Буцах

Хүүхэд, хөгшдөд ээлтэй, элэгтэй хүн

ОВОГ НЭР:
С.Хонгорзул
АЖЛЫН ГАЗАР:
БЗД-ийн ЭМТ-ийн Салбар амбулатори-1
ТОВЧ НАМТАР:
БОЛОВСРОЛ:
ГАВЬЯА ШАГНАЛ:

Тунгалаг, бор нүдээрээ инээвхийлэн угтах нэгэн бүсгүй БЗД-ийн ЭМТ-ийн Салбар амбулатори-1-ийн дүрс оношилгооны эмч Хонгорзул. Тэрбээр 1970 оны 3-р сарын 4-нд буюу хаврын урь орсон сайхан өдөр Сандагийн ууган үр нь болон мэндэлжээ. Түүний нэрний түүх их содон. Сандаг гуай томилолтоос ирчихээд эхнэр, охиноо эмнэлгээс гаргахаар төрөх рүү очжээ. Гэтэл сувилагч эрүүл мэндийн паспорт өгөх гэж байна, хүүхдийнхээ нэрийг хэл гэв. Анхны үрээ тосч буй аавд шуудхан хэлчих нэр олдоогүй аж. Гадаа самбар дээр амаржсан эхчүүдийн нэрс дунд Хонгорзул гэж нэр байх нь ихээхэн содон сайхан харагдаж, Хонгорзул гэх алдрыг охиндоо хайрлажээ.

Багаасаа л 24-ийн ясли, цэцэрлэгээр хүмүүжин 1978 онд 5 шарын гэх тодотголтой 12-р сургуульд элсэн 10 жил суралцаад 1988 онд Анагаах ухааны их сургуулийн хүүхдийн эмчийн факультетэд оржээ. Тухайн үеийн жишгээр 3-р эмнэлгийн хүлээн авах сэхээний тасагт хуваарилагдан нэг жилийн хугацаанд бэлтгэл асрагчаар ажиллав. “Эмч, сувилагч, асрагч, эмнэлэг гэж юу болохыг сэхээний тасагт байхдаа л илүүтэй ойлгож мэдэрсэн. Яаралтай тусламж шаардлагатай хүмүүс их ирдэг учир шуурхай байх нь хамгийн чухал. Нарийн цагаан бичгээ бариад хэдэн эмч лүүгээ гүйдэг байлаа. Бусад хүүхдүүд хоол тарааж, шал угаах гэх мэт ажил хийж байхад би сувилагч нараасаа булчин тариа, дусал хийх, даралт нь ихэссэн хүнд илрэх шинж тэмдэг, эхэн үед үзүүлэх тусламжийн талаар мэддэг болчихсон. Асаргаа сувилгааг яаж хийж байгааг эрчимт эмчилгээний сувилагч асрагч нараас л мэдэрч байлаа” гэв.

Тэрбээр гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөхийг илүүд үзнэ. Учир нь хүүхэд насанд аав нь тээврийн яаманд, ээж нь зураг төслийн институтэд ажиллаж, томилолтоор хөдөө явах нь элбэг аж. “Багаасаа эрт биеэ дааж, хувцсаа угааж гэрээ цэвэрлэн 1-р ангидаа хоолоо хийчихдэг байсан. Аав, ээж минь хөдөө томилолтоор явж байгаад ирэхдээ миний хийсэн гурилтай шөлийг гололгүй иддэг байснаа дурсаж ярьдагсан. Харин амралтын өдрөөрөө 5 шараас чингэлтэй рүү эмээ, өвөөгийнх рүүгээ очно. Байранд амьдардаг учир гэр хорооллын ажлыг мэддэггүй хүүхдүүд байлаа. Хөгшин аав, ээж хоёр минь биднийг ахуйн ажилд сургасан даа” хэмээв.  

1994 оны намар сургууль төгсөх дөхтөл  “Дадлага хийж байхад багш дэргэд байсан учраас мэдэхгүй, чадахгүй зүйл гарвал шууд л асуучихна. Гэтэл бие даагаад хүнээ үзээд оношлох гэхээр би юу ч мэдэхгүй юм байна гэсэн бодол төрсөн шүү. Ингээд зориглон  өөрсдийгөө сорихоор ангийн найз Б.Жавзандуламтай хамт аав ээжийнх нь суурьшсан Дарханы Хонгор суманд дадлагажигч эмчээр очиж ажиллаа. Тэнд шинэхэн боловсон хүчнүүд очиж, ажлын гараагаа эхэлж байлаа. Анхандаа хүүхдийг бол байгаа байдал, хариу үйлдлээр нь үзээд оношилчихно. Харин том хүн үзэж байгаагүй учраас амьсгалыг нь сонсоход хүртэл хүндрэлтэй байсан. Суманд очоод удаагүй байхад минь тав дахь төрөлт гээд дуудлага ирлээ. Эх барих дээр дадлага хийж байсных гайгүй давчихлаа. Өмнө нь олон төрсөн эх учраас хүндрэл ч гарсангүй. Эх, хүүхдээ үзээд “Болчихлоо явья” гэхэд бага эмч маань “Эмч ээ та одоо гараад ар гэрийнхэнд нь хүүхдийн хүйс, хэдэн кг, эх хүүхдийн биеийн байдлыг хэлж, баяртай мэдээг нь дуулгах хэрэгтэй” гэж билээ. Ар гэрийнхнээс “Баярлалаа эмчээ” гэх талархлыг сонсоход зүйрлэшгүй сайхан анхны мэдрэмж төрж билээ. Энэхүү 9 сарын хугацаанд  дөнгөж бие даан практик дадлага хийж суралцах гэсэн зорилгыг минь дэмжин тусалж байгаа бага эмч, сувилагч, асрагч нараа хараад мэргэжлийнхээ сайхнаар бахархаж байлаа. Залуухан охид очсон болохоор тэр хавийнхан сонирхож, сонжихоор бүгд л ирнэ. Тэр хэрээр дараалал ихтэй. Бид ч юм сурах зорилго өвөртөлж очсон болохоор өөр зүйлд анхаарах завдал гараагүй. Ажиллаад эхэлтэл онол, практик дээр зөрчилдөх зүйл олон гарна. Утасдаад асуух боломж ч байсангүй.  Тулгарсан зүйлээ багшаас асуух зүйлээ дэвтэр дээрээ бичээд явна. 2, 3 сар болоод зарим зүйлсээ мэдээд ирэхээр нөгөөх жагсаалтаасаа хасдаг байлаа. Тэр үед эмч хүн маш сайн сурах хэрэгтэй. Энэ мэтчилэн асуудал гарах бүрийд даваад гарахаас өөр сонголт байгаагүй нь биднийг улам туршлагажуулсан. Дуулсан мэдсэнээ өөрийн гарт оруулж, бие сэтгэлдээ шингээх хэрэгтэй гэсэн бодолтой болсон. Бие дааж анх ажилласан  энэ хугацаанд ажил мэргэжлийн туршлагаа харамгүй хуваалцаж байсан тухайн үеийн салбарын эрхлэгч эх баригч эмч  Энхцэцэг, өөрийн охин шиг хайр халамж дүүрэн, амьдралын ухаанаар сургаж сайхан дурсамжууд үлдээсэн найзынхаа аав ээж, ах дүүс нарт  талархаад баршгүй гэж хэмээн гэгээлэг сайхныг дурсан ярилаа.

Тэрбээр 1995-2001 онд СБД-ийн ЭМН-д ажилд орж, 15-р хорооны Дамбын хэсгийн эмнэлгээс ажлын гараагаа эхлүүлжээ. “Хүүхдийн Пүрвээ” гэж алдаршсан эмчээс их юм сурч авсан даа. 11,  7-р хорооны өрхийн эмнэлгүүдэд  2003 он хүртэл өрхийн эмчээр ажилласан. Миний ажлын зарчим бол очсон газар бүртээ хариуцсан бүх өрхөөрөө орж,  бүртгэл судалгаа хийж, хүмүүстэйгээ танилцан  хаана, хэнийд ямар тусламж хэрэгтэйг мэдэж авч, өөртөө хуваарь гаргаад тэр дагуу ажиллана. Өрөөнд суухаас илүү сувилагчтайгаа  өрх айлуудаараа л эргэлт, хяналт дуудлагаар их явна. Хүүхэд, нярайн ээжүүд асуултаа бэлдчихсэн, хөгшчүүл “ирэх болсон доо” гээд хүлээгээд сууж байдаг байлаа” хэмээн тангараг өргөсөн эмч хүн сэтгэлээ уудлах ажээ.

Тэрбээр 2003 онд ЭМШУИС-ийн Мэргэжил дээшлүүлэх институтийн дүрс оношилгооны резидентээр 2 жил Хавдар судлалын үндэсний төвд КТГ, рентген, хэт авиан чиглэлээр Р.Асай, Д.Нансалмаа багш нарынхаа удирдлаган дор ихийг суралцаж төгссөн байна. “Шинэ мэргэжлээрээ ажиллах газар хайн сонин гарчиглаад сууж байтал найз маань АДРА олон улсын байгууллагад түр хугацаанд ажиллах санал тавилаа. Зүгээр байхаар ажиллаад үзье гээд орсноор Боловсролын хөтөлбөрт “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамруулан сургах” төсөлд тухайн хүүхдүүдтэй хэрхэн харилцаж хамтдаа суралцаж, тусалж болох талаар ЕБС-ийн багш, хүүхдүүдэд мэдээлэл өгөх туслах ажилтан, дараа нь Эрүүл мэндийн хөтөлбөрт “Их, дээд сургуулийн дотуур байрны оюутнуудад БЗДХ/ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх” болон “Залуучуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих”  зэрэг төслийн хүрээнд эрүүл мэнд, амьдрах ухааны боловсрол олгох чиглэлээр сургагч багш, менежерээр зургаан жилийг тус байгууллагад өнгөрүүлжээ. “Энэ байгууллага намайг  боловсрол, санхүү, мэдээлэл технологи,  хувь хүний хөгжлийн хувьд  чадавхжихад их нөлөө үзүүлсэн” гэж дурслаа.   

“2014 онд эрүүл мэндийн салбартаа эргэн ирж, БЗД-ийн ЭМТ-ийн хүний нөөцийн ажилтанд  хүүхдийн эмчээр ажиллах хүсэлтээ хэлтэл ЭХО-ны эмчийн орон тоо байна, та ажиллаач гэсэн санал тавилаа. ЭХО оношлогоо хийгээгүй удсан тул техник нь хөгжөөд бэрхшээл гарна даа гэж зүршээтэл “Зүгээр ээ, та сурчихна.  Манай Зөвлөх поликлиникийн туршлагатай Амаржаргал, Амгалан эмч нарыг дагалдаад сураад аваарай”  гэж зоригжуулсан. Ингээд 2014 оны 12-р сарын 1-нээс албан ёсоор ажилд орж байлаа. Уриалгахан, эрч хүчтэй хамт олон угтаж авсан. Хүмүүст төвөг удаж, алдаа гаргачихгүй юмсан гэж хичээн суралцсаар өдгөө 7 дахь жилдээ ажиллаж байна.

Тэрбээр ажлын гол зарчмаа үйлчлүүлэгч, хамтрагч нараа хүндлэх, ил тод байх, харилцан ойлголцох гэх ба энэ бол итгэлцлийн эхний алхам амжилтын үндэс гэж үздэг ажээ.  “Ер нь бол өөртөө мэргэжлийн хувьд сэтгэл ханана гэдэг өрөөсгөл юм. Байнга л суралцаж шинийг эрэлхийлж,  шинэ технологид суурилсан хэт авиан оношилгооны аппаратаар оношлогоо хийж  болох бүхий л боломжийг ашиглаж,  бусад эмч нарынхаа оношлогоо эмчилгээний шийдвэр гаргахад нь тусална. Энэ нь маш няхуур, нямбай байхыг шаардаж байна даа” гэв.

Уян зөөлөн, аядуу, дөлгөөхөн, нүдээрээ инээсэн нэгэн эмч БЗД-ийн ЭМТ-ийн Салбар амбулатори-1-ийн дүрс, оношилгооны эмч С.Хонгорзулыг уншигч танд танилцууллаа. Энэ бүсгүй бол байгууллагынхаа 300 гаруй ажилтныг өнгөлж буй цэцэг нь билээ.

 

 

.