Буцах

Хүндлэл хүлээсэн “Дөмөг” эмч

ОВОГ НЭР:
М.Саранцэцэг
АЖЛЫН ГАЗАР:
БЗД-ийн ЭМТ
ТОВЧ НАМТАР:
БОЛОВСРОЛ:
ГАВЬЯА ШАГНАЛ:

Дуудах нэрийг эцэг эх, дуурсах алдрыг өөрөө олно гэдэг ардын сайхан үг бий. Маньбазар гуайнх одоогийн Амгалан амаржих газарт өмөг түшиг болох дунд охин Саранцэцэгийг 1966 онд өлгийдөн авсан түүхтэй. Эднийх ам бүл 15-уулаа. Ах, дүү 13 хүүхдийг мөр бүтэн, гэдэс цатгалан өсгөхийн төлөө аав, ээж нь цаг наргүй хөдөлмөрлөсний үр дүн талаар болсонгүй. Учир нь аав ээжийн амин үр Дөмөг нь эмчийн мэргэжил эзэмшиж, тэднийхээ ачийг бага ч атугай хариулсан талаараа хуучилсан юм. “Би ер нь аавын охин байсан. Ах дүү олуулаа өссөн ч аавтайгаа арай дотно, ойрхон нь би гэх үү дээ. Манай хоёр ах өсвөр насандаа аавын минь чихнээс хонх уядаг хүүхдүүд байлаа. Хэрэг төвөг тарилаа гэхэд төлбөр мөнгийг нь аав төлнө. Тэгэхэд нь аавыгаа хараад их өрөвддөгсөн. Аав минь “Төмөр замын нэг цагдаа эмэгтэй ямар сайхан ааштай, тусархуу гэж санана” гээд л магтсан нь санаанаас гардаггүй юм. Тийм болохоор би хүнийг хамгаалж, өмгөөлөх мэргэжил эзэмшиж, хуульч, өмгөөлөгч болно гэж боддог байлаа. Гэтэл конкурс өгдөг жил миний сонгосон 3-р группт хуулийн сургуулийн хуваарь ирээгүй юм. Ингээд 1985 онд Анагаах ухааны дээд сургуульд элсэн орж, эмч болохоор суралцаж буй оюутнуудын жишгээр 1-р амаржих газрын эмэгтэйчүүдийн тасагт асрагчийн ажил хийсэн. Намайг 1992 онд АУДС-ийн хүүхдийн эмчийн факултетийг хүүхдийн эмчийн мэргэжлээр төгссөн жилээс өрхийн эмнэлгийн тогтолцоо анх үүсч, нэгдүгээр шатлалаас нь эхлэн ажилласандаа, мөн энэхүү мэргэжлийг эзэмшсэндээ үргэлж талархаж, бахархаж явдаг. Үр шимийг нь төдийгөөс өдий хүртэл хүртэж явна. Тийм ч учраас аав, ээжийнхээ энэ их энэрэл, ачлалыг бага ч болов хариулж чадсан болов уу гэж бодохоор сэтгэл минь өег байдаг юм. “Тэр хоёр минь миний гар дээр өөд болцгоосон. Эцсийн замд нь үдэх хүртлээ асарч, сувилж чадсандаа баяртай байдаг” гэж хэлэхдээ хоолой нь зангирч, нулимс нь цийлэгнэнэ. Нуух гэж хичээвч тогтохгүй байгаа нулимс нь уяхан, зөөлхөн сэтгэлтэй охин үрийнх нь сэтгэлийн илрэл байв.

“Дунд сургуульд би математикийн хичээлдээ сайн хүүхэд байсан. 6-8 дугаар ангидаа аймгийн төвд очиж олимпиадад орохдоо нэг хүүтэй байнга таарна. Тэгэхэд ирээдүйн ханьтайгаа танилцсан гэдгээ яахин мэдэх билээ. Замын-Үүд сумын сургууль найман жилтэй учир 9,10 дугаар ангидаа аймгийн төв лүү шилжиж суралцсан. Гэтэл нөгөө хүүгийн ангид орчихсон. Бидний амьдрал сурагчийн ширээнээс эхэлсэн. Би ангийн дарга, манай хүн үйлдвэрчний эвлэлийн бүлгийн дарга хийдэг байлаа. Хувь тавилан гэж байдаг юм билээ. Бүхий л зүйл учир шалтгаантай гэдэгт би итгэдэг. Би ганц охиноо эмч болгоно гэсэн боловч өөрөө дургүй. Харин хувь тавилангийн зургаар охин минь 10-р ангиа төгсөөд миний хүсч байсан Монгол Улсын Их сургуулийн хуулийн ангийн хуваарь авсан. Миний хүссэн мэргэжлийг охин минь өөрөө сонирхож, хүссэндээ эзэмшлээ шүү дээ” гэлээ.

