Буцах

Сайхан зантай Сайнаа

ОВОГ НЭР:
Б.Сайнжаргал
АЖЛЫН ГАЗАР:
БЗД-ийн ЭМТ-ийн Хүүхдийн эмнэлэг
ТОВЧ НАМТАР:
БОЛОВСРОЛ:
ГАВЬЯА ШАГНАЛ:

 “Сайхан зантай Сайнаад хүн болгон сайн” гээд нэр нь ч тэр, тодорхойлсон гуншин нь ч мөн адил шүлэг зохиочихмоор нэгэн бүсгүй БЗД-ийн ЭМТ-ийн эд эс болсоор нэг жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хүн бол Баярсайханы том охин Сайнжаргал. 1983 онд нийслэл хотноо мэндэлсэн охиныг ээжийн талынхан нь Сайхан зантай Сайнаа гэж өхөөрдөн дууддаг аж. Түүнийг бага байхад аав, ээж нь Булгарь арьс ширний үйлдвэрт ажилладаг байв. Соц үеийн ажил ихтэй эцэг, эхийн үрс ямар байдаг тэр л жишгээр  24-ийн яслид явдаг байсан охин өдгөө БЗД-ийн эрүүл мэндийн төвийн Хүүхдийн эмнэлгийн ерөнхий эмч билээ. Тэрбээр өөрийгөө ааш хөдөлбөл чамгүй ааштай нэгэн гэдгээ нуулгүй хэлж орхисон нь шулуун шударга зантайнх нь илрэл мэт.

“24-ийн яслид явсаар байгаад хүний эв олохдоо сайн учраас намайг  Сайхан зантай Сайнаа гэж өхөөрддөг байсан болов уу. Тэр үеийн цэцэрлэгийн багшаар нь дандаа сувилагч нар ажилладаг байсан. Тэр хэрээр хичээл заах, асаргаа сувилгаа нь “мундаг” байж. Ямар сайндаа л цэцэрлэгтээ явна, Баатараа багшдаа очно гэж дуулдаг байх вэ дээ. Тухайн үеийн багш маань намайг том болсон ч гэрээр орж гарна. Тийм л элгэмсэг дотно байлаа. Харин сүүлд ХУД-ийн ЭМТ-ийн Чих, хамар хоолойн сувилагчаар ажиллаж байгаад насандаа суусан гэж дуулдсан. Бас болоогүй ээ, аав, ээж цэцэрлэгээс авахаар ирэхэд нь долоо хоног бүр зурагны мөнгөний өрөнд оруулчихсан сууж байдаг гэсэн. Багш нар хүртэл авьяастай, авьяасгүй гээд бүх хүүхдийг алагчлалгүй дуулуулж, бүжиглүүлж, хөгжүүлэхэд анхаардаг сайхан цаг үе байсан” гэлээ.

Сайнаа 18-р дунд сургуулийг 2001 онд дүүргэж, тухайн үеийн Анагаах ухааны их сургуулийн эмчилгээний ангид элсэн орж, 2007 онд ЭМШУИС-ийг төгссөн байна. “Намайг сургуульд сурч байх үед буцалгадаг щиприц айл болгон хэрэглэдэг байлаа. Щиприц, тоо боддог савхаараа тариа хийж байна гэж их л тоглодог байж. Бас Банштай зутан, Нохойтой дөрвөн танкчин л үзнэ. Зуны гурван сарыг Булган аймгийн Сайхан суманд эмээ дээрээ очиж өнгөрүүлнэ. Тэгээд л малчин ардын хүүхэд юу хийх ёстой бүгдийг нь хийдэг байлаа. Манай ээж, аавын талынхан бүгд нягтлан, эдийн засагч мэргэжилтэй хүмүүс бий. Намайг ч сургууль төгсөхөд математикаар бэлдэж байсан юм. Харин миний хувьд хуульч болох сонирхолтой байсан хэдий ч ээж минь зөвшөөрөөгүй. Тэгээд химийн багш минь конкурс болохоос 2,3 сарын өмнө химиэр бэлдээд шалгалтаа өгч, тэнцсэн. Ингээд л эмч болох эхлэл минь тавигдсан юм” гэлээ.

