Буцах

Эмнэлгийн үнэрт ээнэгшин дассан “Зэрлэг согоо”

ОВОГ НЭР:
А.Чимгээ
АЖЛЫН ГАЗАР:
БЗД-ийн ЭМТ-ийн Салбар амбулатори-1
ТОВЧ НАМТАР:
БОЛОВСРОЛ:
ГАВЬЯА ШАГНАЛ:

Эмнэлгийн үнэр дотно, дулаахан санагддаг гэх энэ бүсгүйг А.Чимгээ гэдэг. Тэрбээр айлын том болоод ч тэр үү хэрсүү, аливаа ажлыг нугалахдаа гарамгай сайн гэдгийг хамт олон нь хэлдэг. Түүнийг эмнэлгийн мэргэжилтэн болоход хамгийн их нөлөөлсөн хүмүүс бол ээж, нагац ах нь байсан юм. Ээж нь төмөр замын эмнэлгийн хүүхдийн тасгийн сувилагч, нагац нь одоогийн Хавдар судлалын үндэсний төвд бага эмчээр ажилладаг байв. Харин тухайн үед дүү нарынх нь нэг нь ханиад, хатгаа хүрвэл ээж нь ажил дээрээ авчирч, эмчлүүлэхийн зэрэгцээ давхар ажлаа ч амжуулдаг овсгоотой эмэгтэй байлаа. А.Чимгээ энэ болгонд нь ээжийнхээ үйл хөдлөлийг харж, суралцаж, эрүүл мэндийн салбарт дурлах болжээ.

Тэрбээр Дархан-Шарын голын уурхайд төрсөн аж. Эцэг эх нь тэнд ажиллахаар очоод анхны үрээ өлгийдөн авсан бол Чимгээ долоон дүү дагуулжээ. Харамсалтай нь түүний ээж охиноо 16-хан настай байхад бурхны орноо заларсан байна. Энэ тухайгаа

“Намайг 8-р ангидаа хөдөлмөр зуслан явчихаад ирэхэд ээжийг минь эмнэлэгт хэвтсэн тухай мэдээ хүлээж байсан. Тухайн үед манайх үерт автаад шавар шавхайтай байсан санагдана. Эмээ минь “Миний охин ээж дээрээ очихгүй юм уу, асуугаад байна лээ гэхэд нь хүүхдийн гэнэхэн зангаар өглөө очъё гээд тоогоогүй юм. Ээж минь тэр шөнөдөө бурхан болсон. Ээжийнхээ захиасыг сонсож чадаагүйдээ одоо хүртэл харамсаж явдаг. Нас ахих тусам үгүйлэн санаж байна даа ээжийгээ” гэсэн юм.

Тэрбээр багаасаа л нагац ах болон эмээ дээрээ өссөн. “Эмээ, нагац ах хоёр маань л биднийг хүн болгосон. Нөгөө талаар эрт биеэ дааж, хэрсүүжсэн ч байж болох юм. Би багын л ариун цэврийн дарга, бүлгийн дарга гээд нийгмийн идэвхтэй, хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Ямар сайндаа л уран зохиолын багшаасаа “Зэрлэг согоо” гэсэн хоч хүртэх вэ дээ. Ангийнхантайгаа хөөцөлдөж тоглоод багшийг орж ирэнгүүт нүүр нь улайчихсан байх нь аргагүй шүү дээ. Тэгээд самбарын урд дуудагдахад шилэн трикотой, туранхай жаахан охин байсан болохоор зэгзгэр харагдсан байх гэж боддог. Сургууль төгсөхөд галстук /улаан бүч/ дээр дурсгалын үг бичихдээ ангийн дарга маань

Маахуур толгойн энгэр дээр 

Мандах нартай уралдан гарсан

Бээгийгийн маань ирээдүйн хань

Бяцхан согоо чамдаа гээд шүлэглэсэн нь одоог хүртэл байдаг” гэлээ.

 

Бээгийгийн хань гэсний учир нь тэрбээр 10 жилийн ангийнхаа хүүхэдтэй амьдралаа холбож, өдгөө үерхэж нөхөрлөснөөсөө хойш 37 жил, нэг гэрт ороод 32 дахь жилтэйгээ золгож байна. Ангийнх нь хүүхдүүд тэднийг самбарын урд гаргаад богтолж байна гээд бараг л хуримлуулчихдаг байсан тухай ч тэрбээр дурссан. Харин нөхөр нь болохгүй, бүтэхгүй зүйлтэй эвлэрэх дургүй, шуудхан хэлчихдэг, өөрийнхөөрөө занд нь татагдсан гэх. Гэхдээ хүүхдүүд нь өвдөхөд тоохгүй, гайгүй болчихно гээд ажилдаа махруу хандахад нь нөхөр нь үе үехэн зэмлэдэг гэнэ.

“Би ч олон хоч, нэр зүүж байжээ. Сувилагчийн сургуульд  сурч байхдаа “Галзуу Чимгээ” хэмээн цоллуулдаг байлаа. Хүмүүсийн нүдэнд  тэгж л тусдаг байсан нь одоо ч дурсгалын дэвтэр дээр дурайгаад байж байдаг. Харин нагац маань их нямбай цэвэрч, ном их уншина. Худалдаж авсан бол он, сар, хаанаас авснаа тэмдэглэчихдэг. Хүн дурсгасан бол гарын үсэгтэй нь он, сараа бичээд хадгална. Номыг уншихдаа нугална, дээр нь бичнэ гэж байхгүй. Үүнийг нь дуурайгаад би ч номонд хорхойтой байсан. Хүжийн галаар ном уншиж үзэх гэж туршиж байлаа. Саваагүй л байж” гэж ярилаа. Үүнийг нь сонсоход хүртэл хэчнээн дүрсгүй, хөдөлгөөнтэй, сэргэлэн хүүхэд байсныг нь тайлбарлах нь илүүц мэт санагдлаа.

