Буцах

ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛИЙГ ХАНГАЖ, ХАЛДВАРТ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЖ АЖИЛЛАНА

Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдах ажилтны шуурхай хурал өнөөдөр боллоо. Тус ээлжит хурлаар НЭМГ-ын даргын “Коронавируст (COVID-19) халдвараас сэргийлэх, үйл ажиллагааг эрчимжүүлэх тухай” А/92 дугаар тушаал болон халдварт цар тахлын үед ажиллах Өрхийн эрүүл мэндийн төвийн бэлэн байдлын чиглэлээр зөвлөгөөн зохион байгуулах, үр хөндөлтийн талаарх мэдээлэл, үзлэгийн цаг захиалгын үйлчилгээ, улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт, ЕБС-ийн сургууль, цэцэрлэгийн багш нарын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, жирэмснээс сэргийлэх эм хэрэгслийн хангамж, 0-5 хүртэлх насны хүүхдийн эмнэлгийн бус эндэгдлийн тохиолдлын талаар холбогдох хэлтсүүдийн зүгээс мэдээлэл өгсөн юм.

Энэ хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар харьяа байгууллагуудын үйл ажиллагааны явц, хэрэгжилт болон барилга байгууламжийн ашиглалт, тусламж үйлчилгээний чанар, хүртээмж зэрэгт тулгарч буй асуудал, зохион байгуулж буй арга хэмжээний талаар эмнэлгийн удирдлагуудтай хэлэлцэж, цаашид хийх ажлын төлөвлөгөөг танилцуулан үүрэг даалгавар өглөө.

Шуурхай хурлаар үр хөндөлтийн мэдээллийг товлосон хугацаанд багтаан ирүүлэх, үзлэгийн цаг захиалгын үйлчилгээг зохицуулах НЭМГ-ын даргын 02 албан даалгаврын хэрэгжилтийг хангах, боловсролын байгууллагын багш ажилчдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулах, коронавируст “Ковид-19” халдвараас сэргийлэх, хариу арга хэмжээний үйл ажиллагааг эрчимжүүлэх, эхийн эндэгдлийг бууруулах чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулах, жирэмсний хяналтын нэг цэгийн үйлчилгээг сайжруулах, НЭМГ-ын даргын А/59 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангах, өвөлжилтийн бэлэн байдлыг хангаж ажиллах, Нийслэлийн эх хүүхдийн эмнэлэг, Бүгд найрамдах Турк улсын Станбул хотын хөрөнгө оруулалттай “Тика” төслийн буцалтгүй тусламжаар Налайх, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт баригдаж буй жишиг Өрхийн эрүүл мэндийн төв, мөн Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, Сэргээн засах клиник эмнэлэг болон Туул тосгоны Эрүүл мэндийн төвийн шинэ барилгыг ойрын хугацаанд ашиглалтад оруулах, “Коронавируст (COVID-19) халдварт цар тахлын үед ажиллах Өрхийн эрүүл мэндийн төвийн бэлэн байдал” сэдэвт зөвлөгөөнд санал ирүүлэх, коронавируст халдвараас гадна улирлын томуугийн өвчлөл, тарваган тахал, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх мэдээлэл, сурталчилгааг эрчимжүүлэх үүрэг даалгаврыг НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагуудад даалгалаа.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР