Буцах

Батхаан уулын өвөрт мэндэлсэн “Одонгийн хүүхэд”

ОВОГ НЭР:
Х.Саранцэцэг
АЖЛЫН ГАЗАР:
БЗД-ийн ЭМТ
ТОВЧ НАМТАР:
БОЛОВСРОЛ:
ГАВЬЯА ШАГНАЛ:

1987 он. Зуны аагим өдөр малчин ард Хангалсүрэн гуай тав дахь үрээ өлгийдөн авсан нь Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн сувилахуйн арга зүйч Саранцэцэг билээ. Тэрбээр Төв аймгийн Эрдэнэсант суманд мэндэлжээ. Хоёр эгч, хоёр ах, хоёр дүүтэй Сараа “Одонгийн хүүхэд” гэдгээрээ бахархаж явдаг гэх. “Аав минь намайг сар шиг гэрэлтэж, цэцэг шиг дэлбээлж яваасай гэж хүсч Саранцэцэг гэж нэр хайрласан гэдэг. Манайх Батхаан уулын урдхан талд зусч, өвөлжинө. Айлын тав дахь хүүхэд учир бүхий л ажлыг хийнэ. Үхэр малаа саана. Адуугаа хариулна. Ер нь гэрийн ажлаа дааж үлдэнэ. Энэ бүхний ачаар хурдан шаламгай хөдөлгөөнтэй болчихсон гэж боддог. Багадаа сахилгагүй, адтай, зодоонч хүүхэд байсан юм шиг. Миний дээд талын ах надаас нэгээр ах. Тэр ахыгаа л их зодно. Нэг удаа аавыг сахлын хутгаар сахлаа авч байхыг харчихаад аав, ээжийг гүүндээ гарсан хойгуур нь ахыгаа барьж байгаад сахлын хутгаар нь эрүүг нь зүсээд цус нөжтэй нь холилдчихсон сууж байсан тухай гэрийнхэн одоо ч ярьдаг. Ингээд бодохоор нэлээн “хэцүү” нөхөр байж л гэж боддог юм. Ээж минь нямбай, ажилч хичээнгүй хүн. Үүнийг нь дуурайгаад гэрээ цэгцтэй болгож байж л санаа амар сууж чаддаг занг нь, аавынхаа хурдан шаламгай байдлыг нь дуурайсан. Тэд минь сайхан сэтгэлтэй, өрөвч хүмүүс. Чадах л зүйл байвал хүмүүст туслахыг хүсдэг. Энэ чанарыг нь ч бас өөртөө шингээсэн байх. Энэ чинь л эрүүл мэндийн салбарын онцлог шүү дээ” гэв.

Тэрбээр ах, эгч хоёрынхоо хүүхдийг харахаар 6-р ангидаа нийслэлийн ерөнхий боловсролын 33-р сургуульд шилжин иржээ. Сургуулиа дүүргээд эмч болох сонирхолтой байсан ч конкурс өгөхийн өмнө өвчний учир шалгалтаа өгч чадаагүй аж. “Тухайн үед олгой ургаад хагалгаанд ороод яах аргагүй шалгалтаа өгч чадаагүй. Ингээд л Ач анагаах ухааны их сургуулийн Сувилахуйн ангид хүн авах боломжтой гэхээр нь элссэн. Уг нь бол 2-р курстээ эмчийн ангид шилжиж орох бодолтой байсан ч ангийн дарга, шилдэг оюутан болж, шилжих боломж гараагүй. Сүүлд миний сурах ёстой зүйл бол сувилахуйн мэргэжил гэдэгт бат итгэлтэй болсон. Сургуулиа 2009 онд төгсөөд сувилах эрхийн шалгалт өгч, 6-р сарын 19-нөөс Улсын 1-р төв эмнэлэгт зүрх судасны тасагт сувилагчаар ажилд орсон. Оюутан байхдаа УНТЭ дээр хонон өнжин ажилтан шиг нь дадлагаа хийж байсан нь их дэм болсон. Ингээд тасагтаа 6 дахь жилдээ ажиллаж байхад Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвд сувилахуйн албаны даргаар ажиллах хүсэлт ирсэн. Олон жил хамт олонтойгоо ижил дасал болсон учир шуудхан гарах хэцүү байсан. Тасгийн эрхлэгч Батболд дээр очиж, надад ийм санал ирсэн. Дэвшвэл надад хэрэгтэй. Гэхдээ бас хамт олноо орхимооргүй санагдаад таны шийдийг сонсох гэсэн юм гэж хэлсэн. Гэтэл тасгийн эрхлэгч маань залуу хүн өсч дэвжих газартаа очсон нь дээр. Ирээдүйгээ бод, чамайг чадна гэж итгэж байна гэснээр 2015.04.01-ээс БЗД-ийн ЭМТ-ийн сувилахуйн албаны дарга болсон. Өрхийн эмнэлэг, амбулатори гээд ажиллаж үзээгүй салбар учир суралцах зүйл их байсан. Ингээд 2016 онд удирдагын чиглэлээр магистраа хамгаалсан. Тухайн үед Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга М.Саранцэцэг, Хүний нөөцийн албаны дарга Л.Болормаа тэргүүтэй олон хүн зааж зөвлөж, дэмжиж ирсэн. Харин 2017 оноос хойш одоог хүртэл сувилахуйн арга зүйчээр ажиллаж байна. Сувилагч нарын сургалт, мэргэжил дээшлүүлэх тал дээр анхаарч илүүтэй анхаарч байгаа” гэв.

