Буцах

Овгорын дүү сувилагч Довгор

ОВОГ НЭР:
Д.Уранчимэг
АЖЛЫН ГАЗАР:
БЗД-ийн ЭМТ-ийн Хүүхдийн эмнэлэг
ТОВЧ НАМТАР:
БОЛОВСРОЛ:
ГАВЬЯА ШАГНАЛ:

Овгор гэхээр л атаман гэж ойлгох хүн олон болов уу. Түүний дүү Довгор гэвэл бас л хэгжүүн, хийрхүү нэгний хоч нь юм шиг санагдаж болох. Гэхдээ энэ бол хэн нэгэн аймаг, сумын атаманы дүүгийн тухай бус ачлал энэрэлээ олонд түгээж буй сувилагч бүсгүйн талаар юм. Түүнийг төрөхөд толгойны оройн хэсэгт нь бондгор зүйл байж. Хачирхалтай нь том ах нь ч бас тийм байв. Ингээд гэрийнхэн нь ахыг нь овгор, Урнааг довгор гэж хочилдог байлаа. Одоо ч гэсэн бага дүү нь түүнийг “Довгор” гэж авгайлдаг гэнэ.

2000 оны эхэн үе. БГД-ийн Угтахуй өрхийн ЭМТ-д Уранчимэг гэх бүсгүй иргэдэд сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлж байсан гэх. Тухайн үед энэ төвийн эмч, сувилагч нар хагассайн өдөр ээлжээр ажилладаг байв. Уранчимэг нэг эмчийнхээ хамт дүрэм ёсоор ээлжинд гарахаар байлаа. Гэвч эмч нь жирэмсэн учраас хүнд хүн ирвэл эмчийгээ дуудаж, бусад үед нь өдрийг ихэвчлэн ганцаар өнгөрүүлнэ.  Нэгэн ээлжтэй өдөр тэрбээр сурсан зангаараа эртлэн очоод сууж байтал найм орчим настай хүүхэд орилоод ороод ирэх нь тэр. “Эгчээ миний дүү чихрэнд хахчихлаа, туслаарай хэмээн орж ирлээ. Тэр даруйд Урнаа фиксээ бариад гарах гэтэл урдаас нь өнөөх хахсан хүүхдийг ээж, эмээ хоёр нь аваад иржээ. Тухайн хүүхдэд амьсгал байхгүй, цэлдэн хөх болчихсоны дээр ээж нь чихрийг нь гаргах гээд ар нурууг нь хөх, эрээн болтол нь нүдчихсэн байсныг тэрбээр дурссан. Багшийнхаа зааснаар хүүхдийн ам руу бүлээн шингэн зүйл цутгахад эхэндээ тус болсонгүй. Дахин үйлдлээ давтахад хүүхэд бөөлжөөд бүх юм нь гарч, амьсгаа авахад нүүрэнд нь ягаа бутарч, уйлж эхэлжээ. Ингээд л ээж, эмээ хоёр нь миний хүүхдийг аварлаа, мундаг, буянтай хүн юм гээд сүйд болж байсан удаатай. Гэтэл төд удалгүй нөгөө охин өвөө уначихлаа хэмээн дахин орж ирлээ. Сувилагч бүсгүй  даралтны аппарат, ойр зуурын эм тариагаа зэхээд тэдний гэрийн зүг гарчээ. Харин айлд очиход хүүхэд хахахыг харсан хөгшин хямраад даралт нь ихэсчихсэн хэвтэж байв. Эмч рүүгээ залгаад зөвлөгөө заавар авчихаад эхний арга хэмжээ аваад байж байтал эмч орж ирээд хөгшний биеийн байдлыг дээрдүүлсэн гэх. Түүнээс хойш тэр гэр бүл үргэлж түүнд талархал илэрхийлж, баярласан сэтгэлээ илэрхийлсээр байдаг аж.

