Буцах

Ханхөхий, Хантайширын бэлгэдэлтэй “Ханхүү”

ОВОГ НЭР:
Л.Ханхүү
АЖЛЫН ГАЗАР:
БЗД-ийн ЭМТ-ийн Зөвлөх поликлиник
ТОВЧ НАМТАР:
БОЛОВСРОЛ:
ГАВЬЯА ШАГНАЛ:

Эмэгтэй хүнд төдийлөн хайрладаггүй Ханхүү гэх нэрийг Лүндэн гуай бага охиндоо өгчээ. Энэ нь хүү хүсч, засал хийлгэж, эсвэл ямар нэгэн зүйлийг аргалах гэснийх байгаагүй юм. Лүндэн бол Увс аймгийн Зүүн хангай сумын харьяат нисгэгч хүн байлаа. Тийм ч учраас Говь-Алтай, Ховд, Увс, Улаанбаатар гээд яваагүй газар нутаг тун цөөхөн. Ингээд Говь-Алтайн нисэх буудлын дарга хийж байх үед нь Ханхүү мэндэлжээ. Тухайн үед аав нь Хантайширын нуруун дээгүүр нисч явахдаа уул нуруудын сайхныг биширч, бахдан, бэлгэшээж Ханхүү хэмээх нэрийг охиндоо хайрласан байна.

“Аав минь Москвад нисэхийн сургууль төгссөн. Тийм болохоор орос хэлээр чөлөөтэй ярьдаг, боловсролтой, сэхээтэн хүн. Биднийг ч мөн боловсролтой, мэдлэгтэй болгоход түлхүү анхаарч, ач холбогдол өгдөг байсан. Ватум цаасан дээр бидний нэрийг эгнүүлж бичээд өдөрт хийх зүйлсийг жагсаан хуваарь гаргачихдаг байлаа. Өглөө 8-д босно, хичээлдээ явна, хоолоо иднэ, тоглоно гээд л бүх зүйл хуваарийн дагуу явагдах ёстой. Сургуулиа төгсөөд заавал дээд боловсрол эзэмших хэрэгтэй гэдэг байлаа. Хүүхдүүдтэй тоглож байгаад шоглуулж, зодуулаад уйлаад ороод ирэхэд ховлож болохгүй гэдэг зарчмаар авч хэлэлцдэггүй байсан. Ер нь бол дарга, цэрэг гээд ялгаварлах, бялдуучлах ёсгүй гэдгийг бидэнд сургасан. Миний хувьд багаасаа мэс заслын эмч болно гэж боддог байсан ч 8-р анги төгсөх үед ээжийн бие муудаж таарлаа. Тухайн үед ах, эгч хоёр минь оюутан болоод явчихсан. Би айлын томын үүргийг хүлээж байсан юм. За тэгээд хүүхдүүдийг сурлагаар нь жагсааж, сургууль хуваарилах үед нагац эгч минь комиссын багшаар ирж таарав. Тэгээд намайг оронгуут санал ч асуулгүй анагаахын дундад яв гээд л шууд тулгачихсан. Би 9-р ангид орох ёстой шүү дээ гэтэл аав, ээж чинь настай хүмүүс, дээр нь ээжийнх нь бие тааруу байна гээд шууд л явахыг зөвлөсөн. Ингээд би нийслэл хотын Анагаахын дунд сургуулийг 1992 онд эх баригч бага эмчийн мэргэжил эзэмшин төгсөж байлаа” гэв.

Тэрбээр 1999 оноос эхлэн одоогийн БЗД-ийн ЭМТ-тэй амьдралаа холбосон. Анх одоогийн салбар амбулатори-2-ыг 15-р төв гэж байх үед эмэгтэйчүүдийн бага эмчээр ажилд оржээ. Дараа нь хүүхдийн түргэнд диспетчер бага эмч, дотоод шүүрлийн сувилагч хийж байгаад 2009-2017 он хүртэл амбулаторийн бага эмчийн ажил үүргийг гүйцэтгэж байв. Үүнээс хойш Зөвлөх поликлиникийн бэлгийн замаар дамжих халдварын сувилагчаар ажиллаж байна. Тэрбээр 20 гаруй жил сувилахуйн тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлж байгаа юм.

Түүний ах нь эрүүл мэндийн салбарт ажиллаж буй хүмүүсийн талаар тийм ч тодорхой мэддэггүй байж. Нэг удаа ах нь эмнэлэгт хэвчихээд гарахдаа сувилагч хүний ажил мэргэжлийн онцлог, сайхныг мэдэрч ойлгосон тухайгаа Ханхүүд хэлжээ. “Би сувилагчийн ажлыг үнэлж хүндэлдэггүй байж. Гэтэл хэн бид нартай хэн илүү тулж харьцаж байна гэвэл сувилагч л юм байна. Хүмүүсийн ярианаас олон удаа сувилагчаар яах юм гэдэг үгийг сонсож байсан. Гэтэл асар үнэ хүндтэй, сайхан мэргэжлийг миний дүү сонгожээ. Чи сувилагч гэдэг мэргэжлээ голж болохгүй, харин ч бахархах ёстой” гэж хэлэх нь тэр.

Хүн мэргэжил эзэмшээд түүндээ мэргэших шиг сайхан зүйл үгүй болов уу. Өдөр бүр өөрийнхөө ажил мэргэжилд шунан дурлаж, сонирхож, бахархах юутай сайхан. Үүний дээр сонгож авсан хоёр дох гэр бүл болох сайхан, сайн хамт олон, хамт олонтойгоо өдрийг өнгөрүүлэх, зовлон жаргалаа хуваалцах нь  түүнд аз жаргал авчирдаг гэх. Хамт олныхоо дунд элгэмсэг дотно, хариуцлагатай, тууштай хэмээн үнэлэгддэг энэ бүсгүй 22 жил эрүүл мэндийн салбарт ажиллажээ.

Тэрбээр аавынхаа дураараа, өөрийнхөөрөө зөрүүд занг нь дуурайсан гэлээ. Нас ахихын хэрээр зөв зөрүүдлэхээ мэддэг болоод байна хэмээн хошигноод ч амжсан. Түүний урам зориг авдаг зүйл иргэдээс ирэх урмын үг. Үгээр өөртөө ташуур хийн улам хичээх, зүтгэх ёстойг өөрийн биеэр үлгэрлэж яваа эгэл жирийн бүсгүйчүүлийн түүчээ юм.