Тэрбээр сувилагч, албаны дарга, арга зүйч гэсэн гурван чиглэлээр ажилласан байна. Үүний гол ялгааг тайлбарлахдаа “Сувилагч бол гардан хийж байгаа зүйл дээрээ хариуцлагатай, ёс зүйтэй байх ёстой. Албаны дарга тэднийг удирдан чиглүүлэх, өмнөөс нь хариуцлага үүрч, төлөөлөл нь болж явдаг. Харин арга зүйч бол менежмент тал дээрээ давхар ажиллахын зэрэгцээ сувилагч нарт сургалт хийж, чиглүүлэх, чадавхжуулах, урам зориг өгөх, зэрэг ахиулахад нь дэмжлэг үзүүлдэг онцлогтой гэж харж байна. Нэг удаа сувилагч эгчтэй хамт ээлжинд гарсан. Нэг өвчтөнд цефозалин хийхэд таталт өгч, амнаас нь хөөс сахраад уначихсан. Тэр үед сувилагч эгч демодрол соруул гээд хурдан шаламгай соруулж өгч, эхний арга хэмжээг авсан. Энэ явдлаас хойш заавал сорил тавих хэрэгтэй. Бас хурдан шаламгай, ур чадвартай, мэдлэгтэй, мэргэшсэн байх нь ямар чухал болохыг ойлгосон. Хэрэв бид удаан байсан бол тэр хүнийг аврах боломжгүй болох байсан. Тийм учраас хариуцлага, ур чадвар, мэдлэг, шуурхай байх нь чухал” хэмээн хариуллаа.

Тэрбээр хоол, сагс тоглох дуртай аж. Харин гэр цэвэрлэх бол хэвшсэн ажил нь болжээ. Ковид-19 цар тахлын үед эрүүл мэндийн салбарынхан ачаалалтай ажиллаж байна. Тэрбээр одоо ч дайчилгааны тэргүүн фронтод зогссоор байгаа юм. “Цэгүүд тохижуулах, шинжилгээ авах, тандалтаар хүртэл явж байлаа. Харин одоо дархлаажуулалтын цэг ахлаад ажиллаж байна. Энэ нь шинжилгээнээс арай өөр. Яаралтай тусламж, эмчийн үзлэг, сувилагчийн хатгалт гээд гардан үйлдэл ороод ирнэ. Бүх хүн л хариуцлагатай ажиллаж, багийн ажиллагаа сайтай байх хэрэгтэй. Аль болох олон хүнийг дархлаажуулж, эрдэнэт хүнийг энэ аюулт өвчнөөс сэргийлэхийн тулд хичээж байна. Нөхөр минь цагдаагийн алба хаагч. Бид энэ үед хоёул цаг наргүй ажиллаж байна. Ар гэртээ санаа зоволгүй ажиллах боломжоор хангаж, ар талыг минь дааж байгаа нөхрийнхөө эгч, дүү хоёрт талархах нь зүйтэй. Ядраад харихад гэр цэвэр, хоёр хүүхдийг минь хараад хоол унд хийчихсэн байдаг болохоор санаа амар ажлаа хийх боломжтой байна” гэв.

Батхаан уулын өвөрт мэндэлсэн “Одонгийн хүүхэд” өдгөө улсад 12 дахь жилдээ ажиллаж байна. НЭМГ-ын өргөмжлөл, ЭМЯ-ны жуух тэргүүтэй шагналын эзэн энэ бүсгүй Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн эгэлгүй нэг бахархал билээ.