Буцах

Шүхэрчин “Хормой ногоон”

ОВОГ НЭР:
Б.Тунгалаг
АЖЛЫН ГАЗАР:
БЗД-ийн ЭМТ-ийн Салбар амбулатори-2
ТОВЧ НАМТАР:
БОЛОВСРОЛ:
ГАВЬЯА ШАГНАЛ:

 

Өвөөгийн хормойнд нугдайн тонтгонох өхөөрдөм охиныг Тунгалаг гэнэ. Тэрбээр 1969 оны 2-р 14-нд Хэнтий аймгийн Гурванбулаг суманд Батаагийн том охин болон мэндэлжээ. Багын л урлаг спортод элэгтэй байсан ч эх барих эмэгтэйчүүдийн эмч болох хүсэл эрмэлзэлтэй байсан нь өдгөө биеллээ олж, БЗД-ийн ЭМТ-өөр овоглогдоод 6 дахь жилтэйгээ золгож байна. Тунгаа 1985  онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын ЕБС-ийн 8-р ангийг төгсөж, Дорноговь аймгийн АУДС-ийн эх барих бага эмчийн ангийг 1990 онд төгсчээ. Үүний дараа Өмнөговь аймаг, 2-р төрөх, ЭХЭМҮТ-д эх баригчаар ажиллаж байгаад 2007 онд АШУҮИС-д элсэн орж, 2012 онд их эмчийн мэргэжил эзэмшив. Ингээд БЗД-ийн 25-р хорооны Энх-Агшин ӨЭМТ-д 2012-2016 онд ажилласан байна. Энэ хугацаандаа эх барих эмэгтэйчүүдийн эмчээр мэргэжил эзэмшин одоог хүртэл БЗД-ийн ЭМТ-д ажиллаж байгаа юм.

“Эх баригч болчихоод Өмнөговь аймгийн төрөх тасагт ажилд орохоор очсон юм. Гэтэл эх баригчийн орон тоо байгаагүй тул нярайн сувилагчаар ажилд орсон. Номыг нь үзсэн, ногоотой шөлийг нь идсэн учир нэг өдөр дагалдаад шууд ажилдаа орж байлаа. Одоо бол хэд хоногоор дагалдаж байж, ажилд ордог болсон шүү дээ. Тухайн үед төрөлт бага байсан. Анх улаан нялзрай нярайн судас хатгахад эвгүй байдаг. Алимаа гээд ажилдаа гаршсан сувилагчаас тусламж гуйгаад очлоо. Тэгсэн номыг нь үзсэн хүн байж, өөрөө хатга гэлээ. Шар хөдлөөд л дээшээ нэг юм өгсөөд явчихлаа шүү. Тэгээд л энэ авгайг гуйгаад байхдаа яадаг юм гээд шууд өөрөө хийхээр шийдэж, ганц хатгалтаар судсыг нь шууд олсон. Энэ нь тэр чигээрээ урам зориг оруулсан юм даг. Өөрөө хөхөө хөхөж чадахгүй нярайг хамраар нь гуурс хийж, хооллоно. Хахаж цацах аюултай учир анхаарах шаардлагатай байдаг байлаа. Тэр үед нэг удаагийн зүү тариур байхгүй. Бүдүүн зүүгээр хатгана. Амаргүй ч гэлээ, амьдралд бас ажилд минь туршлага болсон он жилүүд өнгөрсөн” хэмээв.

Тэрбээр 17 жил эх баригч, бага эмчээр ажилласан байна. Ингээд 2012 онд их эмчийн мэргэжил эзэмшин өрхийн эмнэлэгт ажиллах болов. Энэ хугацаандаа эх барих эмэгтэйчүүдийн эмчээр мэргэшиж, 2016 оноос эхлэн БЗД-ийн ЭМТ-ийн салбар амбулатори 2-т ажиллаж байна. Тунгалаг багын л спортоор хичээллэх дуртай байв. Сонирхуулахад сагс, волейболын улсын 1-р зэрэгтэйн дээр шүхрийн спортын 3-р зэргийг өвөртөлсөн нэгэн аж. “Анх 17 настайдаа шүхрээр бууж байлаа. 3 метрийн өндрөөс үсрээд тавгаараа буудаг учир 45 хоногийн бэлтгэлд гарна. Онгоцноос гарах үед л хамгийн эвгүй байдаг. Залуу хүүхэд учир эхний буултаараа юу  ч мэдэлгүй, зоригтой гэгч нь бууна.  Харин 2 дахь буултаар  жаахан айдастай байсан. 40-60 км цагийн хурдтай бууна шүү дээ. Зөв буухгүй бол хөл, гараа хугалахаас эхлээд эрсдэлтэй. Шүхрээр нийтдээ дөрвөн удаа буусан. Тэр мэдрэмж давтагдашгүй, гайхалтай байдаг” хэмээн дурслаа.

  

Түүний ээж гуталчин, аав нь трактерийн жолооч байв. Нийтэч, эгэл даруу, ажилч хичээнгүй хүмүүс учир үр хүүхдээ тэрхүү жишгээр хүмүүжүүлжээ. “Ээж минь хэт шулуун, шударга, хурц талдаа араншинтай. Заримдаа энэ занг нь дуурайсан юм шиг санагддаг. Шар хүн шартай гэдэг шиг би ч гэсэн шартай шүү. Эмээ, өвөө дээрээ өссөн болохоор эрх, танхи гэж жигтэйхэн. Гэрийн ажил хийдэггүй урлаг, спортоо хөөдөг байсан. Өвөөгийн хормойлоод явдаг байсан “Хормой ногоон” одоо хоёр хүү, нэг охинтой басхүү эмэгтэйчүүд, ирээдүйн эхчүүдийг эрүүл байлгахыг төлөө ажиллаж байна даа” гэв.

Тэрбээр чин сэтгэлээсээ талархаж байгаа хүний “баярлалаа” гэх үг, биеийн хэлэмж, харцнаас тэр урам зориг авдаг гэх. Зарим тохиолдолд иргэдийн дээрэнгүй хандлага түүнийг гонсойлгодог талаар ийнхүү ярилаа. “Дээхэн үед эмчийг их хүндэтгэдэг байлаа. Одоо ч тийм хүн ховор болж дээ. Бид нарын мөнгөөр амьдарч, цалинждаг байж гэж ирээд л зандрах нь энүүхэнд. Манайхан дунд цагаар үйлчлүүлж мэдэхгүй нийтлэг нэг дутагдал байна. 10 цагт үзүүлэх хүн 8,30 гээд цаг нь болоогүй байхад түрүүлж, ирчихээд уурлана. Тиймээс иргэдэд цахим үйлчилгээг таниулан сурталчилж, хэвшил болгомоор байна. Харин эмч нарын хувьд хүнтэй зөв харьцах чадвартай, хурдан шаламгай байх ёстой гэж боддог. Бидний мэргэжилд клиник сэтгэлгээ нэн чухал. Төрөх тасаг дээр цус алдаж байгаа тохиолдол ирвэл багаар ажиллах, ур чадвар мэдлэгтэй байх хэрэгтэй. Шатраар бол аль хэдийн дараагийн нүүдлээ бодчихсон байх ёстой шүү дээ” гэв.

Түүний хамгийн анхны шагнал нь Өмнөговь аймагт ажиллах байхад цалингийн 10 хувь буюу тухайн үед 3 төгрөг 90 мөнгө байлаа. Энэ нь 1 кг сахарын мөнгө байсан юм. Үүний дараа нь байгууллагын аварга болсон бол нийслэлд ирээд ӨЭМТ-ийн холбооны тэргүүний хөдөлмөрч эмч шагналыг 2016 онд авчээ. Мөн 2018 онд Эрүүлийг Хамгаалахын Тэргүүний ажилтан, 2019 онд Хөдөлмөрийн Хүндэт медиалаар шагнуулж байв. Харин БЗД-ийн ЭМТ-д ороод москва явах эрхээр шагнуулсан байна. Шударга, шулуун зантай, спорлог байдлаараа бусдыг татдаг хөдөлмөрч бүсгүй эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн төлөө ажиллаж хөдөлмөрлөсөөр байна.