Буцах

Сэтгэлд дотно элгэмсэг сувилагч Жаажаа

ОВОГ НЭР:
Ж.Энхтүвшин
АЖЛЫН ГАЗАР:
БЗД-ийн ЭМТ-ийн Зөвлөх поликлиник
ТОВЧ НАМТАР:
БОЛОВСРОЛ:
ГАВЬЯА ШАГНАЛ:

Айлын буурин дээр үлдсэн чулуу, шаазангийн хагархайгаар тоглон өссөн бяцхан охиныг Энхтүвшин гэдэг. Тэрбээр Хэнтий аймгийн Баян-Овоо сумын малчин ард Жадамбаа гуайн том охин болон 1973 онд мэндэлжээ. Түүний хувьд цэцэрлэгт явж байгаагүй тул сургуульд ортлоо эмээ өвөөгийндөө өссөн. Бага насныхаа тухай  хуучлахдаа “Миний том дүү надаас нэг насаар л дүү. Үе тэнгийн хоёр бужигналдаж өссөн дөө. Багадаа үсэг мэдэхгүй ч хэлбэр дүрсээр нь нэрлээд тогтоочихсон байсан. Одоо бодоход инээдтэй юм шүү. В-г нүдний шил, ш үсгийг хашаа, ү-г чавх гэхчилэн нэрлэдэг байлаа. Харин би сургуульд орохдоо ганцхан насны зөрүүтэй учир аав, ээж минь хамтад нь нэг ангид оруулж билээ. Дүү нар минь намайг эгч гэж дуудахгүй Жаажаа гэж авгайлдаг байсан. Одоо ч хэвээрээ. Тэгээд дүүтэйгээ нэг ангид орсон өнөөх маань сурсан зангаараа ангийнхны дунд Жаажаа гэж дуудна. Тэгэнгүүт ангийн хөвгүүд намайг шоолно. Хариуд нь би намайг тэгж дуудлаа гээд дүүгээ зодно. Ийм л хөгтэй, хөгжилтэй бага насаа өнгөрүүлсэн дээ” гэв.

Тэрбээр 1989 онд 8-р ангиа төгсжээ. Тухайн үедээ эрүүл мэндийн салбарын мэргэжилтэн болно гэж төсөөлөөгүй явсан гэх. Гэтэл ангийн багш Осоржамаа нь “Чамд эрүүл мэндийн салбар л тохирно. Энэ хуваарийг ав” гэж хэлсэний үндсэн дээр Дорноговийн Анагаах ухааны дунд сургуулийг эх баригч бага эмчийн мэргэжлээр 1993 онд төгссөн байна. Ингээд сумандаа багийн эмч хийж байгаад БЗД-ийн ЭМТ-д 2005 оноос ажиллах болжээ. Нийтдээ 26 жил энэ салбарт ажилласны 16 жилийг БЗД-ийн ЭМТ-дөө өнгөрүүлсэн байна. Харин сүүлд энэ салбар луу чиглүүлж, мэргэжил эзэмшихэд нь маш том хөрөнгө оруулалт хийсэн багштайгаа таарсан гэв. Мэдээж, багшийнхаа зөвлөгөө ёсоор эмнэлгийн мэргэжилтэн болсондоо талархаж буйгаа илэрхийлж, өнөөдрийн үнэ цэнэтэй өөрийгөө бүтээсэн багшийгаа хүндлэн асарч чадсан байна. Чихрийн шижинтэй гээд дотоод шүүрлийн эмчийн хяналтад байсан багшдаа үргэлж тусалж, дэм болж байсан ч харамсалтай нь жилийн өмнө түүнийг орхин бурхны орныг зорьжээ.

“Би ямар нэг зүйлийг хийе гэж бодвол заавал дуусгаж байж санаа амардаг. Ер нь бол тууштай, хариуцлагатай байхыг хичээж, удирдлагын зүгээс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж байж салахыг боддог доо” гэв.

Түүний ажлын онцлог нь эмэгтэйчүүд, эхчүүдтэй харьцдаг учраас сайхан, цагаахан гэгээхэн энергитэй байдаг гэх. Олон жилийн хугацаанд салбартаа ажилласан түүнд хөгтэй, хөгжилтэй, асуудалтай олон тохиолдол тулгарч байв. Нэгэн удаа хөдөөнөөс хотод шилжиж ирээд удаагүй болов уу гэмээр эмэгтэй жирэмсний хяналтанд орж ирэв.

“Эмч харахаараа айж, чичрээд сандраад байдаг Ариунаа гэх жирэмсэн бүсгүй нэг удаа эмч үзэж байгаад үтрээндээ лаа хийсэн үү? Гэхэд ам дагуулаад хийсэн гэж хэллээ. Бид ч хийгээгүй янзтай байхаар нь лавлаад ямар лаа хийсэн бэ? гэж асуулаа. Тэгтэл яагаа вэ? ТҮЦ-нд 100,150 гээд байдаг, асаадаг лаа гэв. Энэ үед загнах ч биш, уурлах, инээхийн завсраар л юм болсон” гэлээ. Хүн бүрийн боловсрол, мэргэжил, хувь тавилан өөр өөр байдгийн адилаар эрүүл мэндийн салбар ажиллаж буй мэргэжилтнүүдэд энэ мэтийн явдал тохиолдох нь цөөнгүй.  

Түүнийг харж ажихад инээд муутай, хөөрхөн инээдэг, сэтгэлд дотно дүртэй нэгэн мэт сэтгэгдэл төрнө. Тэрбээр одоо БЗД-ийн ЭМТ-ийн Зөвлөх Поликлиникийн эх баригч бага эмчийн албыг дурлан хайрлаж, бахархан хашиж байна. 

Тэрбээр хэрээсэн хатгамал, шүрээр хэлхэж элдэв зүйл урлах дуртай. Анх 2016 онд гар урлалын тэмцээнд дүүрэгтээ 3-рт, Монголын эмнэлгийн ажилтны үйлдвэрчний эвлэлээс зохиосон уралдаанд 2-р байранд орж байсан удаатай уран нэгэн. Мөн түүний хөдөлмөр, хичээл зүтгэлийг үнэлэн 2006 онд Хүүхэд залуучуудын хөгжлийн төвийн алтан медаль, 2008 онд байгууллагын аварга сувилагч, дүүргийн болон нийслэлийн эрүүл мэндийн газрын өргөмжлөл, 2010 онд ЭМЯ-ны жуух, 2015 онд Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнан урамшуулж байв. Үүгээр ч үл барам ёс зүйтэй, эелдэг сувилагч номинацийн эзэн болоод амжжээ.

Түүний хэлснээр сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа хүн “Хүнд тусалж, хүний төлөө гэсэн сэтгэлтэй байх ёстой. Тэгж гэмээнэ өөрийн ажил бүтдэг гэж боддог” гэв.

Ийм нэгэн сэтгэлийн хаттай, сэргэлэн сувилагч БЗД-ийн ЭМТ-ийг чимээгүйхэн чимсээр хөдөлмөрлөж байдаг юм.