Буцах

Судрын нэртэй, сэтгэл сайт эмч бүсгүй

ОВОГ НЭР:
С.Пүрэвсан
АЖЛЫН ГАЗАР:
БЗД-ийн ЭМТ-ийн Салбар амбулатори-2
ТОВЧ НАМТАР:
БОЛОВСРОЛ:
ГАВЬЯА ШАГНАЛ:

1991 оны Улсын их баяр наадмын өдөр Сүхмандалынх гэж айл  бага охиноо өлгийдөн авчээ. Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд төрсөн энэ охинд эцэг, эх нь Цолмонбаяр хэмээх нэр хайрласан ч төөрөг тавилантай нь нийцэлгүй өвчин ороох ихэсчээ. Сандарч мэгдсэн эцэг эх нь маарамба дээр очиж, нэр өгөхийг хүссэнд Пүрэвсан гэх судрын нэр хайрласан байна. Тэрбээр Мөрөн сумын 2-р цэцэрлэг, Ж.Бадраагийн нэрэмжит Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн хими, биологийн гүнгийрүүлсэн сургалттай ангийг дүүргэжээ. Харин эгч нь түүнээс найм, ах насны 12 зөрүүтэй учир оюутан болж, явснаас хойш айлын ганц хүүхэд шиг өссөн гэх. “Би даруухан, дуу цөөтэй, нийгмийн идэвх сайтай ч төвийг сахисан, алтан дунджийг барьсан хүүхэд байсан гэх үү дээ. 10 жилд байхдаа волейболын спортоор хичээллэж, улсын аварга шалгаруулах тэмцээнд аймаг, орон нутгаа төлөөлж явдаг байсан. Тэгж явахдаа Хөвсгөл аймгийн Биеийн тамир спортын хорооноос волейболын спортын 1-р зэрэг авсан удаатай. Оюутан болсон хойноо ч тэмцээн уралдаанд тогтмол оролцохын хажуугаар хичээлдээ ч сайн, хичээнгүй хүүхэд байлаа. Үүний үр шимээр 4-р курстээ захирлын нэрэмжит степент авсан. Харин 6-р курстээ Нийслэлийн оюутны холбооны тэргүүний оюутан болсон” гэлээ.

Тэрбээр 2009 онд Монос Анагаах ухааны дээд сургуульд элсэн орж, одоогийн Шинэ анагаах ухааны их сургуулийг 2015 онд төгсчээ. Сурч байхдаа буюу 6-р курстээ БНХАУ-ын Хөх хотын Төв эмнэлэг дээр нэг сарын хугацаатай дадлага хийсэн байна. Сургуулиа төгсөөд 9-р сард лицензээ гармагц БЗД-ийн эрүүл мэндийн төвд уламжлалтын эмчээр ажиллах болжээ.

Түүний эмч болох хүсэл нь эмнэлгийн ажилтны алдаанаас болж, багадаа бурхан болсон эгчтэй нь салшгүй холбоотой гэх. Энэ тухай ээжээсээ сонсоод л эмч болохоор эрс шийдсэн байна. “Ээжийг минь Т.Содномпил гэдэг. Ээж минь ОХУ-ын Эрхүү хотын ХААИС-ийг эдийн засагч мэргэжлээр төгссөн хүн бий. Эмийн ургамлын талаар маш сайн мэдлэгтэй, бараг л маарамба шиг хүн л дээ. Намайг 10 жилд байхад уул хадаар явж, жимс, ногоо, эмийн ургамал түүж, ялгаж танихыг заадаг байлаа. Энэ бүхэн намайг уламжлалтын эмч болоход нөлөөлсөн гэж боддог. Аавыг бурхан болсноос хойш нуруун дээрх ачаа нь хэтэрхий их болсон. Бид гурвыг гарыг нь ганзаганд хөлийг нь дөрөөнд хүргэх гэж энэ насаа зориулсан. Ганцаар бүгдийг зохицуулж, энэ амьдралаа хос багана шиг авч явсан дайчин, хурц, шийдэмгий, шаргуу, хөдөлмөрч эмэгтэй. Одоо 70 нас дөхөж яваа ч сэмбэгэнээд л байдаг шүү. Ээж дээрээ жилдээ нэг л очих юм даа” хэмээн харамсангуй хэлэв.  

Тэрбээр төлөв даруу, удаан тайван байдал, алхаа гишгээ, хөдөлгөөн нь  аавтайгаа адилхан. Харин тууштай, аливаа зүйлийн эцсийг нь үзэж байж санаа нь амардаг дайчин чанарыг ээжээсээ өвлөжээ. “Би аливаад тууштай, үнэнч байхыг эрхэмлэдэг. Тухайн зүйлийг харах өнцгөө зөв, эерэг байхыг хичээдэг. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхдээ өөриймсөг хандаж, тусалчих юмсан, одоо биш ч дахиад ирэхэд нь итгэлийг нь алдахгүй юмсан гэж хүсдэг. Зөөлөн, дулаан, өрөвч зан чанартай, зөв байж гэмээнэ зөв явна гэсэн бодолтой байдгаараа бахархдаг” гэв. Баярлалаа гэх урмын үг түүний ажлын эрч хүчийг нэмдэг гэх. Уламжлалтын кабинетаар үйлчлүүлж буй хөгшчүүдийн хайр хүндэтгэлийг хүлээж байгаадаа үргэлж талархдаг гэдгээ хэлж байсан юм.

“2018 онд нэлээн махлаг, гундуухан яваа нэг эмэгтэй над дээр ирж байсан. Түүнийг нөхөр нь хоёр хүүхдийнх нь хамт хаяад явсан гэж ярилаа. Хонгорзул гэх тэр эмэгтэй надад “Эгч нь өөрчлөгдмөөр байна” гэж үнэнээ хэлж, чин сэтгэлээ уудалсан. Тухайн үед түүнд тураах зүү эмчилгээ хийж, 15-20 кг жинг бид хамтдаа  хасч чадсан. Тэр үед миний нүдэн дээр Хонгороо эгч өөрчлөгдөж байлаа. Өөрийгөө харах өнцөг нь өөр болж, биеэ авч явах нь хүртэл ондоо болчихлоо. Жингийн хувьд асуудалгүй, төрх нь хүртэл эмэгтэйлэг, сайхан болж, нүдэн дэх гал цог нь нэмэгдсэний зэрэгцээ ажилд орж, хамт олонтой болсон юм. Одоо тэр эгч хааяа ирж зөвлөгөө авсан хэвээр. Үргэлж талархсанаа илэрхийлж, эмчилгээ хийлгэхэд тайвшрал мэдэрдэг гэдгээ хэлж байсан нь санаанаас гарамгүй сайхан дурсамж” гэв.

Пүрэвсан эмчийн ажлынхаа хажуугаар өсвөр насныхныг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд анхаарч байгаа нь тун сайшаалтай. Ингэхдээ хүүхдийн спортын хүмүүжилд зориулсан эрүүл мэндийн боловсрол олгох зорилготой “Сод ирээдүй” ТББ-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

Тэрбээр нөхөр, хоёр хүүхдийн хамт аж төрдөг. Уламжлалт анагаах ухааны талын хүн учир монгол хоолоо л хийдэг онцлогтой гэх. Хэрэглээ нь хүртэл Монгол хүний биеийн онцлогт тохирсон уламжлалтынх гэдгээ хэлж байсан.  Мөн чөлөөт цагаа суралцахад л зориулах дуртай нэгэн байна. Одоо тэрбээр уламжлалт анагаах ухааны магистрантад сурч байгаа юм.

“Хүн мэргэжлээ зөв сонгож, ажил, амьдралын гарааныхаа эхлэлийг зөв тавивал цаашдын зам нь дардан байдаг гэж боддог. Өлгийдөж авсан БЗД-ийн эрүүл мэндийн төв маань өгөөжтэй, сайхан газар, хамт олон минь хүртэл үргэлж сэтгэлд дотно байдаг” гэлээ.

Хүний төлөө гэсэн сэтгэлтэй байж гэмээнэ эмч хүний ажлын бүтээмж харагдах биз ээ. Ийм нэгэн даруу, төлөв, хичээл зүтгэлтэй, сэтгэл сайтай нэгэн бүсгүй БЗД-ийн Эрүүл мэндийн төвийн Салбар амбулатори-2-ын уламжлалтын эмчээр ажилласаар тав дахь жилтэйгээ золгож байна. Тэрбээр 2018 оны байгууллагын чанарын аварга, 2019 онд Хайлаар хот руу туршлага судлах эрхээр шагнагдсан удаатай, цаашид ч хийж бүтээх зүйл ихтэй эрүүл мэндийн салбарын залуу үеийн төлөөлөл юм.