Буцах

Дугуй цагааны дуугүйхэн дүү

ОВОГ НЭР:
Г.Ганчимэг
АЖЛЫН ГАЗАР:
БЗД-ийн ЭМТ-ийн Салбар амбулатори-1
ТОВЧ НАМТАР:
БОЛОВСРОЛ:
ГАВЬЯА ШАГНАЛ:

Энгүй хэрнээ эгэл даруухан

Эгэлгүй хэрнээ эрх танхи

Ээж шиг эмч

Эгч шиг түшигтэй нэгэн. Энэ хэдхэн үгээр Готовын Ганчимэгийн дүрийг зүрх сэтгэлдээ зурж болмоор санагдах аж. Тэрбээр БЗД-ийн ЭМТ-ийн Салбар амбулатори-1-ийн эмэгтэйчүүдийн дүрс оношилгооны эмч юм. 25 жил төр засаг, ард түмнийхээ хайранд өлгийдүүлэн эмчийн ажлыг нэр төртэйгөөр хийж ирсэн, хийсээр ч байгаа билээ. Харин БЗД-ийн ЭМТ-тэй амьдралаа холбоод долоо дахь жилтэйгээ золгож байна. Ганаа эмч өдөрт хамгийн багаар бодоход 28 хүнийг ЭХО оношилгоогоор харах боломжтой. Гэхдээ нэмэлтээр болон яаралтайгаар цаг олгосон үед 30-35 хүнийг оношлох нь энүүхэнд.

Тэрбээр Хэнтий аймгийн Өндөрхаан хотод 1970 онд таван хүүхэдтэй айлын дунд охин болон мэндэлжээ. Түүнийг гэрийнхэн нь Чимэгээ гэж дуудах аж. Харин эгчийг нь “Дугуй цагаан” хэмээн өхөөрдөнө. Дугуй цагааны дуу цөөтэй дүү Чимэгээ бусдын адилаар цэцэрлэг, сургуулиар хүмүүжин 1988 онд АУДС-д элсэн оров.

ОХУ-ын байгаль хамгааллын мэргэжилтний хуваарь байсан ч тэрбээр эм зүйч болох эрмэлзэлтэй байлаа. Гэтэл сургуулийн захирал нь эмч хүн тамгатай төгсдөг юм гэсээр түүнийг ятгаж дөнгөжээ. “Оюутан болсон эхний жил ХСҮТ-ийн хими  туяаны тасагт нэг жил асрагчийн ажил хийсэн. Сурах явцдаа өвдөж, нэг жилийн чөлөө аваад сургуулиа найман жилээр төгсөж байлаа. Тэгээд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд хоёр жил, багануур дүүргийн ЭМТ-д өрхийн эмчээр ажиллаж байсан. Харин 2000 онд багануур дүүрэгтээ “Ач элбэрэл” ӨЭМТ-ийг үүсгэн байгуулаад дөрвөн жил, УБТЗ-ын эмнэлэгт гурван жил ажилласан. Эм зүйг нэлээн сонирхож байсан гэж дээр дурдсан шүү дээ. Тэр хүслээ ч биелүүлж, Монос Улаанбаатар ХХК-д  2006-2012 хүртэл зургаан жил ажилласан. Тэгж явсаар 2013 онд БЗД-ийн ЭМТ-тэй ажил амьдралаа холбосон” гэв.

Аливаа зүйлийг хариуцлагатай, чанартай, цаг хугацаанд нь хийхийг боддог энэ бүсгүй нямбай, дуу цөөтэй, аядуухан, хүлээцтэй нэгэн. Ээжийнхээ төрхийг аавынхаа ажил хэрэгч, нямбайг дуурайсан гэх. “Өөрөө өвдөж явсан болохоор үүдэнд хүлээж суух ямар хэцүү байдгийг мэддэг. Тийм ч учраас хүмүүст хүлээгдэл, чирэгдэл учруулахгүй байхыг боддог. Сүүлийн үед аль болох дэлгэцээс хол байж, хүүхдүүдтэйгээ салхинд гарахыг илүүд үзэх болсон. Харин орой бүр 3,4-р ангийн хоёр хүүхэдтэйгээ 30 минут уншлага хийнэ. Цуг уншихад хүүхдүүд дуртай байдаг шүү дээ” хэмээв.

Тэрбээр эм зүйг сонирхох болсон шалтгаан нь багын л ургамал хатааж, цуглуулах дуртай байсантай холбоотой гэх. “Шүдэнзний нүүрэн дээрх зургийг хайчлаад нэрийг нь нь хүртэл цээжилчихнэ. Тэр сонирхлоороо эм зүйч болох хүсэлтэй байсан ч дотоодын эм зүйн ангийн хуваарь ирээгүй. Болгарынх нэг ирсэн ч алтан медальтай хүүхэд авчихсан. Ингээд эмч болох замын эхлэл тавигдсан гэж хэлж болно. Бодол, мөрөөдөл биелдэг гэдэг шиг ямартаа ч эмийн компанид ажиллаад үзсэн шүү. Харин оюутан болоод эхний жил ХСҮТ-ийн хими эмчилгээний тасаг гээд хамгийн хүнд газарт ажилласан. Хүн нас барахыг харахад цочролд орж байлаа. Одоо бодохоор асрагчийн ажил их өгөөжтэй санагддаг. Хавдартай шаналж байгаа зарим хүний төрх одоо ч нүдэнд харагддаг. 18-тай охин элэгний хавдраар сар гаран хэвтээд найз залуугийнхаа нэрийг хэлсээр байгаад нас барж байлаа. Үеийн хүүхэд учир зүрх зүсэм хэцүү санагдсан. Химийн тариа их хүчтэй учир гаж нөлөө ихтэй. Хүмүүс бөөлжиж, суулгах нь энүүхэнд. Ачаалалтай учир цэвэрлэгээ үйлчилгээ ч их. Цурам хийхгүй байсаар л хонодог байлаа. Харин сургуулиа төгсөөд хүн эмчилнэ гээд бодоход л хэцүү санагдсан. Гэхдээ л тангараг өргөсөн эмч гэх алдрыг хүртсэн учир эхний ээлжинд сумын эмнэлэгт ажиллахаар шийдсэн. Ингээд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын сургуульд ажилладаг хамаатны ах, эгчийгээ бараадсан юм. Тэнд эмчээр очиж, хоёр жил ажилласан. Тухайн үед эмч нар их л нэр хүндтэй байлаа. Хүмүүс эмчээс айгаад гэх юм уу эсвэл эмнэлгээ хүндлээд ч юм уу хувийн ариун цэврийг сайтар сахидаг байж. Эмчийн хэлсэн үг ч үнэ хүндтэй байсан. Одоо бол энд үзүүлээд гарлаа, өөр газар очоод үзүүлэх жишээний хандлага нь их сонин болсон. Гэтэл намайг ажилд орж байх үед асрагч, сувилагч нар, хөдөөний хүмүүс ч хүндэлнэ. Хүн ам ихтэй том сум учир янз бүрийн тохиолдол их гарна. Сум дундын эмнэлэг учир рентген, лабораторитой орон нутагтаа гэхэд томд тооцогдохоор байсан. Би чинь тэнд очоод юугаа ч мэдэлгүй 10 хүүхэд эх бариад авсан хүн шүү дээ. Анхны эх барьж авсан хүн маань 40 настай. Би 35-аас дээш насныхны төрөлт эрсдэлтэй гээд заалгуулчихсан. Тухайн үед хөгшин хүн төрлөө гээд нэлээн сандарсан. Харин сайн эх баригчтай байсны ачаар даваад гарсан даа. Хүүхэд нь уйлж, ээжийнх нь өвдөлт намдаж тайвшрахыг харах их сайхан мэдрэмж. Бас анхны  дуудлаганд явахдаа их л сандарч мэгдсэн. Үзлэгээ хийчихээд давгүй давчихсан болохоор зориг орж, айдас ч арилсан. Хоёр сар болсны дараа хөөрхөн догь суусан эмч болсон шүү” гэв.

Тэрээр 2002 онд Багануур ЭМТ-д ажиллаж байхдаа оны шилдэг өрхийн эмч, УБТЗ багануур салбарын аварга эмч, Монос улаанбаатар ХХК-ийн аварга, БЗД-ийн ЭМТ-ийн аварга эмч, ЭМЯ-ны жуух зэргээр шагнуулж байлаа. Харин 2019 онд Английн эх ургийн анагаах ухааны нийгэмлэгийн Online sourse-ийн NT, NB, Dactus venosis, гурван хавтаст хавслаг, умайн артерийн доплер гэх таван эрх байдгаас дөрвийг нь авсан юм. Энэ нь жирэмсний эхний гурван сард хромосомын эмгэгийг тодорхойлох, хожуу үеийн хордлого, ургийн өсөлтийн саатлын эсдлийг эрт үед тооцох боломжийг олгож байна.

Цохилж буй зүрхийг хэвлийн цаанаас сонсох

Цовоо сэргэлэн үрсийн төрхийг ээжээс нь төрүүлж харах

Ухаарч буй эцгийн нулимсыг үзэх

Уярч буй бүсгүйн талимааг ширтэх азтай, хувьтай нэгэн эмчээр БЗД-ийн ЭМТ-ийн хамт олон бахархаж явдгийг уншигч танд дуулгахад таатай байна.