Буцах

Баянзүрхтэй холбогдсон 30 жил...

ОВОГ НЭР:
Б.Энхбаяр
АЖЛЫН ГАЗАР:
БЗД-ийн ЭМТ-ийн Салбар амбулатори-1
ТОВЧ НАМТАР:
БОЛОВСРОЛ:
ГАВЬЯА ШАГНАЛ:

 

20 гаруйхан насандаа одоогийн Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвтэй амьдралаа холбосон нэгэн бүсгүй Салбар амбулатори-1-ийн ариутгагч Энхбаяр юм. Тэрбээр 1971 оны хаврын урь орсон үдэш Ховд аймгийн Дарви суманд Бүчээ гуайн тав дахь охин болон мэндэлжээ. Түүнийг таван настайд хотод шилжин суурьшсанаар 1979 онд ажилтны районы 41-р сургуульд элсэн оров. Багаасаа мэс заслын эмч болох хүсэлтэй байсан ч конкурсэд хэдэн оноо дутсанаар сувилагч болох замын эхлэл нь тавигдсан байна. Ингээд 1991 онд Сувилагчийн дунд сургуулийг дүүргэж, эрүүл мэндийн 10-р төвд вакцинатор сувилагчаар ажиллаж эхэлжээ. “Би 2010 он хүртэл вакцинатор сувилагч, 2017 он хүртэл чих, хамар хоолойн сувилагч, түүнээс хойш ариутгал дээр ажиллаж байна. Хамгийн удаан ажилласан чиглэл нь вакцины сувилагчийн он жилүүд байлаа. Нярай хүүхэд эмзэг, мэдрэмтгий учир ур чадвар их шаардана. Халдварт өвчин гардаг давтамжтай жилүүд олон байсан. Улаанбурхан, менингитийг аль насныхан илүү тусах магадлалтай байгаа прогнозыг тогтоогоод дархлаажуулах ажлыг гүйцэтгэж байлаа. Улаанбурхны вакциныг 1-5, 1-8 нас хүртэл, менингитийн вакцин 50 нас хүртэл хийгдэнэ гээд л сургуулийн вакцин 1,8 ангийн хүүхдүүдэд сүрьеэ, сахуу татрангийн вакциныг өрхийн сувилагч нартайгаа мөр зэрэгцээд хийдэг байсан. Би чинь 10-р төвөө  хоёр давхар цагаан байшин байхаас ажиллаж эхэлсэн. Тухайн үед асаалттай 10 танк гээд 10 сувилагч байснаас одоо Гэрлээ, Чимгээ, Санжаасүрэн, Баясаа, Янжинханд бид хэд л үлдлээ” хэмээн өгүүлэв.

Тэрбээр Энэрэл дээд сургуулийг дүүргэж бакалаврын диплом өвөртөлжээ.  Мөн сувилахуйн ахлах, тэргүүлэх зэргээ хамгаалсан байна. БЗД-ийн ЭМТ-ийнхөө сувилагч нараас хоёрдугаарт нь сувилахуйн тэргүүлэх зэргээ өвөртөлсөн нь хамт олныхоо түүчээ гэдгийг батлах мэт.

“Миний хувьд мэргэжилдээ үнэнч байх ёстой гэж боддог. Эм өгөх, тариа хийхэд  хүртэл нягт, нямбай, стандартаараа ажиллах хэрэгтэй. Хувцсыг буруу оёвол ханзлаад засч болно. Нэгэнт л хийчихсэн тариа, дутуу ариутгасан багажаар хүнд вирус халдаачихвал яагаад ч нэмэргүй шүү дээ. Ариутгал гэдэг арын фронтын хариуцлагатай ажил. Ямар нэгэн халдварт өвчтэй, В,С вирустай хүмүүс эмчлүүлэх эрхтэй. Цус, шүлс, хөлс, шээс гээд биологийн шингэн хүрсэн багажийг чин үнэнээр ариутгаж халдваргүйжүүлж, дараачийн хүнд эрсдэлгүй, аюулгүй, ариун багажаар үйлчүүлэх нөхцлийг бүрдүүлэхийн тулд хичээн ажиллаж байна. Өөрөөр хэлбэл ариутгал бол вирустэй бохир багажийг дараагийн хүнд халдвар дамжуулахгүйгээр цэвэр болгож, эмнэлгийн үйл ажиллагааг саадгүй, тогтвортой, хэвийн явуулах боломжоор хангах үүрэгтэй арын фронтын чухал ажлуудын нэг яахын аргагүй мөн” гэв.

Тэрбээр дугариг цагаан царайтай, өтгөн хар үстэй, алаг нүдтэй ээжийгээ дуурайсан нэгэн аж. Түүний аав нь багш, ээж нь үйлчин байв. “Би эхээс зургуулаа. 

Аав минь насаараа багш, хичээлийн эрхлэгч, захирал байсан хүн. Ажлыг ном журмаар нь хийх ёстойг зааж сургасан. Аливааг хийх таван дараалал байдаг бол нэгийг нь ч орхилгүй хийх ёстой гэдэг. Харин ээж минь ажлаа чин сэтгэлээсээ яарч сандралгүй, эргэж буцалгүй, чанартай хий гэж захидаг байсан. Энэ бүх сургаалийн ачаар цагийн юмыг цагт нь хийгээд сурчихсан. Хүмүүс намайг энэний гараас юм гарахгүй, налайгаад тайван гэдэг. Үүний нэг жишээ гэвэл би нэг хэсэг бага эмч хийж байлаа. Тухайн үед дарга “Энэ хэзээ надад бичиг баримт боловсруулж өгөх бол доо” гэж бодож байсан гэсэн. Тэгтэл аль хэдийн ажлыг нь амжуулчихсан байх жишээний. Чих, хамар хоолойн сувилагчаар ажиллаж байхад хяналтад байдаг, сонсгол муутай хүн “Та эмчээсээ илүү миний чихийг “гоё” болгож өгсөн. Танд баярлалаа” гэж хэлэх үед үнэхээр урам орж билээ. Эрүүл мэндийн салбарт ажиллаж, хүнийг эрүүл болоход эсвэл өвдөхөөс нь сэргийлэхэд туслах гэдэг тэр чигээрээ бахархал төрүүлдэг” хэмээн сэтгэлээ уудаллаа.

Мөн 2015 онд англи хэлний шалгалт өгч, тэнцсэнээр “Khaan Quest-2015” олон улсын эмч нарын үзлэгт явж, хээрийн сургалт, дадлагад амжилттай оролцож, байв. Энэхүү үйл ажиллагаанд Орос, Индонез, Тайвань зэрэг улсын эмч нар оролцсон байна. 

Би теннис тоглох дуртай энэ бүсгүй НЭМГ-ын өргөмжлөл, Алтан гарт сувилагч, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, ЭМЯ-ны жуухаар шагнагдаж байжээ. Баянзүрх дүүргийн иргэдэд 30 дахь жилдээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж буй энэ эрхэмд дүүргийнхээ иргэдийн өмнөөс талархал илэрхийлье.