Буцах

Багийн эмч Бандийн Дариймаа

ОВОГ НЭР:
Б.Дэлгэрмаа
АЖЛЫН ГАЗАР:
БЗД-ийн ЭМТ-ийн Салбар амбулатори-1
ТОВЧ НАМТАР:
БОЛОВСРОЛ:
ГАВЬЯА ШАГНАЛ:

1972 он. Хөвсгөл аймгийн Их-Уул сумын нутагт малчин ард Бандийн гэр бүл отгон охиноо өлгийдөн авчээ. Түүнд Дэлгэрмаа гэх нэр хайрлав. Багадаа өвчин ороомтгой хүүхэд байсан төдийгүй ухаангүй хэдэн сар болсон тухай ээж, аав нь ярьдаг байсан учир дуудах алдрыг нь Дариймаа гэх болов. Охин 16 нас хүрч, иргэний үнэмлэхээ авах үед төрсний гэрчилгээн дээрх Дэлгэрмаа нэр нь түүний нэрийн хуудас болжээ. Ийнхүү өдгөө нутаг усныхандаа Дариймаа гэж дуудагдах нэгэн сувилагч бүсгүй Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн статистикч бага эмч Дэлгэрмаа юм. “Иргэний үнэмлэхээ авсанаас хойш журнал дээрх миний нэр Дэлгэрмаа болсон. Багш ирц бүртгэхээр намайг дуудна. Би нэрээ мэдэхгүй. Манай альгебрийн багш настай хүн байсан. Нэрээ мэдэхгүй мангар, балай гээд л загнаж өгнө шүү дээ. Нутгийнхан, 10 жилийн ангийнхандаа Даариймаа л гэж дуудагдана. Зөвхөн ажил дээр л албан нэрээр минь дуудна. Ямар сайндаа лавлагаан дээр Даариймаа гэж асуувал би шүү гээд л захидаг” хэмээв.

Тэрбээр 1990 онд сумынхаа 10 жилийн сургуулийг дүүргэж, Улаанбаатар хотын Анагаах ухааны дунд сургуульд элсэн оржээ. “10-р ангиа онц төгсөөд анагаахын дээдэд орох  хүсэлтэй байсан. Хими, физикээр суурилж бэлдээд 110 хүүхдээс 3-рт жагссан юм. Тухайн үед туршилтын журмаар манай суманд санхүү, анагаах, цэцэрлэгийн багш, бага ангийн багш, хөнгөн хүнсний техникум гээд таван техникумын хуваарь ирсэн. Эхний хоёр байранд орсон хүүхэд конкурс өгөхөөр шийдсэн бол би техникумаас сонгосон. Ингээд 1993 онд эмчилгээний ангийг бага эмч мэргэжлээр төгссөн. Харин багын сонирхол бол нягтлан болох хүсэлтэй байсан. 10 төгсөх жилээ гэнэт хувирч, эрүүл мэндийн салбарыг сонгохоор болж байлаа. Аав минь сумандаа багийн ахлагч, дарга, фермийн эрхлэгчээр ажиллаж, саалчдын сүүг тушаахдаа тооцоог нь хятад сампин дээр бодно. Би эсрэг талд нь суучихаад сампингаар аавын хэлсэн бүх тоог давхар боддог  байлаа. Энэ нь сонирхолтой санагдаж, санхүүгийн хүн болно гэж бодсон. Ямар сайндаа  багадаа сумынхаа санхүүгийн нягтлан Мэндбаярыг мөргөнө гэж ярьдаг байсан гэсэн. Хаанаас олж дуулсан юм бүү мэд. Ингээд бодохоор адтай хүүхэд байсан юм шиг ээ. Бас  савдаглан гэгч нь жигтэйхэн хүүхэд байсан. 3 настай байхдаа 100 хүртэл тоолно. Сурсан зүйлийнхээ ашгийг гаргах гэж хашааны орой дээр суугаад малаа тоолж гарна шүү дээ. Нэг өдөр сэтэрхий уруултай тугал хараад нөгөөхөөсөө айж, хашаа руу  дахиж ойртохоо больсон тухай гэрийнхэн минь ярьдаг юм. Харин сургууль сонголтон дээр ээж минь миний охин “Санхүүгийн ажил хамгийн цэвэрхэн нь, эмнэлэгт бол цагаан халаадтай ч цаанаа хүмүүсийн хамаг муу муухай бүхэнтэй холилдоно” гэж байсан. Харин сургуулийн химийн багш чам шиг шууд техникум авдаг хүүхэд байдаг юм уу гээд нэлээн зэмлэсэн. Одоо хүртэл 10 жилийн багш өөрийнхөө замыг эхнээс нь буруу сонгочихсон гээд загнана. Гэхдээ би огт харамсаж байгаагүй” гэв.

Дэлгэрмаа сургуулиа дүүргээд Анагаахын дээдэд орохоор зэхэж байв. Тухайн үед ээжийнх нь бие тааруу гэх сураг дуулдсанаар 7-р сард нь нутаг буцахаар болжээ. Ингээд 1994 онд сумынхаа багийн эмчээр ажиллаж эхэлсэн байна. “Би гэдэг хүн хөдөө өссөн хэрнээ хөдөөгийн амьдрал мэдэхгүй, нутаг усныхаа хүмүүсийг сайн таньдаггүй, осолтгүй л морь унаж чаддаг байсан. 1000 гаруй хүн амтай хамгийн том багийн эмч болж, морьтой айлуудаар тойрч танилцах гэтэл газар мэдэхгүй учир ах нарынхаа хоёр хүүгээр ээлжлэн замчлуулна. Тэр үед шуудхан асуучих хүн байхгүй тул хэдэн лекцийн дэвтрээ байнга өвөртөлж явна. Эхэндээ ч хөгтэй зүйл их тохиолдоно. Анхны дуудлагандаа очоод даралт үзлээ. Юу ч сонсогддоггүй. Бүр мэл гайхаад хартал чагнуураа чихэндээ хийгээгүй байж билээ. Ажлын талбар дээр гарахад залуу байсан болохоор их л зоригтой, айх асуудалгүй байж. Одоо бодоход яаж хүний аминд хүрчихээгүй юм гэхээс айх шиг болдог юм. Анх удаа хүүхэд эх барихаар боллоо. Зулай нь цухуйгаад эвгүй харагдаад, айж л байлаа. Тэр үед багийн эмчид эх барихын чиглэлийн ашиглах бэлэн зүйл огт байхгүй. Жижиг хайч спиртээр арчиж байгаад л хүйг нь тасалсан. Гэрээс нь утас аваад спиртэнд дүрж, эмхэрдэж байгаад хүйг нь боолоо. Эхэс нь гарахгүй нэлээн удлаа. Тэгсэн хадам ээж нь өрхний оосор аманд нь үмхүүлдэг гэлээ.  Би ажлаа хийе, та өөрөө шаардлагатай зүйлээ хий гэж хэлсэн. Төд удалгүй эхэс нь гарч, би ч хянамгай гэгч нь булдрууг нь тоолж, шалгасан. Гахайн ширэн цүнхэндээ дотор, мэс засал, хүүхдийн өвчин гэсэн хэдэн дэвтрээ аваад явна. Хэд хоногийн дараа нөхөр нь хүйн угаалганы урилгатай ирсэн. Ээж минь хөвөн даавуун өлгий оёод өгч явуулсан. Ер нь хөдөөнийхөн эмчийг ихэд хүндэлнэ. Үзүүлэхдээ хувцсаа сольж, гар нүүрээ угаадаг. Багийн эмч байхдаа шинэ жилээс эхлээд цагаан сар хүртэл гэрийн бараа харахгүй. Өвлийн улиралд ханиад томуугийн дуудлага тасрахгүй шүү дээ. Залуу, ганц бие байсныг хэлэх үү? Татлаа түтлээгүй болохоор тэгж ажиллах боломж олддог байж. Оройтох бүрийд аав минь тамхиа нэрээд алсын бараа ширтээд хүлээж байдаг сан” гэв. Тэрбээр 1997 оны 11-р сард анхны охиноо өлгийдөж авчээ. Ингээд охиноо  дөрвөн сар хүрээгүй байхад нь ажилдаа орсон байна. Харин 1999 онд өмөг түшиг, хайр энэрлийн дээд нь болсон эцэг, эх нь тэнгэрт дэвшсэн харамсалт явдал тохиов. Хоргодох зүйлгүй болсон Дээгий нийслэлийг зорьжээ. “Мөрөөдөл болсон анагаахдаа орж, эмч болохоор хотод ирсэн. Тухайн үед сургууль соёл эхлэх дөхсөн, хүүхэд бага учир нэг жил ажилчихаад сурахаар төлөвлөсөн юм. Ингээд  Эрүүл мэндийн 9-р төвд эмэгтэйчүүдийн бага эмчээр ажилд орсон. Харин 2000 онд 13-р хороолол 10-р төв рүү шилжиж, түүнээс хойш эндээ ажиллаж байна. 2007 оны 9-р сар хүртэл эмэгтэйчүүдийн бага эмчээр ажиллаж байгаад статистикийн олгох хийгээд 11-р сараас статистикч бага эмч болсон” гэв. Сампин цохьж байсан жаахан охин эцэстээ мөрөөдлөө биелүүлж, статистикч бага эмчээр  БЗД-ийн ЭМТ-д ажиллаж байна.
Бүх зүйлийг ном журмын дагуу байх ёстой гэсэн үзэлтэй энэ бүсгүй гэрийнхэн дотроо хамгийн дуу шуутай, аманцар нь гэх аж. Гэтэл хамт олныхоо дунд эвсэг, ялихгүй зүйл дээр төдийлөн ам нээгээд байдаггүйг зарим нөхөд нь хэлдэг. Уярамтгай, уйланхайг нь бас энд дурдахгүй байх аргагүй юм. “Таалагдахгүй, болж бүтэхгүйг бол дуугүй өнгөрөөхгүй, шуудхан хэлнэ. Хамгийн гол нь үндсэн ажлаа яс хийх зарчмаар өдийг хүртэл ажиллаж байна” гэлээ. Хөдөлмөр хүнийг бүтээдэг гэдэг. Тэрбээр 1999 онд хотод орж ирээд ажлынхаа хажуугаар охидын цагаан үсэн гоёлтой, савхин малгай оёж, таван мянган төгрөгөөр зардаг байж. Үүнээс гадна хүүхдийн гутал, дээл урлах авьяастай ажээ.

“1995 онд ангийнхаа Батсайхантай гэр бүл болсон. Багийн эмчээр ажиллаж байхдаа өвлийн хүйтэнд хоёр морь эмээлэх амаргүй учир морин дээр нөхөртэйгээ сундалдаад л явна. Сүүлдээ мотоцикл авч, ард нь сундлаад явж байхдаа охиноо хөхүүлээд явдаг байлаа. Энэ мэтээр дуудлагаа зохицуулна даа. Багийн эмч эмэгтэйчүүдийг жирэмсний эхний гурван сарын дотор  хяналтад оруулах ёстой. Оруулаагүй бол цалингаа хасуулна. Хоёр ч удаа хасуулж байсан. Сүүлдээ нөхөр хүртэл цалин хасуулахад санаа нь зовоод тэдний охин тэрэнтэй уулзаж байна лээ асуугаарай гэж захина. Залуучуудаас тэр эхнэр авах нь уу гээд л асууж сурч, судалгаа хийнэ.1000 гаруй хүн амтайгаас 40 гаруй хувь төрөх насных байсан. Тэр хэрээр ачаалал их. Зундаа 14 хоног нүүдлийн амбулатори ажиллуулна. Үзлэгээ хийж, эмчилгээ бичнэ. Сөр гээд модон тэвшийг берзинтээр битүүлээд  платкархуу эд эмэгтэйчүүдийн ор тавиад үзлэг хийнэ шүү дээ. Нэг удаагийн зүү, тариур, толь гэж байхгүй болохоор төмөр толио угааж, буцалгаж ариутгадаг байсан. Хөдөөний залуус багаж, хэрэгсэл, эмэгтэйчүүдийн орыг их сонирхоно. Зарим нь нууцаар ороод хэвтэж үзэх жишээний” хэмээн хуучлав.

Өдгөө салбартаа 25 жил хүчин зүтгэж буй энэ бүсгүй чин шударгаар ажил, амьдралаа өнгөлсөөр БЗД-ийн ЭМТ-д ажиллаж, хөдөлмөрлөсөөр байна.