Буцах

Спортын мастер Мөөлөө

ОВОГ НЭР:
Ш.Мөнхцэцэг
АЖЛЫН ГАЗАР:
БЗД-ийн ЭМТ
ТОВЧ НАМТАР:
БОЛОВСРОЛ:
ГАВЬЯА ШАГНАЛ:

БЗД-ийн ЭМТ-д ажилладаг 300 гаруй эмч мэргэжилтнүүд дунд олон авьяас билэгтэн бий. Бидний бахархал болсон эмч мэргэжилтнүүдийн түүчээ хүүхдийн ерөнхий мэргэжилтэн Ш.Мөнхцэцэгээр залгамжилж байна. Тэрбээр 1976 онд Говь-Алтай аймгийн төв Алтай хотод төрсөн. Аав Г.Ширнэн үндэсний бөхөөр хичээллэдэг, аймгийн арслан цолтой. Аймгийн багш, дасгалжуулагч  мэргэжил нэгтнүүд нь тэднийхээр ирж очдог. Нэгэн удаа Энхээ дасгалжуулагч энэ охин их уян хатан юм уран сайхны  гимнастикаар  хичээллүүлээч гэсэн гэдэг. Ингээд 1984 онд ерөнхий боловсролын сургуульд элсэн орж тэр цагаас хойш гимнастикаар хичээллэх болжээ. Ш.Мөнхцэцэг багын ажилч хичээнгүй басхүү спортод сонирхолтой нэгэн байв. Түүний дүү нар бүгд спортоор хичээллэдэг. Отгон дүү Ш.Болорцэцэг цанын спортын мастер. Дүү Ш.Батцэцэг усан спортын улсын аварга. Дүү Ш.Баярцэцэг сагсан бөмбөг, гар бөмбөгийн зэрэгтэй гэх мэт бүгд спортын зэрэгтэй тамирчид байдаг. Ш.Мөнхцэцэг  нь Алтай хотын 10 жилийн сургуульд суралцах хугацаандаа өсвөр насны улс, аймгийн олон удаагийн тэмцээнд түрүүлж, спортын мастерийн болзлыг хангаж амжилт дүүрэн явсны зэрэгцээ усан спортоор хичээллэдэг бас бүжиглэдэг чамгүй авъяастай нэгэн аж.

