Буцах

Хорголон нүдэт, “Хургачин” бүжигчин

ОВОГ НЭР:
Г.Оюунгэрэл
АЖЛЫН ГАЗАР:
БЗД-ийн ЭМТ-ийн Хүүхдийн эмнэлэг
ТОВЧ НАМТАР:
БОЛОВСРОЛ:
ГАВЬЯА ШАГНАЛ:

Цаст цагаан Сутай хайрханыхаа бэлд, цалгилан долгиолох  Ихэс нуурынхаа хөвөөн дээр дуулж, бүжин хүүхэд насаа өнгөрөөсөн бяцхан охин 1975 онд Говь-Алтай аймгийн Тонхил суманд ардын багш Готовын 7 дахь охин болон мэндэлжээ. Түүнийг Оюунгэрэл гэх бөгөөд багын л адтай сэргэлэн, авьяаслаг нэгэн байв. “Цэцэрлэгт  байхдаа Чимгээ багшийнхаа заасан “Хургачин” бүжгээ бүжиглэж аав минь цуу ямбуу гэх цагаан даавуун дотор хөвөн чихээд яг л амьд хурга шиг чихмэл хийж өгч хургаа тэврэн бүжиглэж Баясаа ах баяанаа дарж “дээсээ дээсээ бүүр дээсээ” гэж дуугаа д сумын соёлын төвийн тайзнаа дуулж бүжгэлдэг байлаа.. Мал төллөх үеэр би гэдэг хүн шилбүүртэйгээ “Хургачин” бүжгээ хийнгээ  “Ботго” дуугаа дуулаад малчдын гэрээр мал төллөлт дуустал пинерийн удирдагч Хайдав багшийнхаа гараас хөтлөн айлууд хэсээд дуулж бүжиглээд хөөрөөд явдаг байлаа. Манай сум эргэн тойрон усаар хүрээлэгдсэн учир өвөл мөсөн дээр гулгаж, зундаа өдөржин ширгэн дээр нугарч ,усанд шумбаж өнжинө” хэмээн дурсамжаа уудаллаа. Тэрбээр 1991 онд Говь-Алтай аймгийн Дарви сумын 8 жилийн сургууль,1993 онд Шарга сумын 10 жилийн сургууль,1997 онд Улаанбаатар хотын Анагаах ухааны коллежид суралцан сувилагч болжээ. Үүний дараа 2006 онд ЭМШУИС-ийн эмчилгээ сувилгааны арга зүйчийн анги, 2013 онд ЭМШУИС-НЭМС Нийгмийн эрүүл мэндийн ажилтны ангийг төгссөн байна

“10-р ангиа төгсөөд урлагийн сургуульд тэнцсэн боловч эгч минь урлагаар явахаар анагаахад ор гээд анагаахын хуваарь авахуулсан. Юугаа ч мэдэлгүй сувилагчийн мэргэжлийг сонгож байлаа. Эгч маань сумандаа эх баригч  эмчээр ажилладаг байсан. Түшиж тулах хүнтэй, зааж зөвлөх сумын ажилтнууд байсан учир хөл алдаагүй. 1997 оноос эхлээд Дарвисуманд ээлжийн сувилагч, ахлах сувилагч, эрүүл мэндийн нийгмийн ажилтанаар 2013 он хүртэл ажилласан. Суманд очоод удаагүй байтал нэг хүүхэд өнгөрчихсөн юм. Их айж, бас их уйлсан. Тэгээд жолооч Төмөр ах асрагч Балжинням эгчтэй хамт моорог руу зөөх үед жолооч ах “Миний хүү битгий айж, сандар. Энэ байтугай юм тохиолдоно. Нэгэнт л энэ мэргэжлийг сонгосон хойно даваад гарах хэрэгтэй. Үхсэн хүнээс битгий ай. Амьд хүнээс ай гэдэг үг бий. Айх хэрэггүй” гэж билээ. Өөр нэг тохиолдлоор шантарч байсан үе бий. Төгсөж очоод удаагүй байхад хөлдөөд өнгөрчихсөн хүнтэй ажиллах шаардлага гарлаа. Батанатомийнхон ирээд наад хүнээ ямар нэгэн байдлаар гэсгээж, судаснаас нь цус ав гэсэн. Сувилагч Пүрэв эгч асрагч Даваацэрэн эгч, нартайгаа нийлээд зууханд гал түллээ. Судасыг хатгахаар хөлдүү учир  шархийсэн чимээл гарахаас цус гарч ирэхгүй байлаа гэсгээх гээд гал түлэхээр тэр талаасаа борлоод болох гээд байдаг. Тийм үед шантрах мэдрэмж илүүтэй төрсөн. Харин эсрэгээрээ мэргэжлээрээ бахархах мэдрэмжийг олон удаа авч байлаа. Ажлын гараагаа эхлээд удаагүй байхад  Дами гэдэг хүний эхнэр нь төрж үлгэрт гардаг шиг алтан шаргал үстэй хүүхэд эх барьж авахдаа өөрөө ээж болсон юм шиг баярлаж цонхны нар дагуулан байн байн үсийг нь барьж үзэж өхөөрдөж билээ.2013 онд охинтойгоо хот руу Өвөрхангайн замаар газраар явж байтал “Хүүхэд минь амьсгалгүй болчихлоо, ухаан алдчихлаа. Эмнэлгийн хүн байна уу” гэх айж сандарсан эмэгтэйн дуу хадлаа. Гүйгээд очтол 8 орчим насны охин ухаангүй хэвтэж байсан. Би ч шуурхайлан сэхээн амьдруулалт хийж, амийг нь аварсан. Тэр үед энэ мэргэжлийг сонгоогүй бол энэ хөөрхөн охины амийг хэн ч аврахгүй байлаа гэж бодож баярлаж, бахадсан. Мэргэжилдээ эзэн болж, онолоос илүүтэй дадлагад тулгуурлаж, өөрийгөө сурч боловсруулахыг үргэлж хичээж хамт ажиллаж байгаа хүмүүстээ зааж сургахыг илүүд үздэг гэв.

