Буцах

БАГАНУУР ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАЛТЫГ НЭМЭГДҮҮЛНЭ

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон холбогдох албаныхан өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлийн Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллалаа.

 

 

Нийслэлээс 130 км-ийн зайд орших Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв нь 17 тасаг нэгж, 319 ажилтан, 234 хэвтэн эмчлүүлэх ортойгоор харьяа оршин суугчид болон хил залгаа Хэнтий, Төв аймгийн найман сумын нийт 50 мянга гаруй иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг.

 

 

Сүүлийн жилүүдэд гэмтэл, эмэгтэйчүүд, мэс заслын тусламж, үйлчилгээг тэргүүлэх чиглэлээ болгон ажиллаж буй тус төвийн хувьд нэгдсэн эмнэлгийн хэмжээнд олон нэр, төрлийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна.

Тухайлбал, 2015 онд 10 ортой “Эмгэг нярайн тасаг”-ийг нээн ажиллуулснаар өдгөө жилд 400-500 орчим нярайд нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг үзүүлэх болжээ. Амьсгалын замын цочмог халдвар, томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед ачаалал эрс нэмэгддэг тус эмнэлгийн 50 ортой өргөтгөлийн барилга ирэх аравдугаар сард ашиглалтанд орох аж.

 

 

Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилга ашиглалтанд орсноор жирэмсэн эх, нярайд үзүүлэх амбулаторийн тусламж үйлчилгээ, хэвтэн эмчлүүлэх тасаг, мэс заслын болон төрөх тасгийг нээн ажиллуулахаар төлөвлөжээ.

Зүүн бүсийн авто замын тэнхлэг дагуу байрлалтай төдийгүй хүнд үйлдвэр, уул уурхайн салбар ихээхэн хөгжсөн алслагдсан дүүргийн хувьд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цогцоор нь үзүүлэх нэгдсэн төв болох зорьж буй аж.

 

 

Тодруулбал, лавлагаа шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх чиглэлээр Улсын Хоёрдугаар төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төвтэй хамтран эмч, мэргэжилтнүүдээ сургаж чадавхижуулах, эмчилгээний шинэ технологи нэвтрүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах зэрэг олон ажлыг зохион байгуулж байна.

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, төвлөрлийг сааруулах, чадавхижуулах ажлын хүрээнд тус төвийн үйл ажиллагаатай танилцсан Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хүний нөөц, багаж тоног төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүлэх цогц арга хэмжээ авна гэдгээ хэлсэн юм.

 

 

Мөн компьютер томографийн аппарат суурилуулахын тулд 380 вольтын цахилгааны шугам татах ажилд үүссэн санхүүгийн бэрхшээлийг шийдвэрлэж, гемодиализын аппаратын хүрэлцээг нэмэгдүүлэх, эрүүл мэндийг дэмжих төвийг байгуулах зэрэг асуудлыг шийдвэрлэсэн байна.

 

 

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР