Буцах

Гярхай Уран Гээеэ


ОВОГ НЭР:

Д.Гэрэлмаа



АЖЛЫН ГАЗАР:

БЗД-ийн 10-р хорооны Цэн-Оюу өрхийн эрүүл мэндийн төв



ТОВЧ НАМТАР:
1965 онд Говь-Алтай аймгийн Алтай хотод төрсөн.


БОЛОВСРОЛ:
Аймгийнхаа 1-р 10 жилийн сургуульд 1982 он хүртэл сурч байгаад нийслэл хотын зүг жолоо залжээ. Ингээд 53-р сургуулийг 1984 онд төгссөн байна. Харин дараа нь Анагаах ухааны дээд сургуульд элсэн орж, 1990 онд эмчийн мэргэжлийг эзэмшжээ.


ГАВЬЯА ШАГНАЛ:
Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, САТ-ийн аврахуйн үйлстэн, Нийслэлийн Засаг даргын Жуух бичиг, МӨАУМХолбооны 20 жилийн ойн медалиар тус тус шагнажээ.

Багын л аливаа зүйлийг шинжин сонжихдоо гярхай хүүхэд байсныг нь түүний эмээ, өвөө, аав, ээж нь хэлдэг байж. Харин тэрбээр өөрийгөө багаасаа “Уран Гээеэ” хэмээн цоллодог байв. Яагаад ийн нэрлэх болсноо өөрөө ч сайн мэддэггүй гэх. 1965 он. Өвлийн намуухан шөнө эцэг эхийнхээ нар болон гийн мэндэлсэн охин бол Дэрмаагийн Гэрэлмаа. Тэрбээр айлын том болоод ч тэр үү хэрсүү, гярхай, ажилч, хичээнгүй нэгэн болж төлөвшжээ. Гэрэлмаа уг нь 12-р сарын 25-нд төрсөн боловч улсын бүртгэлд бүртгэхдээ 10-р сарын 29-нд бүртгүүлсэн нь одоогийн бичиг баримтан дээр нь тэр хэвээр үлдсэн юм. Энэ  тухай түүний ээж нь “Миний охин чинь төрөөгүй байхдаа гэрчилгээгээ авчихсан гэж хошигнодог байсан” гэж тэрбээр дурслаа.

Намхан нуруутай, намбалаг төрхтэй энэ бүсгүй өдгөө 20 дох жилдээ өрхийн эрүүл мэндийн төвийг даргалж байна. Өдөр бүр тэр 24 километрийн цаанаас ажилдаа ирдэг. Гэсэн ч төвөгшөөж, шантралгүй албаа хашсаар байна. Ажлаа тараад их хотын түгжрэлд хэдэнтээ цагийг өнгөрүүлдэг ч маргаашийн мандах улаан нарнаар хоёр дох гэр болсон ажлын байрныхаа зүг яарна. Дарга хүн хамгийн түрүүнд ирж, сүүлд харих үүрэгтэй. Энэ үүргийг нэр хүндтэйгээр 20 жил хашиж байгаа болоод ч тэр үү, түүнийг хамт олон нь аядуу зөөлөн хүн гэж магтах нь чихнээ сонсголонтой сонсогдоно.

Багаасаа дүү нартайгаа тоглохдоо “эмч” болон жүжиглэдэг байсан нь хожмоо энэ мэргэжилд ээнэгшин дасах их үндэс болсон гэлтэй. Зургаахан насандаа мөн л эмч болон тоглож байгаад дүүгийнхээ биен дээр туурсан улаан зүйлийг ээжээсээ түрүүлээд олж харсан нь одоогийн БЗД-ийн 10-р хорооны Цэн Оюу өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Д.Гэрэлмаа байсныг тэр үед хэн ч мэдээгүй биз ээ.  Гярхай гэдэг тодотгол түүнийг багаас нь ийн дагах болжээ. Энэ тухайгаа тэрбээр “Аав, ээж, эмээ, өвөө гээд гэрийнхэн маань энд тэнд юмаа тавьчихаад хаана тависнаа санахгүй бол надаас л асуучихдаг байсан. Нэг харсан зүйлээ мартдаггүй болохоор гэрийнхээ лавлах шиг л байсан юм” гэж хуучиллаа. Эмч хүн аливаад нягт нямбай хандаж, гярхай байх ёстой. Тэгж гэмээнэ эрдэнэт хүний амь нас, эрүүл энхийн манаанд зогсох эрхтэй болдог мэт.

Бага насаа тэрбээр эмээ, өвөөгийнхөө элбэрэл хайранд өлгийдүүлэн өссөн болохоор аядуу зөөлөн ааш, намбыг нь өвлөн авчээ. Тэрбээр Говь-Алтай аймгийн Алтай хотод төрсөн. Аймгийнхаа 1-р 10 жилийн сургуульд 1982 он хүртэл сурч байгаад нийслэл хотын зүг жолоо залжээ. Ингээд 53-р сургуулийг 1984 онд төгссөн байна. Харин дараа нь Анагаах ухааны дээд сургуульд элсэн орж, 1990 онд эмчийн мэргэжлийг эзэмшсэн шинэхэн боловсон хүчин иргэдийн эрүүл энхийн манаанд бат зогсоход бэлэн болсон байна. Тэрбээр гадаадад эрүүл ахуйчаар явах гэж байсан боловч хоёр буурай нь хажуунаасаа холдуулахгүй гээд хотод авч үлдсэн гэдэг. Гэтэл сургуулиа төгсөхөд нь Эрдэнэтэд хуваарилчихсан байна. “Сурсан зангаараа хоёр буурай нь дэргэдээ байлгана гээд Эрдэнэтийн эрүүл мэндийн газар луу эмээтэйгээ очиж, бичиг баримтаа авч байлаа. Тухайн үед хоёр хөгшин маань таньдаг байсныхаа буянаар л авсан байх гэж боддог юм” хэмээн хуучилсан.

Сургуулиа төгсөөд хотын түргэн тусламжийн станцад дуудлагын их эмчээр ажиллах болсон ч төд удалгүй анхныхаа хүүхдийг өлгийдөн авчээ.  Үүнээс хойш 1998 он хүртэл тухайн үеийн хэсгийн эмнэлэгт  ажиллаж байгаад өрхийн эмнэлгийн тогтолцоонд шилжихэд тэндээ суурьшсан гэж хэлэхэд болно. Д.Гэрэлмаа нь улсад нийтдээ 29 жил ажилласнаас сүүлийн 20 жилийг нь өрхийн эмнэлгийг даргалж, хорооныхоо 9000 гаруй иргэнд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг саадгүй хүргэхэд өөрийн хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа энэ бүсгүйн хөдөлмөрийн үнэлэн Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, САТ-ийн аврахуйн үйлстэн, Нийслэлийн Засаг даргын Жуух бичиг, МӨАУМХолбооны 20 жилийн ойн медалиар тус тус шагнажээ.

 

Монгол улсын хүн амын тоо