний ажилтан цол тэмдгүүдээр энгэрээ мялааж байжээ. Түүний хийж бүтээсэн зүйлийг төр засгаас үнэлж, Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өмнөхөн Алтан гадас одонгоор шагнасан. Ийм нэгэн шатрын спортын мастер, салаан дарга, бага эмч БЗД-ийн ЭМТ-д цахилгаанчнаар ажиллаж, эмнэлгийн үйл ажиллагааг үйлчлүүлэгч танд саадгүй хүргэхийн тулд хөдөлмөрлөсөөр байна.

 

 

Монгол улсын хүн амын тоо