Тэрбээр сургуулиа төгсөх жилдээ эмчийн дадлагаа Дорноговь аймагтаа хуваарилагдан хийжээ. Тухайн үеийн аймгийн Эрүүл мэндийн газрын дарга нар хуралдаад хамт очсон эмчилгээний ангийг төгссөн О-г  их эмчээр, Саранцэцэгийг Мандал сумын хүн эмнэлгийн эрхлэгчээр томилжээ. “Газрын даргад эмчилгээний анги төгссөн хүүхдийг эрхлэгч болгомоор байна гэж хэлтэл авч хэлэлцээгүй. Харин ажлаа хүлээж авахаас өмнө гэртээ ирэхэд аав минь “Миний хүү очоод сумын эмнэлгийн бүх ажилтны үгийг сонсоорой. Манаач, асрагч, галлагч гэж огт ялгаж харьцаж болохгүй” гэж захисан. Ингээд 69 машин хөлөглөөд очиход их сайхан хүлээж авсан. Миний өрөө нэг талдаа ажлын байр нөгөө талдаа амьдрах байр минь байлаа. Маргааш нь хамгийн эхний шалгуур болох өвчтөн ирлээ. Дээр үед 200-гийн цагаан орны хөлний доор хуурай сүүний лааз тавьдаг байсан юм. Гэтэл орны хөлнөөс уяатай байсан хоёр настай хүүхэд унаад уруулаа яз авчихаад ирлээ. Би ч дотор, гадна талыг оёод явуулсан. Тухайн үедээ бөөн цусан дотор яаж оёсноо ч мэдээгүй. Дараа нь жимбэгэр, сайхан оёсноо харахад урамтай байлаа. Гэтэл бас нэгэн үүрээр лам хувцастай эр амаржих гэж буй эхнэрээ тэврээд ороод ирлээ. За ингээд анх удаа хүүхэд эх барих хүндхэн боловч эрхэм үүрэг надад оногдсон. Эхийг орон дээр гаргаад хэвтүүлэхэд хүүхдийн зулай цухуйчихсан байлаа. Амаржих газар асрагч хийж байсан учир эх, үр хоёрыг ямар нэгэн хүндрэлгүй, эсэн мэнд эх барьж авсан. Дараа нь өнөөх лам “өөрийн нэрний Мөнх, миний Саранг аваад бяцхан үрдээ Мөнхсаран гэж нэр хайрласан” гэж билээ хэмээн эмчийн алдрыг хүртсэн эхэн үеийн дурсамжаа хуваалцсан юм.,

Тэрбээр сумын эмнэлгийн эрхлэгчээр их эмчийн дадлагаа хийн ажиллаж дуусгаад нийслэлийг зорьж, 1992-1993 онд өрхийн эмнэлгийн эмч болов. Тухайн үеийн Толгойтын тээвэрчдийн эмнэлгээс түүний ажлын гараа эхтэй.

“Сургууль төгссөний дараа өрхийн эмчийн нэг жил зургаан сарын курсыг дүүргэж, улсын эмнэлгүүдэд том хүн үзэж, өрхийн эмч болдог байлаа. Тэр хугацаанд насанд хүрэгчдийг үзэхэд ямар нэгэн хүндрэл саад байсангүй. Харин хүүхэд бол огт өөр. Юу нь өвдсөн, ямар зовиуртай байгаагаа хэлж чадахгүй шүү дээ. Нярай хүүхдийн уйлалт нэгийг хэлдэг. /чанга, аяархан, гинших, час хийтэл уйлж байна уу гэдгээр нь шинжих тал бий/ Хүүхдийн эмч хүн нарийн мэдрэмжтэй байх ёстой.  Өрхийн эмчээр ажиллаж байхдаа тухайн айлаа эрүүл мэндийн таван бүлгээр судалдаг байсан. Харин айл, өрхөөр үзлэг хийж явах нь ямар айл нь зорилтот бүлэг, аль нь боломжийн гэдгийг судлах боломжийг олгодог. Дараа нь эргээд хүмүүс Сараа эмч байна уу? гээд ороод ирэхэд ажлаа илүү сайн хийх юмсан, хүндээ хүрч үйлчлэх юмсан гэж бодогддог байлаа. 1994 онд Эрүүл мэндийн 7-р төв рүү шилжиж, өрхийн эмчээр үргэжлүүлэн ажилласан” гэв.

Тэрбээр 1995-1999 он хүртэл БЗД-ийн Эрүүл мэндийн 9-р төвийн харьяа 6-р хорооны өрхийн эмнэлэгт 21-р байр болон Ойн гудамж, олзвойн задгай хавийг хариуцан ажиллаж байв. Тухайн үед түүний үзэж байсан хүүхдүүд одоо ээж, аав болцгоочихсон, Дөмөг эмчид хүүхдээ үзүүлэхээр ирдэг болжээ. Өрхийн эмнэлэг гэдэг их айлын үүд хаалга түүнд цаашдаа тууштай эмчээр ажиллах урам зоригийг өгсөн гэх.

“2000 онд БЗД-ийн ЭМТ-ийн даргаас Салбар амбулатори-1-ийн хүүхдийн эмчээр ажиллах санал надад ирсэн. Тэр үед 11 өрхийн эмнэлгээс ирсэн бүх хүүхдийг үзнэ. Долоо хоног бүрийн 4 дэх өдөр бүх өрхөөрөө явна. Аль өрхийн эмнэлгийн харьяа хүүхдүүд илүүтэй үзүүлж байгааг судалсан. Ингэхдээ 2, 21, 27 дугаар хорооны гэр хорооллын хэсгээс эхэлж, өрхийн эмч нараа хэрхэн сургах талаар өөрөө хуваарь гаргаж, эрхлэгчээрээ батлуулаад ажилдаа гардаг байлаа. Тэгээд тухайн өрхийн эмнэлэг дээр нь очиж, эмч нараа чадавхжуулах, зөвлөн туслах ажил хийсэн. Энэ ажил минь үр дүнтэй болж, жилийн жилд салбар гурван амбулаториос эндэгдэлгүй гэсэн үзүүлэлт гарч, манайх тэргүүн байрыг эзэлдэг болсон. Тухайн үед Пунцаг дарга Поликлиник рүү оч, тэндхийн өвчлөл, эндэгдлийг бууруул гэсэн. Би ч өмнөх туршлагаараа ажилласан нь үр дүнтэй байж, тун удалгүй хүүхдийн ерөнхий мэргэжилтэн болсон доо. Харин 2013 оноос эмнэлгийн тусламжийн албаны дарга болж, амбулаториуд болон 28 өрхийн ЭМТ-ийн эх, хүүхдийн тусламж үйлчилгээг хариуцан ажиллаж байна” гэв.

Тэрбээр 2015 онд НҮБ-ын Хүүхдийн санд хандан төсөл бичиж, “Эх, хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл, дархлаажуулалт” төсөл хөтөлбөрийг 2015-2018 онд хэрэгжүүлжээ. Ингэхдээ “Хүүхдийн өвчний цогц менежмент”-ээр эмч нарыг сургаад зогсохгүй бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд тусламж хайх мэдлэг олгож чадсан байна. Мөн төсөл хэрэгжүүлэхдээ үндэсний сургагч багш болж өөрийгөө тасралтгүй  хөгжүүлсээр байгаа юм. Тодруулбал, нялхас бага насны хүүхдийн хоол тэжээлийн сургалтын сургагч багш, хоол тэжээлийн дутлын төсөл хөтөлбөрийн сургагч багш болсон юм.

“Хүүхдийн чиглэлээр олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, ӨЭМТ-ийн эмч нарыг сургаад зогсохгүй дэмжлэгт хяналт хийж, зөвлөгөөгөө тасралтгүй өгч байгаа. Энэ бүхний ачаар өөрийгөө ч тасралтгүй хөгжүүлж явна.  Би 2016 онд хүүхдийн эмчийн тэргүүлэх зэргийг авсан. Хүмүүсийн хэлдгээр 2, 3 дугаар шатлалын эмч нар л авдаг гэж гэж ярих тэргүүлэх зэргийг хамгаалахад  хүүхдийн эмчийн мэргэжлийн чиглэлээр тасралтгүй суралцсаны, мөн дээрх төслийн үр дүн салшгүй холбоотой” гэлээ.

Түүний хөдөлмөрийг үнэлж, ЭМЯ-ны Жуух бичиг, Нийслэлийн Эрүүл мэндийн “Тэргүүний ажилтан”, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, Төрийн дээд шагнал Алтан гадас зэргээр шагнан урамшуулж байжээ. Хувь тавилангаар хүүхдийн эмч болж, заяа төөргөөр Баянзүрх дүүргийн ЭМТ-ийн эмчилгээ эрхэлсэн орлогчийн албыг хашиж буй “Дөмөг” эмч олон бяцхан үрс, тэдний гэр бүлд юугаар ч хэмжиж боломгүй эрүүл мэндийг түгээн дэлгэрүүлэх үйлсээ үргэлжлүүлсээр явааг дуулгахад таатай байна.