Тэрбээр сургуулиа төгсөөд удалгүй амаржсан тул нэг хэсэг эмч хийхээр яараагүй гэдгээ тайлбарласан. Гэтэл нэг найз нь “Чамаас муу сурдаг байсан нь эмчээр ажиллаж байхад, чи чадалгүй яахав дээ” гэж хэлсэн нь урам өгөх түлхүүр нь болсон гэх. Ингээд 2009-2010 онд хүүхдийн резидентэд суралцан хүүхдийн 2-р эмнэлэгт буюу одоогийн СБД-ийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт 2010-2016 оны хооронд ажиллаж, хөдөлмөрийн гараагаа эхлүүлж байв. Мөн дикриттэй байх хугацаандаа хүүхдийн цэцэрлэгийн эмчээр ажиллаж байсан юм.  Харин 2014 онд Солонгос улсын Халлим их сургуулийн эмнэлэг дээр хүүхдийн эмчийн феллов хийжээ. “Халим эмнэлгээс бүх зүйл нотолгоонд суурилсан байх ёстой гэдгийг ойлгосон. Дараа нь Интермэдэд ажиллаж байхад шаардлагатай оношлуур, лаборатори гээд бүгд бэлэн байсан учир нотолгоонд суурилсан эмчилгээ бичих боломжтой нь сайхан санагдсан. Дүүргийн эмнэлгүүдийг тийм болоосой л гэж хүсдэг” гэв.

Сайнаа 2016-2017 онд Интермед эмнэлгийн хүүхдийн эмчээр ажиллах хугацаандаа Удирдлагын академид Нийтийн удирдлагын чиглэлээр амжилттай суралцан төгссөн бол 2018-2019 онд  хүүхдийн гастроэнтерологи, дурангаар курс хийж, одоо ШУТИС-ийн Үйлдвэрлэл, технологийн сургуулийн Хоол, шим тэжээл судлалын тэнхимд Нутришионы чиглэлээр магистрантад сурч байна. Харин 2019 оноос эхлэн БЗД-ийн Эрүүл мэндийн төвд ажиллаж байгаа юм. Тэрбээр 2003 онд нөхөртэйгөө танилцаж байв. Одоо тэд гурав дахь үрээ өлгийдөн авахаар хүлээж байгаа юм. “Нөхөртэйгөө анх танилцаж байхад авто ашиглалтын инженер гэхээр нь “чи машин засдаг юм уу” гэж асууж байлаа. Гэтэл биш ээ, шал өөр гэж хэлсэн. Тэр минь ШУТИС-д лаборант багш байсан юм. Надаас нэг ах ч гэсэн түрүүлээд төгсчихсөн. Тэдний сургууль тухайн үедээ интернет сайтай ганц сургууль нь байсан учир лабораторийг нь ашиглаж, хичээлээ хийхийн тулд хааяа очиж уулздаг байсан. Сүүлд нэг асуухад намайг бусад хүмүүсээс цэвэрч гэж боддог, байгаа байдал нь таалагдсан гэж нэг л удаа тэгж хэлж байсан нь санаанаас гардаггүй. Харин одоо бол амаа угаа, дотуур хувцсаа соль гэх мэтээр нөхрөөсөө, хүүхдүүдээсээ л эдгээр байдлыг шаардах болсон” гэв.

Тэрбээр өөрийгөө аав шигээ түргэн зантай, шударга, ээжтэйгээ ижилхэн хоол сайтай, ажилсаг хэмээн тодорхойлов. “Пялдаганасан, худлаа ярьдаг хүмүүст би дургүй ээ. Хов жив хөөцөлддөг хүмүүсийг ч үздэггүй. Чиг шугам нь ямар байх ёстой яг л тэр зарчмаар ажиллах хэрэгтэй гэж боддог” гэлээ.

Эмч, мэргэжилтнүүд иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй, саадгүй хүргэхийн тулд өдөр, шөнөгүй ээлжээр ажилладаг нууц биш. Үүний адил Сайнаа жижүүрт гарна. “Нэг удаа манай охиноос ээж нь юу хийдэг билээ гэж асуухад “манай ээж манаач” гэж хариулсан байгаа юм. Аргагүй шүү дээ жижүүрт гарна гэдгийг тэгж л ойлгодог байж. Гэтэл хүү маань “манай ээж хүүхдийн эмч тэгээд ажил дээрээ хонодог байхгүй юу” гэж тайлбарласан удаатай” гэв.

Монголын олон бяцхан үрсийн эрүүл мэндийг хамгаалах үйлсэд хүчин зүтгэж буй “Сайхан зантай Сайнаа” БЗД-ийн ЭМТ-ийн өөр нэгэн нэрийн хуудас билээ.