Тэрбээр Солонгос улсад жил гаруйн хугацаанд ажиллаж байгаад эх орондоо эргэн ирэв. СБД-ийн ЭМТ-ийн сонгон шалгаруулалтад орж, нийгмийн эрүүл мэндийн ажилтанаар ажиллахаар болж байтал БЗД-ийн ЭМТ-өөс Хүүхдийн эмнэлэгт ажиллах санал иржээ. “Бүх зүйлийг шинээр эхлэх сайхан шүү дээ. Манай хүүхдийн эмнэлгийн хамт олон хөдөлмөрч, эвсэг, эерэг, хүнийг гэсэн сэтгэлтэй хүмүүс байдаг. Захирах, захирагдах ёс, хүнийг дээдлэх хүндлэх тал дээр соёлтой хүмүүжилтэй, сахилга баттай, өөлөх юмгүй сайхан хамт олон бий.

Түүний аав Готовыг нутгийнхан нь “Сэргэлэн цэнхэр” хэмээн авгайлна. Харин ижии нь ажилч хичээнгүй, нямбай хүн байсныг тэрбээр дурслаа. “Манайх ах, дүү есүүлээ.  Аав, ээж, эгч нарынхаа сургаалиар шударга, илэн далангүй, тусч нэгэн болж хүмүүжсэн. Аль болох хүнд тусалъя, дэм болъё, гомдоочихгүй юмсан гэж үргэлж боддог.  Ээж минь өнгөрснөөс хойш  Айнаа эгчийнхээ гар дээр хүн болсон.  Эгч нарынхаа ачаар мөр бүтэн явна даа. Харин одоо бол гэрийн сайн эзэгтэй,хоёр хүүхдийн ээж болсон.Сумын наадмаар нүд хөмсөг болсон бор залуу сугалаа авч өгсөн нь хань Эрдэнэсайхан нь байжээ. Хоёр хүүхэд, ханьдаа бүхнээ  зориулдаг” хэмээв.

Оюунгэрэл орос, германы адал явдалтай, байлдаантай кино үзэх дуртайн дээр  гитар даран дуулах дуртай ажээ. Улсдаа 23 дахь жилдаа ажиллаж буй энэ бүсгүйд ЭМЯ-ны жуух, Тэргүүний залуу,Энэрэнгүй үйлстэн, Алтан гарт, Шилдэг сувилагч,НЭМ-ийн шилдэг мэргэжилтэн, ЭМС-ийн аврага мэргэжилтэн байгууллагын аврага тэргүүтэй олон шагналыг хамт олон, төр засгаас нь өгч байжээ.

Ковид-19 цар тахлын энэ үед тэрбээр шинжилгээний цэгээс эхлээд дархлаажуулалтын цэг хүртэлх бүх шатыг дамжин иргэдийн эрүүл мэндийн төлөө хөдөлмөрлөсөөр байгааг дуулгахад таатай байна.