Буцах

Аварга Борын бага охин, дуу цөөтэй “Сумбууш”


ОВОГ НЭР:

М.Сумъяа



АЖЛЫН ГАЗАР:

БЗД-ийн ЭМТ-ийн Зөвлөх Поликлиник



ТОВЧ НАМТАР:
1974 онд Өвөрхангай аймгийн Сант суманд төрсөн.


БОЛОВСРОЛ:
Өвөрхангай аймгийн Сант сум. Сумынхаа сургууль


ГАВЬЯА ШАГНАЛ:
НЭМГ-ын тэргүүний ажилтан, ЭМЯ-ны жуух бичиг

Нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой жижигхэн шар охин тэртээ 1974 онд Мягмар хэмээх нутаг усандаа нэртэй ажилч, хичээнгүй айлын голомтод бага охин нь болж мэндэлжээ. Төрсөн нутаг нь Өвөрхангай аймгийн Сант сум. Сумынхаа сургуулийн урдаа барьдаг цөөн хэдэн сурагчийн нэг нь байж. Үүгээр ч үл барам сагс, волейболын тэмцээнд идэвхтэй оролцдог, хөдөлгөөнтэй охин байсан юм. 10-р ангиа төгсөх жил нь аав нь зөрүүдлэсээр байгаад дэргэдээ авч, мал дээр гаргасан гэх. Тэрбээр аав ээжийнхээ хөдөлмөрч, тусархуу занг өвлөжээ. Нутгийнхан нь түүний аавыг Бор гэж нэрлэдэг байв. Учир нь биерхүү бор залууг Мягмар гэх боловч нутгийн зон олон нь Бор гэж авгайлдаг гэнэ. Аварга малчин Борын бага охин байгалийн сайхныг бишрэнгээ адуу мал хөөгөөд явчихдаг нэлээн хөдөлгөөнтэй хүүхэд байсан учраас өв залгуулах санаатай ч байсан байж болох. Багадаа толгой, шийрний ясыг малтай зүйрлэж, эгчийнхээ хүүхэдтэй их л тоглодог байжээ. Хөхүүртэй айрагны шуугих чимээ түүнд дотно дулаан санагддаг гэх. Хамар цоргиж, уруул чимчигнүүлсэн хөхүүртэй айрагныхаа дэргэд өдрийг өнгөрүүлдэг байсан энгийн нэгэн малч амьдрал түүнийг илтгэх өөр нэг өнгө ажээ.

Тэрбээр арван жилдээ бор шархан гэзгээ хоёр салаа сүлжээд дуу шуутайхан хүүхэд насаа өнгөрүүлсэн нэгэн. Өөгүй шар царай, нимгэн зовхи, нуугдмал давхраа, хонхойх хацар нь түүнийг чимдэг гэлтэй. Хүнийг юм гуйхад үгүй гэж хэлж чаддаггүй, хэн нэгэн бээрсэн явж байвал хувцасаа тайлаад өгөхөд ч бэлэн зөөлөн харцтай, шингэн хоолойтой, дуу цөөтэй, бас ч үгүй уяхан бүсгүйд хоёр эрдэнэ бий. Тэрбээр “Хөдөө жирэмсэн байж байгаад зургаан сартай болчихоод хотод ирсэн. Тэгээд л ихэр гэдгийг нь мэдэхэд маш их баярлаж билээ. Бурхнаас надад заяасан охиддоо би зөв бодол, сэтгэлтэй, ажилдаа эзэн явахыг аминчлан сануулж, зөвлөдөг гэх. Түүний хувьд амьдрах гол шалтгаан нь охин үрс нь. Амьдрах шалтгаанаа олсон болохоор М.Сумъяа хэцүү бүхнийг нухчин дарж, сөрөн тэмцсэн хүчирхэг бүсгүй. Өөрөө аав, ээжийнхээ шахалтаар эрдэм номын мөр хөөж чадаагүй учраас ихэр охидынхоо боловсролд анхаарч, ОХУ-д сургахаар явуулаад хэдийнэ гурвантаа хаврыг үзчихсэн байна. Ихэр охид нь “Биднийг гаргаж өгөхдөө вокзал дээр битгий уйлаарай. Хол замд явах гэж байгаа хүмүүсийг нулимсаар бүү үдээрэй” хэмээн хэлж байж. Өртөөн дээр очоод охидоо гаргаж өгөхдөө, сэтгэлдээ уйлах хэдий ч нүдэндээ нулимс торуулаагүй гэдгээ тэр хэлж байсан. Энэ бол хатуу хөтүү хорвоог сөрж, хатуужсаны тод томруун жишээ.

