Буцах

Хурдан морины хоббитон “Хоовон хөх”

ОВОГ НЭР:
З.Зоригтбаатар
АЖЛЫН ГАЗАР:
БЗД-ийн ЭМТ
ТОВЧ НАМТАР:
БОЛОВСРОЛ:
ГАВЬЯА ШАГНАЛ:

1960-аад онд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд Загдцоо гуайнх аж төрдөг байв. Тэрбээр аймгийнхаа мал эмнэлгийн газрын жолооч, харин эхнэр нь цэцэрлэгийн багш хүн байлаа. 1964 оны 3-р сарын 20. Энэ өдөр тэд бага хүүгээ өлгийдөн авсан нь одоогийн БЗД-ийн Эрүүл мэндийн төвийн слесарь Зоригтбаатар юм. Түүнийг ээж нь “Миний Хоовон хөх, Хоовдой” хэмээн авгайлна. Хоовдой 1973 онд аймгийнхаа 10 жилийн сургуульд элсэн орж, 1881 онд 8-р ангиа төгсчээ. Ингээд Зүүн баянд гурван жил цэргийн алба хаасан байна. Үүний дараа Төмөр замын техникумыг сантехникийн мэргэжлээр 1988 онд дүүргэв. Тэрбээр 8-р ангиа төгсөхдөө 100-аад хүүхдээс сурлагаараа 5-рт эрэмбэлэгдэж байжээ. Харин сайн найз Ц.Сэлэнгэ нь 1-рт жагсаж байсан хэдий ч 9-р ангид сурахаас илүүтэй мэргэшсэн боловсон хүчин болохыг илүүд үзэж, Төмөр замын техникумын хоёр хуваарийг аван “би найзтайгаа хамт энэ сургуульд орно” гээд тэргүүн эгнээнд жагссан “дархан” эрхээ эдэлж, бусад хүүхдээс булаасан гэх.  “Сээгий сургууль дээр намайг хайгаад олохгүй болохоор гэр лүү очсон байгаа юм. Тэгээд  аавд минь бид хоёр энд сурна гэдгээ ч хэлээд амжиж. Тухайн үед аав “миний хүү явсан нь дээр юм биш үү” гэх санал тавьсан. Харин эгч минь сантехникийн чиглэлээр сургууль төгсөх гэж байсан учраас “орчих оо, хоёулаа адил мэргэжилтэй болъё” гээд дэмжсэн юм. Би ч энэ чиглэлийг сонирхож байсан” гэлээ.

Хоовон хөх тэр л сургуульд заяаны ханьтайгаа учирч хоёр талаасаа нэг, нэг чемодантай хувцастай нийлж байсан бол өдгөө 34 жилийг ардаа үджээ. Харин одоо Хоовдойгийн хамгийн сайн шүүмжлэгч нь түүний хань, гурван хүүгийнх нь ижий юм.

 “Оюутан байхдаа батсүмбэр лүү намрын ажил гээд явлаа. Тэнд л хөвөнтэй дээлтэй байхад нь үерхээд эхнэрээ болгосон доо. Бид нэг анги бас нэг мэргэжилтэй. Одоо гурван хүүгийн эцэг эх болоод сайхан л амьдарч байна. Хоёр том нь үндэсний бөхийн сумын заан цолтой, бага нь Дэлхийн олс таталтын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, улсын шигшээ багийн тамирчин, Монгол Улсын таван удаагийн аварга, спортын мастер. Би хүүхдүүдээ чийрэг байгаасай гэсэндээ басхүү өөрсдийнх нь сонирхлоор спортод хөл тавиулсан” гэв.

Мэргэжил бүхэн сайхан гэдэг. Түүний үр шим, онцлогийг танин мэдэж байж гэмээнэ сайн сайхныг нь мэдэрдэг болов уу.

“Би бага хүүгээ мэргэжил сонгох болоход нь аавынхаа мэргэжлийг өвлө гээд нэг сургууль дээр хүүтэйгээ очсон. Тэгээд декантай нь маргалдах дөхсөн юм. Учир юу вэ гэхээр сантехникийн ангид хүүгээ оруулъя гэтэл цахилгаанчны ангид оруулчих гэлээ. Би ч үгүй гэтэл “сантехник бол зүгээр л жорлон, угаалтуур ш дээ” гэв. Би чинь насаараа сантехниктэй ноцолдож явсан хүний хувьд дотроос нэг юм оволзоод, огшоод л ирлээ. Нүднээс нулимс гоожоод за би хүүтэйгээ зөвлөчихөөд ирье гээд гарсан. Тэр хүний хажууд биеэ барьсан хэрэг л дээ. Гарч ирээд хүүгээсээ хаана ормоор байна гэхэд “би Аваргад ормоор байна” гэсэн. Ингээд л хүссэн мэргэжлээр нь сургасан юм. Слесарь гэдэг мэргэжлийн сайн сайхныг огт мэдэхгүй, ямар ч ойлголтгүй хүн яаж ч сайн сурган хүмүүжүүлэгч байх вэ. Уг нь энэ мэргэжил хүнийг дандаа эрүүл байлгахад ач тустай ажлыг хийдэг шүү дээ. Хирээ угаахгүй бол өвчин л тусна. Ахуйн бохирдол гэдэг чинь хүн биедээ хэрэгцээгүй бохир зүйлээ гаргаж байдаг. Үүнийг л бид цэвэрлэж, цааш нь явуулдаг. Хамгийн гол нь хөдөлмөр хамгааллаа сахиж чадвал ийм сайхан мэргэжил байхгүй. Хувиараа ажилласан ч үнэлгээ өндөртэй шүү дээ” гэлээ.

Тэрбээр техникумаа төгссөний дараа Салхит, Эрдэнэтийн төмөр замын барилга, орон сууцны нэгдсэн хэсгийн слесарь, бригадын даргаар очсон ч 1991 он хүртэл ажилласан байна. Учир нь тухайн онд аавынх нь бие тааруу байгаа гэсэн мэдээ ирж, нутгаа зориход хүрчээ. Ингээд аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт сантехникийн слесариар хоёр жилийн хугацаанд ажиллав. Түүнээс хойш зах зээлд шилжих үед хувиараа бригад ахлан хөдөө орон нутгаар сантехникийн ажил хийж эхэлжээ. “Бригад ахалж байх хугацаандаа сангийн олон ажил хийж байлаа. Янз бүрийн ааш авиртай хүмүүстэй ажилладаг байсан учир миний зан харьцаа ч таагүй, хачин болчихсон. Харин энэ эрүүл мэндийн төв, хамт олон минь намайг сайхан “хүмүүжүүлж” байгаа. Тийм болохоор би  хамт олноороо үргэлж бахархаж, талархаж явдаг” гэв. Тэрбээр 2011 оноос эхлэн БЗД-ийн ЭМТ-тэй амьдралаа холбосон юм.  

 “Намайг ажилд ороход 10-р төв, 2-р амбулаторийн гадна шугам сүлжээ нэлээд муудчихсан, ашиглалтын хугацаа нь дуусчихсан байсан. Тухайн үед тендерээр гүйцэтгэх ажлыг өөрсдийн хүчээр арай хямд зардлаар хийх төсөв гаргаад дарга нартайгаа ярилцаж тохироод аж ахуйн дарга Ганзориг, мужаан Содбаатар, слесарь Баттулга бид дөрөв гүйцэтгэж байсан юм. Өөрөөр хэлбэл халуун, хүйтэн, цэвэр, бохир усны асуудлыг шийдсэн. Ингэж шинэчилсэн тохиолдолд 20 жил санаа амар байж болно гэсэн үг” гэлээ. Түүний хөдөлмөрийг үнэлж, Дүүргийн 50 жилийн ойн медаль, 2016 онд байгууллагын хөдөлмөрийн аваргаар тодруулж, шагнан урамшуулж байжээ.  

Хоовдойгийн хэлснээр эрүүл мэндийн байгууллагад ажиллах нь өвчнөөс урьдчилан сэргийлэх ойлголт, мэдлэгтэй болох, үзлэгт тогтмол хамрагдах давуу талтай. Мөн слесарь гэх мэргэжилтэй хүн хүнийг эрүүл байлгахад маш чухал үүрэг, оролцоотой байдаг гэдгийг онцолж байв. Учир нь аливаа бохирдолтой зүйлд хүрсэн хүн бүр гараа угааж, хувийн ариун цэврийг сахих ёстой. Ус дамжуулах хоолой, угаалтуур, цорго, нойл байхгүй бол бид хэрхэн өвчнөөс урьдчилан сэргийлэх вэ гэдэг эргэлзээтэй юм.,

Тэрбээр багын л морины хоббитон, хорхойтон байв. Одоо ч тэр хэвээр. Энэ тухайгаа

“Миний дээд талын ах надаас долоо ах. Түүний үсний найраар Бүрэнтогтох сумын Ядамсүрэн гэдэг манай садны хүн хурдан удмын даага бэлэглэсэн юм. Тэр морь аймагт зургаа айрагдаж, суманд ч олон түрүүлсэн. Аймгийн төвд төрж өссөн надад ах маань чи унаж чадахгүй гээд морио унуулдаггүй байлаа. Тэгэхээр нь шар гозойно гэж жигтэйхэн. Ингээд л морь унаж сурсан. 6-р сард амрангуутаа 20 км газар гүйгээд адуун дээрээ оччихно. Гэхдээ би айрагдаж үзээгүй, надад 20 орчимд л  орохоор юм унуулна. Аймгийн төвийн хүүхэд чадахгүй гэхээр нь уур ч их хүрнэ. Бариан дээр галзуу юм шиг л орж ирдэг байлаа. Харин том болоод морь уядаг болсон. Сумандаа хоёр түрүү, найман айрагтай. Улсын наадамд 470 гаруй үрээнээс хонгор үрээгээ 26-д давхиулж байсан удаатай. Цагаан хөтөл дээр ес дээр гарч ирээд зарлагдахад өөрийн эрхгүй огшдог юм билээ. Ямар ч байсан улсад морь тавиад үзсэн гэдэг чинь аз завшаан” гэлээ.

Агь үнэртсэн тал нутгаар гийнгоолон давхих юутай ч зүйрлэмгүй тансаг мэдрэмж байдаг болов уу. Түүний хэлснээр барианд орохоор хамгийн их яардаг зүйл нь ундаа, хуушуур, тэгээд дээр нь хөгшчүүлийн өгдөг 20,50 мөнгө, нэг төгрөг байж.

“Тухайн үед аймагт гурав түрүүлсэн, дандаа айрагддаг Баадайгийн улаан морь гээд байсныг манай ангийн Пүрэвжав унана. Миний морь гүйцдэггүй болохоор урд орвол хохино шүү гээд нөгөөхөө ташуураар ороолгоод уйлуулчихдаг байлаа. Би ч барианд 20 хавьцаа л орно. Тэгэхээр шороо тоосондоо даруулчихсан, хачин аймар болчихсон байна шүү дээ. Гэтэл өнөөх маань аль хэдийн айрагдаад улаан усаа уучихсан, хуушуураа идээд байж байна. Тэрэнд л их атаархдаг байж билээ” гэж балчир насны дурсамжаа уудалсан юм .

Хүнд худлаа хэлж, цаг зав, ажлыг нь цалгардуулахыг хүсдэггүй энэ эрхэм улсад 27 жил ажиллаж, хөдөлмөрлөж байна. БЗД-ийн ЭМТ-өөр үйлчлүүлдэг бүхий л хүн энэ хүний хийж гүйцэтгэсэн шугам сүлжээг ашиглан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг саадгүй авдаг гэдгийг хэлэхэд таатай байна.