Буцах

Ажлаа хоббигоо болгосон сувилагч бүсгүй

ОВОГ НЭР:
Д.Нэргүй
АЖЛЫН ГАЗАР:
БЗД-ийн ЭМТ-ийн Салбар амбулатори-1
ТОВЧ НАМТАР:
БОЛОВСРОЛ:
ГАВЬЯА ШАГНАЛ:

Гэмтэл, мэс заслын сувилагчийн албыг хашиж буй Д.Нэргүй бүсгүй өөрийн ажлаа хоббигоо болгосон туршлагатай нэгэн. Тэрбээр  1976 онд Баянхонгор аймагт Дамба гуайн бага хүүхэд нь болон мэндэлжээ. Дээрээ нэг ахтай болоод ч тэр үү багадаа сахилгагүй, эршүүд хүүхэд байв. Эцэг эхийн хуралд сууж буй ээж, аавынхаа чихийг нь халууцуулдаг байсан нь хэр дүрсгүй хүүхэд байсныг илтгэх биз ээ. Нэргүй бусад охидын адил хүүхэлдэй, дээс тоглохоос илүүтэй ахыгаа дагаж, эрэгтэй хүүхдүүдтэй тэвэг өшиглөж, дугуй унан бага насаа өнгөрүүлжээ.

Тэрбээр 21-р сургуулийг 1994 онд дүүргэж, Анагаахын коллежийг 1998 онд төгссөн байна. Ингээд нэг ангийн 12 хүүхэд Хавдар судлалын үндэсний төвийг зорилоо. Тэднийг очиход аль тасагт ажиллах сонирхолтой байгааг нь асуужээ. Харин Нэргүй багын л нь “хэрэгт дуртай”, сониуч нэгэн байсан тул сэхээний юм уу, аль эсвэл хагалгааны тасагт оръё гэжээ. Гэтэл хагалгааны тасагт курс хийж ордог юм гээд сэхээний тасагт хуваарилан өгсөн гэх. Тэндээ ажиллаж байгаад 2005 оноос хувийн бизнес эрхэлж эхэлсэн ч төд удалгүй буюу 2007 оноос БЗД-ийн ЭМТ-ийн халдвартын сувилагчаар ажиллах болов. Энэ хугацаандаа тэрбээр гэмтэл, мэс заслын олгох курс хийж, мэргэшжээ.  

Түүний аав эмнэлгийн түргэний тэрэгний жолооч бол ээж нь хуучнаар Сайд нарын 2-р эмнэлгийн уламжлалтын эмч байжээ. Нэргүйгийн бага насыг эмнэлгийн орчингүйгээр төсөөлөх аргагүй ч тэрбээр эмнэлгийн хүн болохгүй гэж боддог байсан гэх. Гэсэн хэдий ч одоо бол энэ салбарт өөрийн нэрээ тамгалсаар 20 жилийг ардаа орхиод байна.

“Аав, ээж хоёр маань эхээс аль, аль нь олуулаа. Манайх хотод байдаг учраас хөдөөнөөс хамаатан садан ирвэл биднийг л бараадана. Бие тэнхээ нь өвдөж, их муудах үе бий. Зарим нь манайд өнгөрсөн ч тохиолдол байдаг. Тийм болохоор л  эмнэлгийн мэргэжил чухал санагдсан учраас энэ салбарын тогоонд чанагдаж явна” гэлээ.

Түүний аав 11 дүүтэй. Тэднийгээ атгасан гар шиг зангидаж, харж, өсгөлцсөн учраас ширүүн, дориун араншинтай гэх. Харин Нэргүй аавынхаа энэхүү занг төдийгүй түрэмгий, шударга, шулуухан занг нь дуурайсан аж. Басхүү хөдөлгөөнтэй, сониуч занг нь өвлөсөн гэв. Үүнээс гадна бүх төрлийн хөгжим тоглох чадварыг нь өөртөө шингээж, урлагийн авьяастай нэгэн болжээ. Энэ тухайгаа

“Аав минь сурсан эрдмийг хэн ч чамаас булаахгүй. Нэг ч гэсэн зүйл сур гээд өөрийн мэддэг бүхий л хөгжмийг зааж өгсөн. Би ч хурдан сурдаг байлаа. Ямар сайндаа л шинэ дууны ая тоглож сурчихаад дуу хөгжмийн хичээл дээрээ хүүхдүүдийг уриалж, бужигнуулчихна. Тэгээд л багшдаа мөн ч их загнуулдаг байлаа. Одоо бол гитар л дардаг даа” гэв.

Мөн тэрбээр чөлөөт цагаараа сэлэх дуртай аж.  Гэхдээ мэргэжлийн ажилдаа бүр ч илүү дур сонирхолтой болох нь ярилцах зуур илхэн болов.

“Биений аль нэг хэсэгт нь гадны биет орчихсон бол авах эсвэл хатиг буглаатай хүмүүс ороод ирвэл нээх дуртай. Авчихъя л гээд үзээд байдаг онцлогтой. Ямар сайндаа хоёр, гурав хоног тийм зовиуртай хүн орж ирэхгүй бол авмаар, нээчихмээр санагдаад байдаг. Сонирхолтой, адал явдалд дуртай болохоор тэр биз” гэлээ.

Түүний боолт хийдэг өрөөнд ороход энгийн, өөр мэргэжилтэй хүнд бол зарс хиймээр санагдах мэдрэмж төрж байхад тэрбээр эсрэгээрээ улам нухах гэдэг нь сонин бас гайхмаар...

Энэ үед тухайн хүний өвчин зовиураас нь салгаж гэмээнэ түүний сэтгэл ханадаг болов уу гэж бодогдсоноо нуух юун.

 “Манай энд хоёр гурван үе, үе балгачихдаг нөхөр бий. Тэгээд согтуудаа гэмтээд ороод ирнэ. Тэр үед нь би цэвэрлээд, янзлаад гаргадаг. Маргааш, нөгөөдөр нь нөгөө хэд маань эрүүл болчихоод цэмбийгээд ороод ирэхдээ баярлаж талархсанаа илэрхийлнэ. Ихэнх хүн бол эдгэрчихлээ гээд шууд л мартдаг бол зарим нь тийм биш ээ. Бие нь тааруухан байгаа хүмүүс орж ирээд эдгэрээд гарах сайхан” гэж ярих энэ бүсгүй “Баярлалаа” гэх урмын сайхан үгээр услагдаж явдаг хүн.

Ийм нэгэн адтай, авхаалжтай, хурдтай, басхүү мэргэжилдээ дур сонирхолтой эмэгтэй БЗД-ийн ЭМТ-ийн эмч, мэргэжилтнүүдийн түүчээ гэдгийг бахархалтайгаар хэлэхэд таатай байна.