Тэрбээр эмч болохоор 1985 онд анагаахын дээдэд конкурс өгсөн ч оноо дутаж, сувилагчийн сургуульд орсон гэх. Сургуулиа төгсөөд хоёр жил ажиллаж байгаад Анагаах ухааны дээд сургуульд орохоор зэхэж байсан боловч анхны үрээ олсноор суралцах боломжгүй болжээ. Хувь заяагаар ч тэр үү түүний том хүү Б.Бат-Эрдэнэтэй сэтгүүлч миний бие нэгэн цагт хамт ажилладаг байлаа. Даруу төлөв, аядуу зөөлөн, зан харьцаа сайтай хүүхэд байсан нь ээж, аав нь сайн хүмүүжүүлж, өсгөсний илрэл болов уу.

Түүний ажлын гараа ээжийгээ алдсаны дараа буюу 1984 онд 9-р ангиа төгссөний дараа байлаа. Зуны амралтын гурван сардаа ШУГТЭ-ийн Зүрх, судасны мэс заслын тасагт асрагч хийсэн нь эрүүл мэндийн салбарт хөл тавьсан эхэн үе нь юм.

Үүний дараа 1987 онд Сувилагчийн сургууль төгсөөд тухайн үеийн СБД-ийн 4-р нэгдсэн эмнэлэгт ажиллах томилолт авчээ. Очсон эхний өдрөө л дотрын тасагт хуваарилагдаж, шууд ээлжинд гарсан байна. 80 ортой тус тасагт нэг сувилагч, хоёр асрагч л ажилладаг байв.

“Тухайн үед ачаалал их байсан. 80 ортой ч 100-120 хүртэл хүн хүлээж авна. Аль болох боломжоороо гудас дэвсээд, түшлэгтэй сандал дээр хүртэл хүнээ авдаг байлаа. Тэнд л анх удаа өөрийнхөө гар дээр хүн алдаж байсан нь хамгийн харамсалтай санагддаг. Тэр үед астматай байн байн ирж хэвтдэг нэг ах хүү байсан юм. Надад ч их сайн “шувуухай” гэж хоч өгчихөөд чихэр, бохь, цайгаар дайлдаг, сэтгэлээрээ хүн байсан. Тэгээд л “Шувуухай ах нь ирсэн шүү” гээд л дуудна. Нэг шөнө ээлжтэй байхад их л муудчихсан ирсэн. Би ч оргүй учраас сандал дээр хүнээ сахиуртай нь авлаа. Гэнэт шөнө дундад ахын бие муудаж, би ч  эмчийгээ дуудах гэтэл өрөөндөө байсангүй. Тэгэхээр нь анхны арга хэмжээ авч тарихаар хатгангуут судас нь хагараад, хүчилтөрөгч өгөх гэхээр хагархай подушкатай учраас нэг давхраас зөөх гэсээр байтал асгараад хий нь гарчихаад байв. Одоо бодох нь ээ их л хангалт муутай байж дээ. Тэгээд л гар дээрээ ах хүүг алдаж байсан. Түүнээс хойш л дахиж ээлжин дээрээ хүн нүд аниулахгүй л юм шүү гэж өөртөө зорилго тавьсан. Тэнд таван жил ажиллах явцад дахиж тийм асуудал гараагүй” гэв.

Тэрбээр салбартаа 33 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд салбарынхаа системийн хамгийн том шагнал болох Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдэг хүртэлх бүхий л шагналаар энгэрээ мялаалгуулсан нь мэргэжилдээ эзэн болж явдгийн илрэл гэлтэй. Харин БЗД-ийн ЭМТ-тэй 1992 онд хуучин 10-р төв гэж байхад нь амьдралаа холбожээ. Ажиллах явцдаа нэг хэсэг Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төв буюу хуучнаар Мэргэжлээс шалтгаалах өвчин судлалын төв дээр хүний нөөцийн менежер хийж байсан удаатай. Гэхдээ тэндээ хоёр жил ажиллаад эргэн эмнэлэгтээ оржээ. Тэрбээр улс орон зах зээлд шилжиж нөхөр нь цомотхолоор ажилгүй болоход ажлынхаа хажуугаар нөхөртэйгөө нийлж эмэгтэй костюм, юбка, куртка хийгээд зардаг байж. Мөн хагас, бүтэн сайнд техникийн зах  дээр нэг удаагийн сав, шилэнд хоол хийж борлуулдаг байсан ч удаатай. Энэ бүгдийг үр хүүхдийнхээ төлөө хийж, бүтээж явсан бахархам хүмүүс ажээ.

Одоо бол тэрбээр БЗД-ийн ЭМТ-ийн Салбар амбулатори-1-ийн ахлах сувилагчаар ажиллаж байна. Түүний энэ алба нь амбулаторийнхоо нярав, аж ахуй гээд бүхий л ажилд оролцдог онцлогтой. Тэр хэрээр амбулаторийн өнгө үзэмж, ажлын бүтээмж нь энэ хүнтэй нягт холбоотой гэсэн үг. Ийм нэгэн ид хавтай, тууштай, туршлагатай бүсгүй БЗД-ийн ЭМТ-ийн салбар амбулатори-1-ийн ахлах сувилагчийн албыг хашиж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэн танд саадгүй хүргэхэд өөрийн бие, сэтгэл зүрх, оюун чадлаа зориулан ажилласаар байдаг юм.