ОХУ-д суралцаж буй охидтой нь холбогдож, ээждээ хэлж амжаагүй, чадаагүй байсан сэтгэлийн үгийг нь дамжуулахыг хүссэн юм. Охин С.Халиун “Миний ээж гаднаа хатуу мэт харагддаг боловч дотроо их уяхан зөөлөн хүн. Өвдөхөд минь эмч, гуниглахад минь баяр баясал бэлэглэгч, уурлахад минь ухаарал хайрлагч байсныг энд ирээд л ойлгосонд уучлаарай. Та минь  охидынхоо дэргэд эрүүл саруул, урт удаан амьдраарай. Тандаа хайртай” хэмээн цахим шуудангаар бичиглэснийг хүргэж байна. Харин охин С.Хулан “Хайртай, баярлалаа гэдэг үгийг байнга хэлээд байдаггүй ч хүний нутагт амьдраад ирэхээр ээжийнхээ хайр энэрэл, бүхий л зүйлийг санадаг. Өдий зэрэгт хүргэж, өсгөж хүмүүжүүлэж өгсөн тандаа баярлалаа. Миний амжилт бүхний тулгуур хүч нь та гэдгийг хэлмээр байна.  Маш их хайртай шүү” гэж ээждээ дамжуулахыг хүссэн юм.

М.Сумъяагийн багаасаа л бодож мөрөөдөж байсан зүйл нь эмнэлэгт ажиллах. Эмч болж чадаагүй ч тэр эрүүл мэндийн салбарт үлгэр жишээ ажилласаар байна. Түүний ажлын гараа 2002 оноос эхтэй. Тухайн жилдээ БЗД-ийн эмнэлэгт үйлчлэгчээр ажилд ороод  2006 онд БЗД-ийн ЭМТ-ийн Зөвлөх польклиникт ажиллах болжээ. Одоо хэдийнэ эрүүл мэндийн салбарт ажиллаад 17 жилийг үдчихсэн байна. Өглөө эртлэн босоод ажилдаа яарна. Хариуцлагаа ухамсарлаж, эмнэлгийнхээ эрүүл ахуйг сайтар сахих нь түүний үүрэг. Хажуугаар нь шинжилгээний хариуг эздэд нь хүлээлгэж өгдөг байна. Хурдан шаламгай хөдөлгөөнтэй гэж хамтран ажилладаг хүмүүс нь түүнийг дүгнэдэг. Харин түүний баримталдаг зарчим нь “Цагийн юмыг цагт нь хийх. Ингэж л чадвал эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаанд алдаа дутагдал, саад тотгор тохиолдохгүй” хэмээн өгүүлсэн.

Эмэгтэй хүн гэдэг янз бүрийн сонирхол, дадал хэвшилтэй байдаг. Түүний хувьд хөргөгчний наалт цуглуулах дуртай. Яагаад ч юм бүү мэд. Сонирхолтой зурагтай, содон хэлбэртэй наалтуудаар хөргөгчөө “гоёх” дуртай гэлээ.

17 жилийн хугацаанд эрүүл мэндийн салбарт ажиллаж байхдаа олон ч хүнээс сургаалийн үг сонсож, өөртөө хэрэгжүүлж байсан гэв. Тэр тухайгаа “Одоо бол тэтгэвэртээ гарсан тухайн үед лабораторид ажилладаг байсан н.Өлзийбаяр эгч юмны түрүүнд битгий дуугарч бай. Ам чинь түргэн шүү гэж байнга захьдаг байсан. Бодож санах зүйлгүйгээр шууд хэлчихдэг зан маань зөв хүлээж авах нэгэнд нь зүгээр л санагддаг байх. Харин буруугаар ойлговол тэгээд хэцүү шүү дээ. Тиймээс үгээ цэгнэж байхыг боддог доо” гэж ярилаа. Хамт ажилладаг байсан вакцинатор Отгоо эгч нь түүнийг “Сумбууш” гэж өхөөрдөн дууддаг байна. Тэрбээр ярихдаа “Нэг удаа Амгалан зах дотор хүнсээ цуглуулахаар явж байсан юм. Гэтэл олон хүний дунд Сумбууш гэж дуудах нь тэр. Тухайн үед их л ичиж билээ. Манай вакцинатор Отгоо эгч л намайг тэгж дууддаг юм. Яагаад тэгж нэрлэснийг мэдэхгүй ч хааяа бодохоор элэгсэг дотно, хөгжилтэй санагддаг” гэж дурслаа. Харин түүнтэй хамт ажиллаад дөрвөн жилийн нүүрийг үзэж байгаа лаборант Ц.Нарангэрэл “М.Сумъяа эгчтэй хамтарч ажиллахад урамтай байдаг. Нийтэч, ажилсаг хичээнггүй, нийгмийн идэвхи сайтай. шударга хүн. Хэдийгээр надаас эгч боловч ээж шиг хэрнээ найз шиг л байдаг” гэж дүгнэсэн. Түүний хөдөлмөрийг үнэлж, НЭМГ-ын тэргүүний ажилтан, ЭМЯ-ны жуух бичгээр урамшуулж байсан удаатай.

Ажилдаа жинхэнэ эзэн нь байж чаддаг, дараа гэж бусдын ард үлддэггүй, бэрхшээлийг боломж хэмээн үздэг энэ эрхэм бүсгүй манай сайчуулын нэг гэдгийг хэлэхэд бахдам сайхан байна.

 

Монгол улсын хүн амын тоо