Буцах

Бүлтгэр Оюун

ОВОГ НЭР:
Д.Оюун
АЖЛЫН ГАЗАР:
БЗД-ийн ЭМТ-ийн Зөвлөх поликлиник
ТОВЧ НАМТАР:
БОЛОВСРОЛ:
ГАВЬЯА ШАГНАЛ:

Том алаг нүдээрээ тогтуухан инээх бүсгүйг Дашдондогийн Оюун гэдэг. Тэрбээр 1968 онд 3-р амаржих газарт мэндэлж, тэр даруйдаа Дархан хот руу нүүсэн байна. Бусдын адилаар цэцэрлэгт явж, 1976 Дарханы 9-р 10 жилийн сургуулийг дүүргэжээ. Ингээд 1986-1988 онд дарханы Анагаах ухааны дунд сургуульд элсэн орж, сувилагчийн мэргэжил эзэмшив.

Энэ тухайгаа “Би багын л эмч болох хүсэлтэй байсан. Гэтэл конкурс өгөхөд 0,3 оноо дутчихсан. Тэгээд аав минь сувилагчийн ангид орохыг зөвлөлөө. Би ч орохгүй, нэг жил өнжье гэхэд “Багаас нь эхэлбэл амттай байдаг юм шүү. Сувилагчийн сургуулиа онц төгсвөл эмч болоход нээлттэй” гэсэн. Их хичээж, мэрийж байж төгссөн. Эмнэлгийн үнэр авчихсан учир ангийн ахлагч болж байлаа. Намрын ажил гээд л төмс, будаа хураана. Оюутны амьдрал их сайхан дурсамжаар дүүрэн өнгөрсөн. Багын хүсэл минь 1994 онд биеллээ олж, АУИС-ийн эмчилгээний ангийг төгсөж, эмчийн тангаргаа өргөсөн. Ингээд Дархан хотынхоо тосгоны өрхийн цэг гэж байгуулагдах үед ажил, хөдөлмөрийн гараагаа эхлүүлж байлаа. Өрхийн цэгт ажиллаж байхад бороо их орохоор шавар, шалбааганд нь гутал тэсэхгүй. Нормын гутал гэж байхгүй болохоор зундаа хоёр гутал заавал будаа болно шүү. Бүх айлаар тойрч ордог учир нэг эмч 500-900 хүнтэй ажиллахаар аргагүй ч юм уу даа” гэв. 

Тэрбээр 1998 он хүртэл өрхийн эмчээр ажиллаж байгаад Дарханы Анагаах ухааны  коллежид мэдрэлийн эмч, багшаар 2000 он хүртэл ажилласан байна. Харин 2002 онд АУИС-ийн харьяа Мэргэжил дээшлүүлэх институтэд мэдрэлийн резидент хийв. Үүний дараа 2002-2007 он хүртэл хуучнаар Орхон аймгийн нэгдсэн эмнэлгийн мэдрэл, уламжлалтын тасагт мэдрэлийн эмч, тасгийн эрхлэгчээр ажиллаж байжээ. Тэр үеэс хойш БЗД-ийн ЭМТ-ийн Зөвлөх поликлиниктэй амьдралаа холбосон аж.

Тэрбээр ээж, аав, дүүгийн хамт залуучуудын хот гэгдэх Дархан хотод амьдардаг байв. Бүлтгэр Оюун багын дуу цөөтэй, даруухан хүүхэд байсан учир Дашдондог гуай алсын бодол өвөртөлж, охиноо нээлттэй хүүхэд болгохоор Дархан хотын Залуучууд театрын бүжгийн дугуйланд МУГЖ Баттуул, Соёл-Эрдэнэ нарт шавь оруулжээ. Энэ үе бол 1980-аад оны эхээр байлаа. “Ээж минь 30 жил лаборант хийсэн. Эмнэлгийн хүн учир цагаан халаадтай хүмүүс гоё харагдана гэж жигтэйхэн. Харин аав геологич. Тухайн үедээ Дархан хотын намын хорооны тусгай хэлтсийн даргаар ажиллаж байгаад зах зээлд шилжих үед мэргэжлээрээ Силикат тоосго шохойн үйлдвэрт ажилласан. Би чинь гадаад төрхөөрөө аавыгаа, даруухан, тусархуу цайлган гээд ээжийнхээ сайхан чанаруудыг өвлөж авсан гэж боддог. Бүжгийн дугуйланд партнёр байсан хүүтэйгээ 1990 онд гэр бүл болж, хоёр сайхан охинтой болсон. Одоо бол чөлөөт цагаараа зээгээ харж хүүхдүүддээ дэм болохыг хичээж байна. Завсар зай гарвал ном зохиол унших дуртай” гэлээ.

Тэрбээр эмч хүн энэрэнгүй, шударга байх ёстой гэж үздэг. Одоогийн зарим залууст энэрэнгүй байх үзэл тун дутагдалтай байх шиг санагддаг гэдгийг шуудхан шүүмжлэв. “ Хүнд, хэвтрийн хүн олон тохиолдоно. Тэр хүмүүсийг л босгоод авахыг бодож явдаг. Мэдрэлийн гаралтай өвчнүүд дандаа л тахир дутуу болгох, хөдөлмөрийн чадвараа алдахад хүргэдэг. Эхний жилдээ сэргэлт авахгүй бол найдваргүй гэж хэлж болно. Өвчтөнүүдийн хувьд сэтгэлзүй үнэхээр хэцүү, уур уцаартай болсон байдаг. Тиймээс сэтгэл зүйг нь ойлгож, сайн сонсож, зөвлөгөө өгөхөд хүмүүс талархаад гардаг юм. Нэг удаа тархины хүнд гэмтэлтэй, гар хөл нь саажсан, ухаангүй байгаа хүнийг гэрээр нь очиж үзсэн. Тэр өрхийг ганц тэжээж байсан хүн нь осолд ороод амьдрал нь хэцүүдсэн. Ингээд нөгөө хүнтэйгээ уулзаад зөвлөгөө өгсөний дараа сэргээн засах эмчилгээнд мэрийлттэй явсан. Хоёр жилийн дараа надад цэцэг бариад ирлээ.  “Надтай хүн ёсоор харьцаж, сэтгэлээсээ дэмжиж байсанд маш их баярлалаа. Миний төлөө та хичээж байхад би өөрөө мэрийх хэрэгтэй гэж бодоод таниас урам авч, эмчилгээндээ явж, өнөөдөр хөл дээрээ бослоо шүү дээ” гээд ирэхэд нь мэргэжлээрээ бахархах сэтгэл төрж байлаа” гэв.

Хүнтэй чин сэтгэлээсээ л харьцах ёстой гэдгийг түүний түүхээс харж болох аж. Тэрбээр  хүний эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд 27 дахь жилдээ хүчин зүтгэсээр байна. Түүний хөдөлмөрийг үнэлж, Тэргүүний залуу алтан медаль, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнан урамжуулж байжээ.