Буцах

“Түргэний тэрэг”-ний шаламгай жолооч Жийгий ах


ОВОГ НЭР:

Н.Жигжсүрэн



АЖЛЫН ГАЗАР:

БЗД-ийн ЭМТ



ТОВЧ НАМТАР:
1961 онд Завхан аймгийн Түдэвтэй сумын нутагт Надмид хэмээх айлд мэндэлсэн


БОЛОВСРОЛ:


ГАВЬЯА ШАГНАЛ:

Одоо ч ингэж нэрлэхээ больсон л доо. Түргэний тэрэг гэж нэрийдэж байх үед хүн зоны эрүүл мэндийн манаанд зогсолтгүй зүтгэхээр сэтгэл шулуудсан цэл залуухан Жийгий ах анх хүүхдийн тэргэний жолооч гэх хүнд хэцүү албанд довтолгож явжээ. Тэртээ нэгэн жил Жийгий ахыг хүүхдийн түргэнд ажиллаж байхад Хонхор тосгоны төвөөс яаралтай дуудлага ирж, эмчээ аваад гарсан байна. Амралтын өдөр ч таарч, хүүхдийн бие тун тааруу гэсэн учраас ах хүү байдгаараа хурдлаад л давхиад очжээ. 23 километр газрыг 18 минутад туулаад очсон ч хүлээж ядсан эцэг эх нь “Удаан ирлээ” гэж бухимдаж байсан гэдэг. Арга ч үгүй биздээ, Хоёр орчим настай бяцхан хүүхэд амьдрахын төлөө өвчинтэйгөө тэмцэлдэж байхад тэрнээс илүү л авир гарах байсан биз гэж  Жийгий ах өгүүлнэ. Тийнхүү өвчиндөө шаналсан бяцхан хүүхдийг хуучнаар 10-р төв оруулахаар яаран давхих цаг дор яаралтай тусламжийн эмч, хүүхдийг элгэндээ тэвэрч, эмчилгээгээ тасралтгүй хийсээр хүрсэн гэдэг. Жийгий ах тухайн үед хурдан давхих ёстой л гэж бодож явснаас эмч ямар эмчилгээ хийж байна вэ гэж анзаарах сөхөө байсангүй. Ингээд замдаа анхны тусламжийг маш амжилттай үзүүлж, бяцхан хүүхдийг хүргэж өгч, тун чиг удалгүй өнөө хүүхэд эрүүл болсон гэнэ. Цаг алдалгүй тусламж үзүүлсэн эмч, Жийгий ах хоёрт хожим нь ижий аав нь талархал илэрхийлэн ирэхэд нь “Яг л дайнд ялсан баатар лугаа бахархалтай, сайхан сэтгэгдэл төрж байлаа” хэмээн тэрбээр дурсан ярьж байв.

Ийнхүү хүүхдийн түргэний жолоочоос, албаны жолооч хүртлээ ард олныхоо амь насны төлөө тангараг өргөсөн цэрэг шиг зүтгэж яваа Н.Жигжсүрэн хэмээх даруухан эрхмийн тухай цааш өгүүлье.

Нас тогтож, намба суусан Н.Жигжсүрэн 1961 онд Завхан аймгийн Түдэвтэй сумын нутагт Надмид хэмээх айлд мэндэлсэн гэдэг. Ах дүү наймуулаа өссөн ч ажилч хичээнгүй аав ээжийн буянаар бүгд л эрдэм боловсролтой хүмүүс болж төлөвшсөн байна. Н.Жигжсүрэн найман настайдаа сумынхаа бага сургуульд элсэн орж, сургуулиа төгсөөд ХААИС-д суралцаж байгаад 1977-1979 онд ЗХУ-д хэлний бэлтгэлд сурсан ч нэг жилийн дараа унаган нутагтаа ирж, эр цэргийн албанд морджээ. Гурван жилийн хугацаатай цэргийн албыг хашиж, дараа нь Төв аймгийн атрын сангийн аж ахуйд тракторчин болж, анхны шонг таталцаж явсан тухайгаа дурсан ярьсан.

