Буцах

“Улаан тарианы отряд”-ын даргын охин

ОВОГ НЭР:
Ж.Энхзул
АЖЛЫН ГАЗАР:
БЗД-ийн ЭМТ
ТОВЧ НАМТАР:
БОЛОВСРОЛ:
ГАВЬЯА ШАГНАЛ:

 “Хүүхдийн эмчийн мэргэжил эзэмшсэний хувьд эмнэлгийн орчныг хүүхдэд ээлтэй байлгах бол миний мөрөөдөл. Магадгүй миний багад нутагт маань оросууд хот байгуулж, багадаа жинхэнэ стандартын цэцэрлэг, сургуульд сурч, эмнэлгийг харж байсных байх. 1995 онд хүүхдийн эмчээр төгсөхдөө үлгэрийн орон шиг гоё эмнэлэгт ажилламаар санагдаж ажлын байраа голж, аавдаа зэмлүүлж байлаа. Анагаахаа төгсөөд Сансрын 10-р төвд ажилд орлоо, ЗХУ-аас үлдээсэн жижиг эмнэлэг угтсан. Гэтэл 2017 онд тэндээ даргаар ажиллахаар ирэхэд яг л хэвээрээ байсанд гайхах, гутрах зэрэгцэж байсан” хэмээн ярих энэ бүсгүйг Жаргалын Энхзул гэдэг. Тэрбээр 1969 онд Дорнод аймгийн тэр үеийн Чойбалсан хотод төржээ. Бага  насаа бусдын адил цэцэрлэг, сургуулиар хүмүүжин өнгөрүүлсэн байна. Аав Жаргал нь бол 1955 онд Монгол Улсын их сургуулийн хүн эмнэлгийн ангийн төгсөгч. 1955-1959 онд Монгол оронд халдварт тэмбүү өвчнийг устгах, урьдчилан сэргийлэх 22-р отрядыг удирдаж явсан хөдөлмөрч, анхны үндэсний эмч нарын нэг. Харин ээжийгээ нь цайлган, өрөвч, энэрэнгүйн дээд сувилагч хүн гэлээ. Тиймээс ч тэрбээр аав, ээжийнхээ эдгээр зан чанарыг өвлөсөн байгаасай гэж хүсдэг аж.

“Аав минь хэлэхдээ эмч бол насаараа хүнээр хүрээлүүлдэг их сайхан мэргэжил гэж хэлсэн. Энэ үг их зүйлийг бодогдуулсан” хэмээв. Нээрэн л түмнийхээ жаргал, зовлонг хуваалцаж явдаг эмчийг зорин ирэх хүн олон байдгийн хэрээр таних нь хүртэл дамаа их.

 “Аавын захиалдаг орос хэвлэл, ном элбэг учраас  гэрт ч гадаа ч номын ертөнцөд амьдардаг байлаа. Ном уншсаар байгаад эхлээд багш,  дараа нь өмгөөлөгч эсвэл сэтгүүлч болохыг хүссэн. Соц үед номын дүрүүд голдуу тэмцэгч байсан, бодвол тэндээс зориг сурсан байх. Харамсалтай нь 1987 онд сэтгүүлч, өмгөөлөгчийн анги ирээгүй. Ингээд эмч болох хуваарь авсан. Эмч хүн сэтгүүлч, өмгөөлөгчөөс ялгаагүй өвчтөний төлөө л юм байна одоо бодоход” гэлээ.

Тухайн үед конкурсэд өндөр оноо авсан ч, анги сонголтон дээр Жаргал гуай охиндоо хүүхдийн эмч болохыг зөвлөжээ. Ингээд Энхзул сургуульд элсэн орсон эхний жилд эх нялхсын төвийн дутуу нярайн сэхээний тасагт дадлагын асрагчаар хуваарилагдав. Тэр үед аавынхаа өгсөн захианы тухай: “Аавын найз, анги жавууд эрүүл мэндийн системд хэдийнээ байр сууриа олсон, ахмадууд байсан.   “Асрагч хийхээс айгаад, гайгүй газар оруулж  өг” гэхэд аав минь ЭМЯ-ны орлогч сайд анддаа захиа өгч явуулсан юм. Би ч яамаар очтол амраад нутаг явсан гэсэн. Тэгээд эх нялхасын Данзан даргад захиаг нь өглөө. Монгол  бичгээр бичсэн байсан.  Гэтэл “Манай охиныг юм сурах, хэцүү тасагт нь ажиллуулж өгөөрэй гэж бичсэн байсан” гэлээ.

Энэ ярианаас 18-хан настай, эрх хонгор охиноо хуучин цагийн хашир суусан эмч хүн “Сайн” эмч болгохыг хүссэн ирээдүйн цагийн бодол, мөрөөдөл нь одоо биеллээ олсныг гэрчилж буй мэт санагдах аж. Ардчиллын салхи үлээж буй он жилүүдэд тэрбээр хүүхдийн их эмчийн тангаргаа өргөжээ.

“Тангараг өргөсөн бидний хувьд гомдоллож, харамсах  эрх үгүй. Ажлын гараагаа эхэлж байх тэр үеэс хойш 25 жил өнгөрчихөөд байхад салбар маань огт өөрчлөгдөөгүй нь харамсалтай. Энэ орчинд тэвчээд олон улсын туршлагыг нэвтрүүлэх гэж зүтгэсэн эмч нарт баярлах хэрэгтэй. Одоо элдвээр хэлээд шүүмжлээд байгаа нь эрүүл мэндийн салбарыг хүний нөөцгүй болгох, тангарагтаа үнэнч ажиллах  урам зоригийг мохоох эрсдлийг бий болгож байна. Гэтэл энэ бүхний гор олон түмэнд л хохиролтой шүү дээ, мөнгөтэй хүмүүс нь гараад эмчлүүлчихнэ” гэв.

Тэрбээр системийн хатуу бодлогоор хязгаарлагдалгүй эмч хүн чөлөөтэй ажиллах ёстой гэж үздэг, нарийн мэргэжил эзэмшихээр 1998 онд бөөрний резидентээр эх нялхсын төвд ажиллажээ. Гэтэл түүний төсөөлсөн шиг байсангүй. Дэмжлэгт удирдлага бус, айдсаар удирдах арга барил тус төвд ноёрхож байв.

“Айдсаар удирдах нь өөртөө итгэлтгүй, илүү сайн хийе гэхээс илүү аргацаах сэдлийг төрүүлдэг. Тухайн хүүхэд шүд нь хорхойтсон, жингийн алдагдалтай байж болно. Тэр хүүхдийг эмчилж байх хугацаандаа стандартаараа зөвхөн бөөрийг нь эмчлэх үү. Бүх өвчнийг нь эмчилбэл стандартаараа ажилласангүй гэнэ. Гэтэл стандартаар өвдөнө гэж байхгүй шүү дээ. Нөгөө талдаа эмнэлгийн орчин үнэхээр тааруу байлаа.  Өвчтэй хүүхдийг байлгаж байгаа орчин, харьцаж байгаа хандлагыг хараад сэтгэл өвддөг сөн. Хүүхдэд би бусдаас дорой, эдгэшгүй өвчтэй, ирээдүйгүй гэсэн сэтгэл санааны дарамт үүсгэж байгаа нь өвчтөн бүү хэл залуу эмч надад ч таалагдаагүй. Тэр хүүхдүүдийг харахаар би давхар гутралд ороод байлаа. Англи хэлийг бие дааж сураад Жайкагаар Японд курсд явсан. Тэнд очоод хүссэн хүүхдийн эмнэлгээ харсан. Харилцаа хандлага нь хүртэл хүүхдийг тайвшруулж харилцдаг. Би энэ бүгдийг хараад буцаж ирээд өөрчлөлт хийх гэж оролдсон” гэв.

Орчныг нь бүрдүүлбэл эмч нарт хийх, бүтээх эрмэлзэл дүүрэн гэдгийг түүний яриа батлах мэт. 2001 онд тах, оймс хэлбэрийн бөөртэй 2 хүүхэд оношилж, и-мэйлээр гадаадын эмч нараас зөвлөгөө авахад яагаад танай улсад 15 хүртлээ энэ хүүхдүүд ЭХО-д ч харуулаагүй вэ гэж гайхсан гэх. Юм сурч ирээд ч тэрийг сонсдоггүй газар байснаас олон улсын стандартаар явж сурья,  энд ажиллавал би хүнд туслаж чадахгүй юм байна гэж бодсон. Би аавдаа 3 удаа ажилтай холбоотой гомдол хэлсэн. Эхнийх нь 1987 онд эх нялхсын төвд асрагч хийж байхад маш их төрөлттэй, дутуу нярай ихтэй, байнгын зогсоо ажилтай, нойргүй ядарна. Өглөө буугаад хариулахгүй хурлын зааланд цуглуулж сонины тэмдэглэл бичсэнээ шалгуулах ёстой. Ингээд би аавдаа “Асрагч нарт сонины тэмдэглэл ямар хэрэг байна, эмч нар асрагч нарыг үргэлж загнаж байгаа нь шударга бус гэлээ. Гэтэл аав чи шүүмжилж болохгүй, тэмдэглэл хөтөл гэсэн бол хэн ч байсан хийх ёстой гэж хэлсэн. Дараагийнх 1996 онд өрхийн эмч муухай ажил гэж хэлээд, аав минь “Чамайг ажил голохоос чи ажлыг голохгүй гэж зэмлэсэн. Гэхдээ сурахыг минь үргэлж дэмжиж байсан. Даанч сурсан бүхнээ нэвтрүүлэх гэж оролдоод дийлээгүй. Хэт хуучинсаг үзэлтэй хүмүүс эмнэлгийг удирдаад хөгжүүлдэггүй, залуусыг шинэ зүйл ярихаар дэмждэггүй юм байна лээ. Эсрэгээрээ аялдан дагалдаад байгааг нь дэмжиж, шинэ зүйл ярьсныг нь нухчин дарж байна гэхэд аав минь харин “Тэр маш буруу, бидний үед дарга нар тийм байгаагүй, тэднээс илүү сурчаад ир” гэж хэлсэн” гэв. Ингээд 2005 онд докторт сурахаар Москва хотыг зорьсон байна.

“Би доктор болоод бөөрний тусламжийг хөгжүүлье гэж бодсон. Одоо бодоход тийм амар биш шүү дээ. Ямар том юм мөрөөдөлтэй байв гэж бодогддог. Гэхдээ бусдын аяыг дагаад даргатай эвтэй бол болоо гэсэн арга замыг сонгоогүйдээ баярладаг” гэлээ.

2008 он. Тэрбээр Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төсөлд оржээ. Нийгмийн эрүүл мэндийг хөгжүүлэх зорилттой төслийг хэрэгжүүлэхээр 5 жил ажиллахдаа их зүйл сурсан байна. Дээрх төсөл 2013 онд дуусч,  Эрүүл мэндийн хөгжлийн төвийн яаралтай тусламжийн хэлтсийн даргаар томилогджээ.

“Ингээд яаралтай тусламжийг хөгжүүлэхээр ажиллаж, Автралийн агаарын түргэн тусламжийнхантай хамтарч, удирдамж, зааварчилгаа боловсрууллаа. Гэтэл  2015 онд тус хэлтсийг татан буулгасан. Энэ нь эрүүл мэндийн салбарын эсрэг гэмт хэрэг гэж бодож явдаг” гэлээ.

Тэрбээр Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн эрүүл мэндийг дэмжих сургалт, сурталчилгааны секторын даргаар ажиллаж, иргэдийн эрүүл мэндийн мэдлэгийг сайжруулах, сургалт сурталчилгааг нэмэгдүүлсэн. Гэтэл 2017 онд БЗД-ийн ЭМТ-ийн дарга тэтгэвэрт гарч, тэнд ажиллах санал иржээ. “Эхний 2 жил байгууллагын соёлыг хэвшүүлэх, үйлчлүүлэгчээ дээдлэх харилцаа, хандлагыг хүн бүрт суулгах ажил хийсэн. Бас эмч, үйлчлүүлэгч тохигүй орчинд ажиллаж, үйлчлүүлж эрхээ зөрчүүлэх ёсгүй учраас ажлын байрны ээлтэй орчин бүрдүүлсэн. БЗД-т төрийн нэгдсэн эмнэлэг байхгүй, хүн ам, хүүхэд ихтэй дүүрэг. Иймд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүртээмжтэй байх ёстой гэж үзээд “Нэгдсэн эмнэлэг” бариулах ажлыг хөөцөлдсөн. 2020 онд хоёр ч эмнэлгийн шавыг тавилаа. Одоо энэ эмнэлгүүдийн барилгын ажил өрнөж байна. БЗД-т ажилласнаараа, энэ хугацаанд хийж чадсан ажлаараа бахархаж, бас дэмжиж байсан хамт олон, Засаг даргын тамгын газрынхан, Өрхийн эмнэлгийнхэн, их хурлын гишүүдэд баярлаж байна.  БЗД шиг хэцүү нөхцөлд, өдөр бүр шинэ сорилт өгдөг газар хүн их юм сурах, хөгжих юм байна. Сайхан газар тайван суувал ур чадвар, авьяас зогсоно. Тиймээс хүнд газраас бүү зугтаа” гэх хатуу боловч үнэн үгийг залууст дайлаа.

Олон улсын жишгээр эмч, мэргэжилтнүүдэд болон иргэддээ ээлтэй, чадварлаг хүний нөөцтэй, тоног төхөөрөмж сайтай эмнэлэгтэй болохыг хүсдэг энэ бүсгүйн нэг өдөр аз жаргалтайгаар өнгөрдөг гэх. Аз жаргал гэж юу вэ. Хүн бүрт өөрийн орон зай, хүсэл мөрөөдөл, царай төрх, оюун ухаан харилцан адилгүй заяадгийн адилаар аз жаргалын хэмжүүр мөн л өөр өөр. Хийж байгаа зүйлдээ дуртай, хайртай бол хүнд хэцүү санагдах нь хүртэл түүнд аз жаргалыг мэдрүүлдэг нь харц, биеийн хэлэмж, ярианаас нь илхэн харагдана. Ирж яваа цагийг гэрэлтүүлэгч хүүхдийн эмч нарын энэрэлийн түүчээ таниар бахархахгүй байхын аргагүй билээ.