Буцах

Сэтгэл зүтгэлтэй, ёс зүйтэй Миша

ОВОГ НЭР:
Ч.Отгонбаяр
АЖЛЫН ГАЗАР:
БЗД-ийн ЭМТ-ийн Зөвлөх поликлиник
ТОВЧ НАМТАР:
БОЛОВСРОЛ:
ГАВЬЯА ШАГНАЛ:

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд Чулууных гэх айл нутагладаг байлаа. Тэднийх таван хүүхэдтэй болох үест одоогийн БЗД-ийн ЭМТ-ийн Зөвлөх поликлиникийн эрхлэгч Отгонбаяр мэндэлсэн юм. Чулуун гуай насаараа сумынхаа банкинд хянагч няравын албыг хашсан, ширүүхэн ааштай ч үнэнч, шударга хүн билээ. Түүнийг нутгийнхан нь “Банкны жижигхэн Чулуун” гэхээр андахгүй. Отгонбаярын ээжийг Олья гэх бөгөөд хүнсний үйлдвэрт чихрийн цехэд нормчин хийдэг даруу төлөв, дуу цөөтэй хүн бий. Ээжийнхээ зан чанар, гадаад төрхийг өвлөн төрсөн Отгонбаяр мөрөн сумын 2-р сургуулийг 1988 онд төгсөж, АУИС-д элсэн оржээ.  Эхний жилдээ  3-р төрөх, 1-р амаржих газарт асрагч хийсэн нь эмнэлгийн ажилд улам шимтэн дурлах болов. Тэрбээр 1991 онд том охиноо өлгийдөн авч, нэг жилийн чөлөө авч, 1996 онд буюу найман жилээр сургуулиа төгсчээ. Ингээд хавар нь Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн хэсгийн эмнэлэгт өрхийн эмчээр ажилд оров. Харин 2001 онд нийслэл хотод шилжиж ирээд БЗД-ийн 5-р хороо Хасагт-Эрдэнэ ӨЭМТ-д 2008 он хүртэл ажилласан байна. Түүнээс хойш БЗД-ийн ЭМТ-ийн  хавдар судлаач эмчээр ажиллаж байгаад 2018 оны 12-р сараас эхлэн Зөвлөх поликлиникийн эрхлэгч болсон аж.

Тэрбээр багын дуугүйхэн хэдий ч эрх хүүхэд байснаа дурсан ярилаа. “Айлын бага болохоор  аав, ээж, ах, эгч нартаа эрхэлж, цэцэрлэгт хүртэл огт яваагүй. Явмааргүй байна гэж уйлаад ах, эгч нар маань намайг ээлжилж хардаг байсан. Ангидаа хамгийн урд суугаад хүүхдүүдтэй юу ч ярихгүй байсаар гараад явчихна. 8-р ангиа төгсөтлөө эрэгтэй хүүхэдтэй бараг ярьж үзээгүй. Харин гэртээ бол хөшигөө нээж хаагаад л концерт тоглоно шүү дээ. Багаасаа мяраалаг байсан нь 1980 оны олимпийн логон дээрх Мишатай адилхан болохоор “Миша” гэдэг байлаа. Жаахан байхад ээжийн зүрх нь өвдөөд эмнэлэгт хэвтэмтгий байсан. Эргээд очихоор эргэлтийг нь асрагч нь аваад ээжтэй минь уулзуулахгүй. Тэр үед заавал эмч болоод “базна даа” л гэж бодсон.  Сургуулиа төгсөөд конкурс өгөхөд том эгч намайг эм зүйн анги авахыг санал болгосон ч би эмчилгээний ангийг авна гэж зүтгэж байгаад сургуульдаа орсон. Ажлын талбар дээр гараад л нөгөө бүрэг хүүхэд чинь илүү нээлттэй болсон. Гэхдээ дуу цөөтэй хэвээрээ. Харин сурагч байхдаа чимээгүйхэн үймүүлдэг, шударга бус зүйлтэй эвлэрдэггүй байсан. Нэг удаа манай ангийн хүүхэд журнал дээр авсан 4-өө 5 болгоод засчихлаа. Тухайн үед би ариун цэвэр, сурлагын комиссын дарга байсан болохоор комиссын охидоо дагуулж гэрт нь очоод “Чи ийм шударга бус байж болохгүй” гээд жигтэйхэн загнаж байснаа санадаг юм. Хэнхэг ч гэх юм уу, гэрийн хүмүүжил байдаг. 7-р ангидаа нэг удаа үймүүлсэн хэрэгт орлоо. Мартын 8-наар ангийнхаа хүүхдүүдтэй 10 төгрөгөөр нийлж, баяр тэмдэглэхээр болоход дэмжсэн хүн цөөхөн. Манай анги 14 охинтой, 27 хүүтэйгээс 4-5 охин, 3-4 хөвгүүд нийлээд ундаа, чихэр жимсхэн аваад манайд цугларсан. Бид нар идэж уугаад баярлаад л өнгөрлөө. Маргааш нь сургууль дээр иртэл багш нийллэгт оролцсон хүүхдүүдийг нэг, нэгээр нь нэр цохоод самбарын урд дуудлаа. Тэгээд л долоовор хуруугаараа чичлээд танай гэрт манай ангийн 17 охин багтахгүй байна уу. Чи их чимээгүй үймүүлдэг гээд загнаж гарлаа шүү. Би ч уг нь бүгдэд хэлсэн нийлэх хүн олдоогүй гэлээ” хэмээн дүрсгүйхэн охин байснаа дурсан ярилаа.

Тэрбээр эмч хүн хариуцлагатай, шударга, сэтгэлтэй байх ёстой  гэж үздэг аж. Ааваасаа шударга, цагийн юмыг цагт нь хийх ёстой гэсэн зан чанарыг авахыг хичээсэн бол ээжийнхээ хичээнгүй байдлыг нь өөртөө шингээхийг хүсдэг гэв.

“1-р төрөх дээр асрагч хийж байхад нээх сайхан зантай эгч хагалгаагаа даалгүй нас барсан юм. Тэр эгчийг нас барахад анх удаа морг ороод муураад уначихсан. Намайг 18-тай хүүхэд болохоор их өхөөрддөг байсан. Тийм болохоор их хүнд тусч байлаа. Тэнд л эмнэлэг, эмч мэргэжилтний ажил гэж юу байдгийг ойлгосон. Ажлын байран дээр гараад явахад настай хөгшчүүл та гэж хүндлээд бүх зовлон жаргалаа ярина. Тэгээд ээждээ хөгшин хүмүүс намайг та гээд яриад байх надад их эвгүй байна гэхэд ээж минь “Чамайг биш эмч гэдэг мэргэжлийг алдрыг чинь үнэлж, хүндэлж байгаагийн шинж” гэж хэлсэн нь урам зориг өгч байлаа” хэмээв.

Эмч хүн ёс зүйтэй, сэтгэлтэй байхад болно. Ямар ч сайн мэдлэгтэй байгаад сэтгэлгүй, ёс зүйгүй бол нэмэргүй гэж ярих энэ бүсгүй ачаалал ихтэй ажилладаг ч хамт олны сайхан уур амьсгалын ачаар ажилдаа түүртэж байгаагүй гэх.

“Хавдартай гэхээр 0 үе байсан ч тухайн хүний сэтгэл зүй гэмтсэн байдаг. Тиймээс хавдрын эмч нар сэтгэл зүйн эмчилгээг давхар хийх шаардлагатай болдог. Нэг хүн хөхний хавдрын сүүлийн шатандаа оношлогдоод над дээр ирсэн. Угтаа бол 2-р шатандаа оношлогдоод ХСҮТ дээр очиж л дээ. Тухайн үед үзсэн эмч нь хөхийг нь тайрахаас өөр аргагүй гэж хэлсэн байгаа юм. Тэгэхээр нь манай хүн зугтаачихаж. Ингээд бүр хүндрээд задрал үүссэн хойно над дээр ирэхэд нь эмчилгээгээ хийлгэх ёстой гээд их удаан ярилцсан. Тэр хүндээ эргээд хавдар дээр оч гэхэд эмчилгээндээ орчихоод тан дээр л ирмээр санагдах юм гэж хэлсэн. Таныг харахаар тайвширч байна гэхэд нь мэргэжлээрээ бахархаж байлаа. Нэг хүнийг ч гэсэн зөв  чиглүүлж чадлаа гэж бодохоор их баярласан. БЗД-ийн 5-р хороонд ажиллаж байхад нэг эмэгтэйд бага ч болов тусалж байсанд хэдэн жилийн дараа талархал илэрхийлсэн нь санаанаас гардаггүй юм. Алтан өлгийн хэсэгт өмнө нь байгаагүй айлгүй байсан задгай газарт нэг гэр байна. Өнөөх гэр лүү сувилагчтайгаа ороход мөлжчихсөн хоосон яс бөөгнүүлсэн. Идэж уух юм байхгүй шинжтэй. Хэдэн зүйл асуутал, нөхөр нь самарт яваад ирээгүй, идэх уух юмгүй, нярай хүүхдээ тэвэрсэн эх байсан. Өр өвдөөд дэлгүүр яваад сүү, боорцог аваад очлоо. Түүнээс хойш эргэлтээр очих бүртээ шоколад сүү оруулдаг гээд аваачиж өгнө. Харин сүүлд хавдрын эмчээр ажиллаж байхад нэг хүн ирээд уулзлаа. “Та Алтан өлгийн хэсэгт нэг хүүхэд үздэг байсан гэсэн. Тэр хүүхдийг би өргөж авсан юм гээд зургаан настай байхад нь ирж уулзсан. Төрсний гэрчилгээг нь аваагүй тул та бичиг хийгээд өгөөч” гэлээ. Гэтэл нөгөөх эмэгтэй “Та тухайн үед үнэхээр их тусалж байсан. Үргэлж талархаж явдаг гэдгийг минь дамжуулж өгөхийг хүссэн” гэхэд нь үнэхээр бахархам санагдсан” хэмээн хүүрнэлээ.

Түүний хөдөлмөрийг үнэлж, Эрүүл мэндийн яамны жуух, Тэргүүний залуу алтан медаль зэргээр шагнан урамшуулж байжээ. Ийм нэгэн өр нимгэн, аядуу тайван, шавилхан биетэй, шаггүй эмч БЗД-ийн ЭМТ-өөр овоглодог билээ.