 Бага ангидаа баяр наадмын үеэр гимнастикаар хичээллэдэг ангийнхаа хоёр охинтойгоо тагтаа бүжгийг бүжиглэж олны танил болсон гэдэг. Тэднийг хүмүүс гурван тагтаа явж байна гэж дууддаг байсан гэх. “Аймаг, сургууль, ангийнхаа нэрийн өмнөөс уралдаан тэмцээнд оролцдог болохоор эцэг эх, багш, сурагчид бидэнд их хайртай, хүндэлдэг бахархдаг байлаа. Энэ л миний хамгийн сайхан дурсамж. Ер нь би багын завгүй хүүхэд байсан. Ээж төрийн албанд, аав алс тээвэрт явчихдаг айлын том охин тул ар гэрийн ажилд тусалж, дүү нараа асарна бас болоогүй хичээлээ тараад гимнастикийн бэлтгэлээ хийж их оройтож харина. Улсын тэмцээнд явахаар бол хичээлээс чөлөөлөгдөж урт хугацааны бэлтгэлд гардаг байлаа. Ангийнхаа охидуудтай ч тоглох зав төдийлөн гардаггүй байсан санагдана. Нэг  удаа тэмцээнээс ирчихээд өөр ангийн охидтой талцаж,  резиндэж тоглосон. Бусад хүүхдүүдийн хийж чадахгүйг би ганцаараа хийж багаараа түрүүлж байсан нь санаанаас гардаггүй юм. Багш дасгалжуулагч нар маань чи цаашид спортоороо явах хэрэгтэй гэж зөвлөдөг байсан ч би эртнээс цагаан халад өмссөн эмч болохыг мөрөөдөж, энэ л замыг сонгосон доо. Эмч болоход нөлөөлсөн зүйл гэвэл аав, ээжийн  дүү нар ижил нэртэй  эгч нар минь байлаа. Авга эгч  Г.Дулмаа ЭХЭМҮТ-ийн ЭБЭЭ-ийн  зөвлөх эмч  Клиникийн профессор, Нагац эгч Г.Дулмаа Говь–Алтай аймгийн НЭ-ийн хүүхдийн эмч, УЗ хорооны дарга байсан. Тэднийхээ ажлаар орж гарч яваад л цагаан халаданд дурласан байх даа. Би ерөнхий боловсролын сургуулийн зуны амралтаар НЭ-т асрагч хийдэг байлаа” хэмээн дурсамжаа уудалсан. Тухайн үед нутагт нь эмчийн хуваарь хоёрхон ирж, тэрбээр хуваарь авч чадалгүй бага эмчийн хуваарийг сонгон Дарханы анагаах ухааны коллежийг 1994-1997 онд суралцан төгссөн аж. Мөнхцэцэг багын уян хатан байсан учраас нэгэн урлагийн наадмын үеэр гимнастикийн спортын мастерийн авьяасаа үзүүлсэн байна. Үүнээс хойш дарханы сургуулийн оюутнууд түүнийг эргүүлэх болов. Харин Мөөлөө ангийнхаа ганц хөвгүүнээр өөрийгөө хамгаалуулдаг байсан нь ирээдүйн хань Маналжав нь байв. Тэд Дархан–Уул аймгийн АУК-ыг улаан дипломтой онц төгсөж, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын эмнэлэг, Эрдэнэт хотын НЭ-ийн мэс заслын тасагт дөрвөн жил ажилласан байна. Энэ ажиллах хугацаандаа мөрөөдлөө биелүүлэхээр уралдаан шалгалтанд бэлтгэж, ЭМШУИС-ийн АУС-д тэнцэж оюутан болсон юм. “Оюутан байх үед    манай сургуулийн АУдоктор профессор С.Бадамжав багш хувийн эмнэлэгтээ ажиллах санал тавьж, суралцахын зэрэгцээ ажиллаж багшаасаа их зүйлийг сурч, зав гарвал усанд спортоор  хичээллэдэг байсан. Ангийн хүүхдүүд баяр ёслол, үзвэр, аялал зугаалганд явж байхад би ажил руугаа л явдаг байлаа. Ингэж явсаар би АУИС-ийг төгсөж тангараг өргөсөн хүний их эмч болж, эмчийн ажлын гараагаа БЗД-ийн Эмнэхүй Өрхийн эмнэлгээс  эхэлсэн. Ажиллахын зэрэгцээ АУ-ы магистрын зэрэг  хамгаалж, ЭХЭМҮТ-ийн хүүхдийн резидентэд суралцаж байхдаа ЭМТөвийнхөө хүүхдийн түргэнд өдөр шөнөгүй ажиллаж, уйгагүй хөдөлмөрлөснийг минь хамт олон минь өндрөөр үнэлэн  ЭМЯ-ны жуух, ЭХТА цол тэмдгээр шагнагдсан байдаг юм.   Миний амьдралын ихэнх хугацаа эмнэлэг дотор өнгөрдөг байлаа”  гэж ийн өгүүллээ.   Тэрээр 2014 оноос тус төвд хүүхдийн ерөнхий мэргэжилтнээр дэвшин одоог хүртэл ажиллаж байна. Мөөлөө багын дайчин шургуу зангаа тавихгүй хүүхдийнхээ чиглэлээр  БНХАУ-ын GUANGXI мужийн Nanning  хотын Дунан Дашуэй сургуульд докторантурт суралцаж, судалгааныхаа ажлыг ажлынхаа хажуугаар амжуулсаар л яваа дайчин бүсгүй юм.

Спортын гимнастик бол бүх спортын цагаан толгой, спортын хатан хаан гэгдэх энэ спортоос тэвчээр хатуужил, уйгагүй хөдөлмөрч занг өөртөө суулгаж чадсан тамирчин бүсгүй Мөөлөө хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө хүүхэд байхаасаа эхлэн хөдөлмөрлөж, суралцаж, ажиллахын зэрэгцээ ар гэр амьдрал ахуйгаа зохицуулж нөхөр Г.Маналжавтайгаа ханилан суугаад 23 жилийг ардаа үджээ. Тэд гурван хүүхдийн эцэг, эх болсон төдийгүй охин нь ч мөн эмчийн мэргэжил сонгосон эмнэлгийн албаны гэр бүл билээ.

Ш.Мөнхцэцэг эмчийн ажлын нэг өдөр ихээхэн завгүй өнгөрнө. Дүүргийн ЭМТ гэдэг утгаараа өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч нарыг мэргэжил арга зүйгээр хангахын зэрэгцээ хүүхдэд  үзүүлж буй тусламж үйлчилгээний чанарыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажилладаг гэлээ. Монголын үрсийг эрүүл энх өсөн торниход өөрийн мэдлэг, мэргэжил, ур чадвар, сэтгэл юугаа зориулж буй эгэл жирийн эмнэлгийн мэргэжилтэн БЗД-ийн ЭМТ-ийн бас нэгэн бахархал билээ.