Буцах

"ӨНӨӨДӨР ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД" хөтөлбөрийн багийнхан Налайх дүүрэгт ажиллалаа..

Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зочноор уригдан оролцож буй эмч нарын төлөөлөл ЭХЭМҮТ-н Амьсгалын Эрхтний Эмгэг Судлалын тасгийн эрхлэгч, Клиникийн профессор, Хүүхдийн тэргүүлэх зэргийн их эмч О.Солонго, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Чих хамар хоолойн мэс заслын ахлах зэрэгтэй, АУ-ны магистр эмч Э.Алтандөш нар өнөөдөр "#Ачлал_Налайх", #Нарны_Эрч_ӨЭМТөвд тус тус ажиллаж, нарийн мэргэжлийн эмчийн тусламж үйлчилгээг ард иргэдэд үзүүллээ. Тус өдөрлөгт хүүхдийн болоод чих хамар хоолойн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношлогоо нэн шаардлагатай нийт 100 гаруй иргэд хамрагдсан ба өөрт хэрэгтэй заавар, зөвлөгөөг авч чадсандаа сэтгэл дүүрэн байгаагаа илэрхийлж байлаа.

Хөтөлбөрийн хүрээнд ӨЭМТ-д Нарийн мэргэжлийн эмчийн үзлэг оношлогоо хийж, Өрхийн эмч, мэргэжилтнүүдийг үлгэрлэн чадавхижуулах ажлын байрны сургалтыг зохион байгуулж, цаашид өрхийн эмнэлгийн түвшинд хүүхдийн өвчлөлийг бууруулах, хүн ардынхаа чих, хамар, хоолойг хэрхэн эрүүл байлгах талаар зөвлөсөн юм.

Ажлын дараагаар Эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгал хөтөлбөрийн багийнханыг хүлээн авч уулзан цаашид зочин эмч нартай хамтран ажиллах хүсэлтэй байгаа төдийгүй, дүүргийн эмч нарыг мэргэжил арга зүйгээр хангах, зөвлөх үйлчилгээ авах саналтай байгаагаа илэрхийллээ. Ингэснээр эмнэлэг хоорондын уялдаа холбоо илүү сайжирч, эмч мэргэжилтнүүд ч чадваржих бөгөөд иргэдэд чирэгдэл үүсгэхгүй, лавлагаа шатлалын эмнэлгүүдийн ачааллыг бууруулах боломж бүрдэхийг онцолсон юм.

Өөрийн ажил болоод амралтын цагаа бусдын эрүүл мэндийг сайжруулахад зориулж, тусламж үйлчилгээ нэн шаардлагатай иргэдэд хүрч үйлчилсэн Зочин эмч нартаа болон хөтөлбөрийн багийнхандаа гүн талархал илэрхийлж, ажил үйлст нь өндөр амжилт хүсье.

Монгол улсын хүн амын тоо