Үүний дараа нийслэл хотыг зорьж, ХМК-д ээлжийн мастераар ажиллаж байгаад дахин нутгийн зүг жолоо залсан гэх. Ингэж явсаар 2006 онд тухайн үеийн БЗД-ийн ЭМН одоогийн БЗД-ийн ЭМТ-ийн жолоочоор орж, өдгөөг хүртэл ажиллаж байна. Түүнийг эмнэлгийн хамтран зүтгэгчид нь Жийгий ах хэмээн авгайлдаг.  Олон жил эрүүл мэндийн салбарт зүтгэж яваа түүнийг эмч мэргэжилтнүүд намбалаг, хүнлэг, хариуцлагатай гэж сайшаана. Харин тэрбээр өөрийгөө тодорхойлохдоо “Хувь хүний ухамсар гэдэг нь ажил мэргэжлээ хийж байхад маш ихээр тодрон гардаг. Гэхдээ хүн нас нэмэх тусам ухаажиж, бодол сэтгэлээ ойлгодог гэж бодож байна. Магадгүй залуу насны ааг омгоор бардамнаж явсан үе байгаа л байх. Одоо бол буурь суурьтай, намбалаг, дотроо бодолтой явдаг болчихсон гэж бодож байна” гэж хэлээд хэсэг жуумалзсанаа “Өөрийгөө магтсан болчих гээд. Муулчихаар доош нь хийсэн болох гээд эвгүй юм”  гэж хэлэхэд нэрэлхүү зантай хүн болох нь анзаарагдаж билээ.  

Н.Жигжсүрэн нутаг усаараа гайхуулж, эмч мэргэжилтнүүдээрээ бахдаж бардамнаж явдаг. Ажил мэргэжлийн уялдаа холбоо, багаар ажиллах чадвар гэдэг эрүүл мэндийн байгууллагын эмч мэргэжилтнүүдийн онцлог давуу тал байдаг. Хариуцлага өндөртэй, хүссэн болгон нь хийгээд байх боломжгүй, бэрх хэдий ч жаргалтай, бартаатай хэдий ч бахдалтай ажил байдаг нь ойлгомжтой... Н.Жигжсүрэнгийн хэлснээр “Эмнэлэгт ажиллана гэдэг маш том хариуцлага. Эмч хүн хүний амийг хариуцдаг гэж ярьдаг. Гэхдээ жолооч мөн л адил эмчийн үүрэг хариуцлагыг үүрэх ёстой. Миний хувьд хүүхдийн түргэнд ажиллаж байхдаа яаралтай дуудлага орж ирэхэд цагаа харчихаад аль болох хурдан явах гэж өөрийгөө дайчлаад хичээж явдаг байсан. Одоо ч мөн ялгаагүй эмнэлгийн үйл ажиллагааг саадгүй, хүндрэл бэрхшээлгүй явуулахад миний үүрэг оролцоо тун их. Өөрийнхөө тааваар удаан явбал өвчтөний байдал ямар болох билээ, энийг л бодох хэрэгтэй. Тиймээс хурд хүч, авхаалж самбаа шаардсан ажил гэж ойлгож болно. Яагаад гэвэл аж ахуйн ажил ч бас хурд шаардана. Эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж, хоцрогдвол иргэдэд чирэгдэл үүснэ. Тиймээс цаг хугацаанд нь саадгүй хүргэж өгөх нь чухал байдаг” хэмээн ярилаа.

Жийгий ах Монгол орныхоо үзэсгэлэнт байгалийг бахдаж, аялаж зугаалах дуртай. Тэр дундаа унасан газар, угаасан усаа зорьж, байгалийн сайхныг мэдэрч сэтгэлээ тайтгаруулдаг гэсэн.

Хөдөлмөр хүнийг бүтээдэг. Өдөр бүр эмнэлгийнхээ цагаан тэргийг хөлөглөн яваа жолооч нарт та бүхэн зам тавьж өгөхөө мартуузай. Иргэдийнхээ эрүүл мэндийг хайрлан хамгаалах их үүргээ биелүүлэхийн төлөө тэд ачааллыг үл ажран давхисаар байдаг юм шүү.

Монгол улсын хүн амын тоо