Буцах

ЭМЯ-НЫ ТОХИОЛДОЛ УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООНЫ ТӨЛӨВЛӨЛТ, ХЯНАЛТЫН БАГ НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЛБАНД АЖИЛЛАЛАА

Коронавируст “Ковид-19” халдварын үеийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдлын зохион байгуулалттай танилцах зорилгоор Эрүүл мэндийн улсын алба-тохиолдол удирдлагын тогтолцооны төлөвлөлт, хяналтын баг өнөөдөр Нийслэлийн эрүүл мэндийн албанд ажиллалаа.

Эрүүл мэндийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунхандаар ахлуулсан тус багт яамны холбогдох хэлтэс, албадын дарга нар, харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд багтсан байна.

Нийслэлийн эрүүл мэндийн албаны зүгээс газар хөдлөлт, үер усны гамшиг, угаарын хийн хордлого болон коронавируст “Ковид-19” халдварт цар тахлын үед авч хэрэгжүүлэх гамшгаас хамгаалах төлөвлөгөө, гамшгийн үеийн бэлэн байдал, зохион байгуулалт болон эрсдлийн үнэлгээ, хяналт шинжилгээ, үр дүнг өнөөг хүртэл хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагааны  баримт мэдээлэлд тулгуурлан танилцуулсан юм.

Энэ хүрээнд Эрүүл мэндийн улсын алба-тохиолдол удирдлагын тогтолцооны төлөвлөлт, хяналтын багийн ахлагч, ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд Нийслэлийн эрүүл мэндийн албаны гамшгаас хамгаалах үйл ажиллагааны зохион байгуулалт, хамарсан цар хүрээ, бодит үр дүнг өндрөөр үнэлж, цаашид хийх хамтын ажиллагааны нэгдмэл байдалд анхаарч ажиллахаар боллоо.

Ялангуяа коронавируст “Ковид-19” цар тахлын үеийн бэлэн байдлыг хангах зорилгоор дэлгэсэн “Яармаг-100”, “Яармаг-300” эмнэлэг болон Чингэлтэй дүүрэгт хийсэн хөл хорионы хязгаарлалтыг улсын хэмжээнд анх удаа зохион байгуулсан бодит үр дүн бүхий томоохон ажлын нэг хэмээн онцолсон юм.

Үйл ажиллагааны төгсгөлд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар “Ковид-19” халдварт цар тахлын үед ажиллах эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах тал дээр эрчимжүүлэх, халдвараас урьдчилан сэргийлэхэд иргэдийн мэдлэг хандлагыг дээшлүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний чиглэлээр ЭМЯ-ны харьяа байгууллагуудтай нягт уялдаа холбоотой хамтарч ажиллана гэдгээ илэрхийллээ.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР