Буцах

Ахмад дайчны “Алтан гартай” сувилагч охин

ОВОГ НЭР:
Т.Отгонсүрэн
АЖЛЫН ГАЗАР:
БЗД-ийн ЭМТ-ийн Зөвлөх поликлиник
ТОВЧ НАМТАР:
БОЛОВСРОЛ:
ГАВЬЯА ШАГНАЛ:

Тас тасхийсэн инээдээрээ ажлын өрөөнийхөө жаврыг үргээх нэгэн бүсгүй 1966 онд улсын нийслэл улаанбаатар хотноо ахмад дайчин Тарвийн гэрт мэндэлсэн түүхтэй. Ах, дүү 15-уулаа энэ айлын 8 дахь үр нь болсон түүнийг Отгонсүрэн гэх. Ижий, аав нь түүнийг “отголуулах” бодолтой Отгонсүрэн гэх алдар хайрласан ч дороо долоон дүү дагуулсан байна. Тэрбээр Нийслэлийн 10 жилийн 2-р дунд сургуулийг дүүргэж, эм зүйч болохоор шалгалтандаа бэлдэж байв. Гэтэл эрүүл мэндийн шалтгааны улмаас конкурсээ өгч чадалгүй хасагджээ. Ингээд нэг жилийн турш ажил хийж байгаад хамт ажиллагсадтайгаа цуг конкурс өгч, Улаанбаатар хотын сувилагчийн сургуульд элсэн орж, 1988 онд түмэн олноо энэрэн сувилах сувилагчийн мэргэжлийг эзэмшсэн байна. “Намайг төгсдөг жил Эх нялхсын эмнэлэгт эмэгтэйчүүдийн тасаг ашиглалтад орж байсан. Тэр үед эмэгтэйчүүдийн тасагт манай ангийн дөрвөн хүүхэд очсон. Анхны шөнө ахлах сувилагчийн үүргийг гүйцэтгэж хоноход нэгхэн өвчтөнтэй байлаа. Харин дараагийн ээлжин дээр ирэхэд  80 гаруй хүнтэй болчихсон байсан. Тэр олон хүний дунд нэг сувилагч, ганц асрагч хонодог байлаа. Өвдсөн, зовсон, орилсон, чарласан олон хүн манай тасагт хэвтэнэ. Залуу хүүхэд очсон болохоор их л сандарч, мэгдэнэ. Тухайн үед дагалдуулж, сургах завдал өгөлгүй шууд л ажлын байрандаа эзэн нь болох үүрэгтэй байлаа. Щифрицээ өөрсдөө угаагаад ариутгалд өгнө. Угаах явцад хагарах тохиолдол элбэг. Тэгээд л өр төлбөрт орно шүү дээ. Эхний 14 хоног ёстой хэцүү. Заримдаа бүр болъё гэж хүртэл бодож байсан. Аяндаа сураад дадлагажаад ирэхээрээ шантрах нь багассан. Эмэгтэйчүүдийн тасагт ихэвчлэн зулбасан хүмүүс ирнэ. Абортонд хүмүүс заалтаар орно. Гэтэл зарим нь албан хүчээр өөрсийгөө зулбуулах алхам хийгээд цус алдаад ирдэг. Хүсээгүй жирэмслэлт, хүчирхийлэлд өртсөн охид их ирнэ. Тэндээ ажиллаж байгаад амьдралын шаардлагаар гэх үү дээ гарсан. Манай гэр бөмбөгөрийн ойролцоо байсан юм. Эх нялхас руу явахын тулд заавал автобус ашиглах шаардлагагүй тул гандангийн гэр хорооллын замыг дамжаад эх нялхас руу алхдаг байлаа. Айлууд өвлийн цагаар муу усаа асгаад хөлдөөчихнө. Тэр нь надад зулбаа болж харагдаад шөнөдөө нойргүй болоод ламд үзүүлтэл “Муу зүгийн ажилд орсон байна гэснээр ажлаасаа гарсан юм. Үүний 1990 онд Эрүүл мэндийн 9-р төв байхад нь ажилд орсон. Өлзийбаатар эмчтэй хамтран 13-р хорооны насанд хүрэгчдийн сувилагчаар ажилласан. Тэгж байтал эмч маань бөөрний эмч болоод явсан. Тэр хойгуур нь чих хамар хоолой дээр ажилласан. Удалгүй Өлзийбаатар эмч сувилагчаа авна гээд бөөрний чиглэлээр сурч эхэлсэн. Дараа нь эмч тэтгэвэртээ гарч, би гэмтлийн сувилагч болсон” гэв. Тэрбээр улсад 35 жил ажилласны 32 жилийг нь гэмтлийн чиглэлээр дагнасан байна.

Түүний аав Тарви гуай эх орны чөлөөлөх дайнд орж явсан ахмад дайчин хүн ажээ. “Аав, ээж минь хөдөлмөрч хүмүүс. Аав улсын барилгын зургийн төвийн институтэд слесарь хийж байгаад насандаа суусан. Харин ээж минь хамт олныхоо итгэлийг хүлээсэн хүндэт самбарын эзэн явлаа. Хүүхдүүд зуны амралтаараа амардаг бол би 8-р ангиасаа эхлээд ээжийнхээ ажилд тусалдаг байлаа. Өглөө 5 цагаас босоод зургийн институтын өрөө, тасалгааг цэвэрлэнэ. Орой 8,9-д гэртээ харьдаг. Үүний ачаар багаасаа ажлын үр шимийг мэддэг болсон. Багадаа үг, дуу цөөтэй хүүхэд байсан.  Ямар сайндаа багш журнал дээр намайг тасаар бүртгэчихнэ. Гэтэл би хойно нь чимээгүй сууж байх жишээний. Харин одоо бол хамт олон минь намайг хөгжилтэй, шооч хэмээн тодорхойлдог болсон. Ажил хөдөлмөрийн гараан дээр ирээд яриа хөөрөөтэй болж өөрчлөгдсөн гэж хэлж болно. Би чинь бас их дуу чангатай. Амбулаторийн хуучин дарга Эрхэмбаяр  намайг “Тас тас гээд хөхөрч байгаа чинь урд талын автобусны буудал дээр сонсогдож байна. Муу хүний дуу чанга. Дуугаа аяд” гээд л зэмлэдэгсэн. Ингээд бодохоор их л чанга дуутай юм шиг” хэмээв.  

Дуулж, бүжиглэх дуртай энэ бүсгүй баяр ёслолын үеэр эрэгтэй хүний үүргийг гүйцэтгэж бүсгүйчүүдээ аваад таанз эргэдэг гэх. “Одоо бол ажлаа дуусгаад гэртээ харьж, ээжийгээ асарч, хань болохыг л илүүд үзэх болсон. Ажил дээрээ бол хөгшин, залуу гэлгүй бүх хүнийг “Миний хүү” гэж дуудна. Бүр дасал болчихсон гэх үү дээ. Хүмүүс намайг ааштай ч гэсэн алтан гартай гэж ярина. Ингээд бодохоор шархыг хурдан эдгээчихдэг юм шиг санагддаг шүү. 30 гаруй жилийн хугацаанд удаан хугацаагаар боосон шарх 10 хуруунд багтахаар хүнийг л 20-30 хоногт боож эдгээсэн байдаг юм. Нэг удаа архи нэлээн хөнтөрчихдөг нөхөр дөрвөн мөчөө хөлдөөчихөөд ирж байсан. Ар гэрийнхэн нь миний талаар дам дамаа сонсоод ирж байлаа. Орон гэргүй тэр хүнд боолт хийсээр байгаад хөл, гарыг нь тайруулахаас сэргийлж чадсан. Тэр үед эрүүл мэндийн газрын дарга Ганхүү гэж хүнд ар гэрийнхэн нь уламжлаад баярын бичиг өгүүлж байсан нь санаанаас гардаггүй. Мэрийлт, ур чадвар, хичээл зүтгэл нөлөөлсөн болов уу” гэлээ.

Тэрбээр багаасаа л эмнэлгийн хүн болохоор төөрөг тавилантай байсан гэж өөрийгөө үздэг. Учир юу гэвээс: “Би 3 настайд манайх одоогийн Хүүхдийн урлан бүтээх төвийн хажууд байсан юм. Гэтэл нэг өдөр алга болоод байраараа хайгаад олохгүй цагдаа, сэргийлэх болсон гэсэн. Би санадаггүй юм. бөөн эрэл, сурал болсны эцэст 100 айлын тэндэх хэсгийн эмнэлгээс ганцаараа ирсэн. Хаачаад ирэв? гэхэд би ингүүлээд ирлээ гэж хариулсан байгаа юм. /цээжээ эмчид хэрхэн чагнуулснаа дүрслэн үзүүлжээ/ Тэр үеэс хойш эмнэлгийн хүн болох заяатай болов уу гэж гэрийнхэн минь ярьдаг болсон. Харин Сувилагчийн сургуульд сурч байхдаа ямар нэг тохиолоор дандаа л гэмтлийн тасагт хуваарилагдаад байсан. Үүнээс гэмтлийн сувилагч болох тавилантай байсан болов уу гэж бодох болсон” гэлээ.

Төөрөг тавилангаар сувилагч болсон энэ бүсгүй Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн Зөвлөх поликлиникийн гэмтлийн сувилагчаар ажилладаг билээ. Түүний хичээл зүтгэлийг үнэлэн төр засгаас Нийслэлийн тэргүүний ажилтан, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдэг, Сувилахуйн цагаан зүрх, Алтан гарт, Хөдөлмөрийн хүндэт медаль зэргээр шагнан урамшуулсан байна.