 

Энэ түүхийн эзэн бол одоогийн БЗД-ийн ЭМТ-ийн Хүүхдийн эмнэлгийн сувилагч Уранчимэг. Тэрбээр 1977 оны 6-р сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд мэндэлжээ. 10 жилийн сургуулиа нийслэлийн 69-р сургуулийг дүүргэж, анагаах ухааны коллежид элсэн орсон байна. Тэрбээр 2001 оны хавар сувилагч мэргэжлийг эзэмшин тухайн жилийн намраас нь эхлэн цусны станцаас ажлын гараагаа эхлүүлж байв. Хагас жил гарантай ажилласны дараа амьдралын шаардлагаар Дархан-Уул аймаг руу шилжээд эмэгтэйчүүдийн эмнэлэгт ажиллах болжээ. Тэндээ дөрвөн жил ажиллаж байтал эр нөхрөө даган дахин нийслэл хотын зүг хүлгийн жолоо татаж, Чингэлтэй, Баянгол дүүргийн өрхийн эмнэлэгт ажиллаж байв.

Багадаа сэргэлэн, адтай гэгч нь жигтэйхэн байсан тэрбээр өдгөө өөрийгөө өвчсөн мэт дуурайсан ганц охинтой. Уранчимэг цэргийн хүний гэргий болсноор эмэгтэй хүн, цагаан зээр хоёр нутаггүй гэдэг үгний жишээ болсон гэлтэй. Нөхрийгөө даган хилийн цэрэгт найман жил сувилагчаар ажилласан юм. Харин өнгөрсөн 11-р сард нийслэл хотод ирээд гэртэйгээ ойр учраас БЗД-ийн ЭМТ-д анкет бөглөн Хүүхдийн эмнэлэгт ажилд оржээ.

“Хилийн цэрэгт ажиллах нь мэдээж амаргүй. Би хэдийгээр өөр мэргэжилтэй хэдий  ч хагас цэрэгжилтийн байдалтай, байнга бэлэн байх ёстой. 16-18 насны хүүхдүүд хэдий ч том хүний энтэй эх орныхоо дархан хилийг манах үүрэгтэй хүмүүст сувилахуйн тусламж үзүүлдэг байсан. Тэд яг л хүүхэд шиг. Эрэгтэй хүмүүс зүү тариураас эмээдэг шүү дээ. Хүүхдэд тариа хийхийн тулд пороро зурж өгье гэх зэргээр аргаддагтай яг адилхан аргаар эмчилгээг нь хийдэг. Гэхдээ тэд бол цэрэг. Тушаал бол тушаал гэсэн зарчмаар ажиллаж ирсэн” гэлээ. 

Нэр нэгтийн чих нэг гэдэг шиг тохиолдол түүнтэй тохиолджээ. Түүний хадам ээжийг Уранчимэг гэдэг. Жирэмсэн байхдаа сандаргаад хадам ээж нь түргэнд дуудлага өгөв. Өвчтөний нэр Уранчимэг, дуудлага өгсөн хүний нэр гэхэд Уранчимэг хэмээн хариулжээ. Тэгсэн үгүй ээ эгчээ та өөрийнхөө нэрийг хэл гэж зандарсан байна. Харин хадам ээж нь учраа тайлбарлахад цаана нь бөөн инээдэм болжээ.

Багын л ааштай, адтай, ажилсаг охин байв. “Аав маань сумын засаг дарга байх үедээ хөдөөгүүр их явна. Тэгээд л шөнө ирэхэд нь хэн унтаагүй вэ гэвэл би л шомбойгоод сууж байдаг байсан гэж ярьдаг юм. Одоо хэр нь орой унтаж, өглөө эрт сэрдэг хэвээрээ” гэлээ. Хурц талдаа араншинтай ч хаана, хэрхэн өөрийгөө дарахаа мэддэг нь түүний давуу тал нь гэх. Түргэн яриатай, огцом хөдөлгөөнтэй энэ бүсгүй сувилагч хүнийг ийн тодорхойлсон юм.  “Эмнэлгийн мэргэжилтэн гэдэг хүний эрүүл мэнд, амь настай холбоотой хариуцлага ихтэй ажил. Тийм болохоор би мэргэжилдээ дуртай бас хайртай. Нөгөө талаас сувилагч хүн энэрэнгүй, зөөлөн сэтгэлтэй, хүнийг ойлгож мэддэг, харилцааны соёлтой байх ёстой гэж боддог” гэв.

Хувь хүний суурь хүмүүжил ажил мэргэжилдээ эзэн байхад ихээхэн нөлөөлдөг нь түүний байр байдлаас харагдаж байлаа. БЗД-ийн ЭМТ-тэй амьдралаа холбоод хагас жил болж буй энэ бүсгүй хамт олныхоо төдийгүй иргэдийнхээ итгэлийг даан ажиллаж байна.